ЛИВЕРПҮҮЛИЙН ТҮҮХ

Nov 8, 2011

...ЧИ ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА АЛХАХГҮЙ...
 Түүхийн Эхлэл
Ливерпүүл клуб нь Евертон клуб болон Энфилдийн эзэн Жон Холдинг нарын хоорондын зөрчилдөөний дараагаар үүсгэн байгуулагджээ. Уг цэнгэлдэхэд 8 жил тоглосны дараа 1892 онд Евертон Гүүдисон Парк руу шилжсэн. Улмаар Холдинг Ливерпүүл клубийг Энфилдэд тоглуулахаар үүсгэн байгуулжээ. Тухайн үед албан ёсны нэрийг “Everton F.C. ба Athletic Grounds Ltd” гэдэг байсан ч Хөлбөмбөгийн холбоо нь Эвертонтой давхцаж байна хэмээн тухайн нэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс 1892 оны 6-р сард Ливерпүүл FC хэмээн нэрээ сольсон. Тэд дебют улиралдаа шууд Ланкашайр лигт түрүүлсэнээр 1893-94 оны улиралд Хөлбөмбөгийн Лигийн 2-р дивизионд дэвшжээ. Улмаар өгсөж явсаар 1901, 1906 онуудад Лигийн 1-р дивизионы аварга цолыг хүртсэн түүхтэй.  
     


Ливерпүүл 1914 онд анх удаагаа FA цомын финалд шалгарсан ч Барнли клубт 1-0-ээр ялагджээ. Улмаар 1922-1923 онд Чампионшип (доод лиг) лигт дараалан түрүүлсэн. Гэхдээ 1946-47 оны улирлыг хүртэл ямар нэгэн цом хүртсэнгүй. Энэхүү хар цуврал 5 дахь удаагаа 1-р дивизионд түрүүлснээр дуусгавар болжээ. 1950 онд хүнд хэцүү тоглолт хийсээр 2 дахь удаагаа цомын шигшээд шалгарсан ч Арсеналд дахиад л ялагджээ. 4 жилийн дараа 1954 онд доод лиг рүү унасан.
Билл Шанкли Ба Түүний Залгамжлагчид
Орон гаран амжилт үзүүлж явсаар 1958-59 оны Холбооны цомын тэмцээнд Уорчестер Сити (тухайн үеийн сонирхогчдын баг) –д хожигдсоны дараагаар Билл Шанклиг дасгалжуулагчаар томилжээ. Тэрээр клубт ирснээрээ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал Энфилд дэхь энгийн хувцас сольдог өрөөг дасгалжуулагчдын багийн стратеги, тактикаа боловсруулдаг өрөө болгосон бөгөөд “Хувцас солих өрөө”-ний гишүүдээр Шанкли болон Жое Фаган, Рюбен Беннет, Боб Пэсли нар ажиллаж эхэлсэн. Мөн үндсэн багт шинээр 24 тоглогчийг гаргаж ирсэн.

Улмаар 1962 онд 1-р дивизионд дэвшин, ердөө 2 жилийн дараа 1964 онд түрүүлжээ. Энэ нь тэдний 17 жил хүлээсэн түрүү байлаа. 1965 онд холбооны цомыг анх удаагаа хүртсэн бөгөөд 1966 онд Английн тэргүүн лигтээ ахин аваргаллаа. Тэд улам бүр сайжирсаар 1972-73 оны улиралд Лигийн аврага болон UEFA-ийн цомыг давхар хүртлээ. Мөн дараа улиралд нь FA цомыг авснаар алдарт дасгалжуулагч Шанкли зодог тайлахаа мэдэгдсэн юм. Тиймээс туслах дасгалжуулагч Боб Пэсли тушаал дэвшлээ. 1976 онд Пэслигийн удирдсан 2 дахь улиралд баг нь UEFA-ын цом болон Лигт түрүүлснээр дахиад л давхар цохилт хийлээ. Дараагийн улиралд нь Лигийн авраг болон UEFA цомын түрүүгээ дахин хадгалж үлдсэн ч 1977 оны FA цомын финалд дийлджээ. Ливерпүүл клуб 1978 онд Европын цомыг мөн л хүртсэн бөгөөд 1979 онд Лигийн аврага цолыг эргүүлэн авсан юм. Алдарт менежер Песлигийн удирдсан 9 жилд Ливерпүүл нийт 21 цомыг хүрсэн юм. Тухайлбал UEFA, Европын цомыг 3 удаа, Лигийн аврагыг 6 удаа хүртсэний 3-ийг нь дараалан авсан... гэх мэт гайхамшигтай амжилтуудыг үзүүлжээ.
1983 онд Песли зодог тайлсан бөгөөд түүний туслах Жое Фаган ерөнхий менежерээр томилогдсон юм. Ливерпүүлийг Фаганы удирдлага дахь анхны улиралдаа гэхэд л Лигийн аврага, Лигийн цом, Европын цомыг хүртэн гайхамшгийг үзүүлсээр байлаа. Энэхүү хет-трик нь Английн багуудын хувьд анхдагч амжилт болсон юм.
Амжилт ба Золгүй Явдлууд
Ливерпүүл 1985 онд дахиад л Европын цомын финалд хүрсэн бөгөөд Heysel цэнгэлдэх хүрээлэнд Ювентустэй тулалдахаар боллоо. Гэвч тоглолт эхлэхээс өмнө Ливерпүүлийн фенүүд цэнгэлдэх дахь үзэгчдийн суудлыг тусгаарласан ханыг нураан эвдэлсэн юм. Учир шалтгаан нь цэнгэлдэхийн даац хэтэрсний улмаас хана нуран 39 үзэгчийн амийг авч одсон юм. Тэдний ихэнхи нь Италиас ирсэн хөгжөөн дэмжигчид байжээ. Энэхүү үйл явдлыг хүмүүс “Heysel цэнгэлдэхэд болсон гамшиг” хэмээн нэрлэдэг. Гэхдээ тоглолт маш эвгүй уур амьсгалд явагдсан ба Ливерпүүл Ювентуст 1-0-ээр хожигджээ. Үйл явдлын дараагаар Английн клубуудыг 5 жилийн турш Европын уралдаан, тэмцээнд оролцохыг хориглосон юм. Харин  Ливерпүүлийг 10 жил оролцохыг хориглосон ч хожим нь 6 жил болгон цөөрүүлсэнээр маш хүнд шийтгэлээр “Улаануудыг” нутгийн багуудтай нь шийтгэжээ.
Ослын дараагаар Фаган шууд л ажлаа өгчээ. Ингэснээр хожим “Хаан” хэмээн алдаршсан Кенни Далглиш “тоглогч-дасгалжуулагч”-ийн албанд томилогджээ. Тэрээр “хаан” суудалд сууснаар баг нь Лигийн аврагаар 3, FA цомыг 2 удаа хүртсэнээс 1985-86 оны улиралд “давхар цохилт” хийжээ. Гэвч Ливерпүүлийн амжилтыг харлуулсан дахин нэг хэрэг болсон нь “Хиллсборогийн гамшиг” хэмээх осол байлаа. 1985 оны 4-р сарын 15-нд FA цомын хагас шигшээд Ноттингем Форесттэй тоглох үед зуу зуун Ливерпүүлийн фэнүүд нурсан хананд дарагдан осолджээ. Тэр өдөртөө 94 фэн амиа алдсан бөгөөд 95 дахь нь ослоос 4 хоногийн дараа эмнэлэгт, 96 дахь нь 4 жилийн дараа нас барсан юм. Хиллсборогийн ослын дараагаар тэнд Засгийн газраас үзлэг шалгалт хийжээ. Улмаар “Тэйлорын тэмдэглэл”-ийн дүгнэлтээр топ дивизионы бүх багуудын цэнгэлдэхийг чулуугаар шаллах хэрэгтэй гэжээ. Ийнхүү дүрмэнд бүх багийн стадионуудын хана, суудлын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан бөгөөд суудлын тоо хэтэрсэн тохиолдолд цагдаагийн газраас торгууль ногдуулахаар болжээ.
1989-1990 оны улиралд Лиг дуусах хүртэл  Арсенал болон Ливерпүүл клубууд адил оноотой, гоолын зөрүү ч ижил болсон байлаа. Гэвч улирлын хамгийн эцсийн минутанд Арсенал гоол хийснээр Ливерпүүл лигт харамсалтай байдлаар дийлдсэн юм.
Шинэ Зуун
Далглиш Хиллсборогийн ослын дараагаар их цочиролд орсон бөгөөд халагдах өргөдөлөө өгсөн юм. Улмаар хуучин тоглогч байсан Грэйм Сунесс дасгалжуулагч болжээ. 1992 оны FA цомын финалд шалгарсан нь Сунессын цорын ганц амжилт нь байсан ба Рой Эвансыг түүний оронд томилжээ. Эванс менежерийн хувьд үзүүлсэн ганц том амжилт нь Ливерпүүл 1995 оны Хөлбөмбөгийн Лигийн цомыг хүртсэн явдал л байлаа. Английн алдарт баг маань томоохон амжилтыг үзүүлж чадахгүй явсаар Жерар Уллег 1998 оны 11-р сард Эвансын оронд менежерээр томиллоо. 2001 онд Улле 2 дахь бүтэн улиралдаа Ливерпүүлийн хамт “Трибль” хийжээ. Энэ нь нэг улиралд FA цом, Лигийн цом, UEFA цомыг хүртсэн амжилт байлаа. 2001-02 оны улиралд Улле зүрхний хагалгаанд орсон бөгөөд Ливерпүүл лигтээ Арсеналын ард 2-р байранд орсон байна.
Уллег 2003-04 оны улирлын төгсгөлд Рафаел Бенитезээр сольжээ. 2004-05 онд Бенитез эхний улиралдаа Лигийн 5-р байранд орсон ч Аваргуудын лигийн шигшээд АС Миланыг буулган авч Ливерпүүл клуб Европын Аврага цолыг 5 дахь удаагаа хүртсэн юм. Энэхүү тоглолт хөлбөмбөгийн түүхэнд “гайхамшигтай финал” нэрээр алдбаршсан юм. Тоглолтын эхний хагасын байдлаар Италийн алдарт Милан клуб 3-0 –ийн харьцаатайг хошуучилж байлаа. Гэвч 2 дугаар үе эхэлснээр Ливерпүүлийн 25 настай залуу ахлагч Стивен Жеррард 1 гоол хийн багаа сэргээсэн юм. Улмаар Хави Алонсо болон Бенитезийн сэлгээгээр оруулсэн Шмицер нар гоол хийснээр 3-3 харьцаатай болон тэнцэж пеналти цохин 3-2-ийн харьцаатайгаар хожжээ. Дараагийн улиралд Ливерпүүл Английн Премьер Лигт 3-р байранд орсон бөгөөд 2006 оны FA цомын финалд Вэстхэмтэй мөн 3-3-аар тэнцэн пеналти цохилтоор буулган авчээ. Харин 2006-07 оны улиралд Америкийн бизнесмэнүүд болох Жеорж Гиллет, Том Хикс нар Ливерпүүлийн эзэд болсон бөгөөд 218,9 сая паундын өрийг төлөн барагдуулжээ. 2007 оны Аваргуудын лигийн шигшээд дахин Милантай таарсан ч энэ удаа 2-1-ээр ялагдах учиртай байж. Харин тэд өөрсдийн багийн түүхэнд Премьер лигийн хамгийн өндөр 86 оноог 2008-09 онд цуглуулсан ч Манчестер Юнайтедийн ард 2-р байранд орсон байна.
2009-2010 онд домогт “улаанууд” маань хар дарсан зүүд мэт улирлыг өндөрлүүлсэн. Тэр жилд лигтээ 7-р байранд орон Аваргуудын лигийн эрхгүй хоцорсноор Рафаел Бенитезийг халан оронд нь Фулхэмийн менежер Рой Хожсоныг сонголоо. 2010-11 оны улирал эхлэхэд маш их хэмжээний өрөө төлж чадахаа байсан Ливерпүүлийн эзэд Америк бизнессменүүд дампуурлаа  зарласан. Ийнхүү клубыг Бостон Ред Сокс багийн эзэмшигч Жон Хэнри үнэ цохин худалдан авчээ. Мөн улирлыг тааруухан эхлүүлсэн Рой Хожсоныг халан шинэ менежерийг томиллоо.
Тэрхүү шинэхэн менежер нь “Хаан Кенни” буюу Кенни Далглиш байсан юм. Өдгөө Хаан ширээндээ дахин заларсан Кенни төрөлх багаа “зиндаанд” нь эргүүлэн аваачихаар Стевен Жеррард, Жимми Карраггер нараар толгойлуулан Луис Суарез, Энди Кэррол, Раул Мейрелеш, Стьюарт Доунинг, Дирк Куйт, Чарли Адам нарын залуустай ажиллаж байна.      

Амжилт

Хөлбөмбөгийн Лигийн 1-р Дивизион (Ангдлийн хөлбөмбөгийн АШТ): 18, Хоердугаар дивизион: 4, Ланкашайр Лиг: 1, FA Холбооны Цом 7, Лигийн Цом: 7, Community Shield 15, Супер Цом: 1 удаа

Европт: Европын цом / Аваргуудын лиг 5, UEFA Цом 3, UEFA Супер Цом 3 удаа

0 Санал хүсэлт: