ДАШТ-ий түүх #10 Түгээмэл хөлбөмбөгийн эхлэл буюу немцүүдийн хоёр дахь түрүү

Nov 1, 2011

Rating: 9.6/10 (5 votes cast)
“ХБНГУ-74” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1974 оны зургадугаар сарын 13-наас долдугаар сарын 7
Оролцсон баг: 16 (Европоос 10, Өмнөд Америкаас дөрөв, Хойд Америк, Африк, Далайн орнуудаас тус бүр нэг)
Тоглолт: 38
Гоол: 97 (дунджаар 2.55)
Үзэгч: 1.851.395

11 метрийн цохилт: 8 (үүнээс зургааг нь амжилттай гүйцэтгэсэн)
Автогоол: 3
Улаан хуудас: 5
Хот: 9 (Баруун Берлин, Гамбург, Франкфурт, Дортмунд, Гельзинкирхен, Ханновер, Дюссельдорф, Мюнхен, Штутгарт)
Цэнгэлдэх хүрээлэн: 9 (“Олимпштадион” (Баруун Берлин), “Вальдштадион”, “Олимпштадион” (Мюнхен), “Фолькспаркштадион”, “Вестфалленштадион”, “Паркштадион”, “Нидерсахштадион”, “Райнштадион”, “Неккерштадион”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 9:0
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 9:0
Хамгийн их үзэгчтэй тоглолт: 83.168
Мэргэн бууч: Гжегош Лято (Польш) – 7 бөмбөг
Сонирхолтой баримтууд
*ХБНГУ-ын довтлогч Герд Мюллер энэ тэмцээнд дөрвөн бөмбөг хийснээр Францын Жюст Фонтэйны 13 гоол оруулсан амжилтыг нэгээр ахиулав. 2006 онд Бразилийн Роналдо 15 дахь бөмбөгөө оруулах хүртэл тэрбээр ДАШТ-ий бүх цагийн үеийн мэргэн бууч хэмээх алдрыг эзэмшсэн юм.
*Анх удаа сэргээшийн шинжилгээ явуулсан бөгөөд Гаитигийн шигшээ багийн довтлогч Жан-Жозефшалгалтад унаж, тэмцээнээс хөөгджээ.
*“World Cup-74”-т дунд болон их шөвгийн тоглолтууд явагдсангүй. Өөрөөр хэлбэл шөвгөрсөн найман багийг ахин хоёр хэсэгт хувааж, группдээ тэргүүн байр эзэлсэн хоёр нь аваргын төлөө, удаалсан хоёр нь хүрэл медалийн төлөө өрсөлджээ.
*Югослав-Заирийн тоглолтын 68 дахь минутад Африкийн багийн дасгалжуулагч хаалгач Муампа Казадигаа сэлгэсэн нь ДАШТ-ий түүхэнд гэмтлийн бус шалтгааны улмаас хаалгачаа суулгасан анхны тохиолдол болов. Заирчууд энэ мөчийг хүртэл өрсөлдөгчдөө 0:3-аар хожигдож явсан тул түүнд ийм шийдвэр гаргахаас өөр арга байсангүй. Гэвч түүний оронд гарч ирсэн нөөц хаалгач Димби Тубиланди нэмж зургаан бөмбөг алдан 0:9-өөр хожигдсон байна.
*Польшийн хаалгач Томашевски хоёрдугаар шатны Швед, Баруун Германтай хийсэн тоглолтод тус бүр нэжгээд пенальти хааж, багтаа хүрэл медалийн төлөө тоглох эрхийг авчирчээ.
*Тус ДАШТ-ийг цэнхэр дэлгэцээр 100 гаруй орны тэрбум шахам хүн үзсэн нь дээд амжилт болжээ.
*“ХБНГУ-74”-ийг сурвалжлахаар таван мянга гаруй сэтгүүлч ирсэн нь бас нэгэн рекорд амжилт. Өөрөөр хэлбэл нэг хөлбөмбөгчинд 12 сэтгүүлч ногдож байв.
*Зохион байгуулагчид тус тэмцээнээс 31 сая ам.долларын орлого олсон байна.
Шилдэг довтлогч Гжегош Лято (Польш)
70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр Польшийн шигшээ баг дэлхийн шилд¬гүүдтэй ач тач үзэл­цэх түвшинд хүрсэн нь алдарт З.Бонек, Зар¬мач, Г.Лято нарын гавьяа. Тэдний нэг болох Гжегош Лято 1950 оны дөрөвдүгээр сарын 8-нд Мальборк хотод төржээ. Тэрбээр 1971 онд Польшийн шигшээ багт анхны тоглолтоо хийсэн байна. Польшийн хөлбөмбөгчид Мюнхений олимпоос алт, Монреалийн олимпоос мөнгө, 1974, 1982 оны ДАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртэхэд Гжегош голлох үүргийг гүйцэтгэсэн (104 тоглолтод 45 гоол оруулжээ) юм.
Түүнээс гадна Лято 1973, 1976 оны Польшийн аварга болж, 1973, 1975 онд улсынхаа АШТ-ий шилдэг довтлогчийн алдрыг хүртэж, 1977, 1981 оны Польшийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байлаа.
Польшууд 1974 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Бразилтай тоглон 1:0-ээр хожиход халзан толгойт довтлогч шийдвэрлэх бөмбөгийг оруул­сан агаад тэрхүү гоол нь түүнд ДАШТ-ий шилдэг довтлогчийн хэргэмийг хайрлажээ. Тэрбээр 1991 онд зодог тайлаад эх орондоо болон АНУ-ын MLS лигт дасгалжуулагчийн ажил эрхэлж бай­лаа. Мөн 2001-05 оны хооронд Г.Лято Польшийн парламентад сонгогдон ажиллаж байв.
1972 онд Зуны олимпийн XVII наадмыг хийж, мөн онд хөл­бөм­бөгчид нь Европын аварга болсон ХБНГУ арав дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах “сунгаа”-нд түрүүлжээ. Хоёр жилийн өмнө Мюнхений олимпийн үеэр тер­рористууд Израилийн тамирчид руу халдсан аймшигт хэрэг нам­жаагүй байсан тул “World Cup-74” аюулгүй байдлын асуудал дээр онцгой анхаарч, тоглолт бүрт цэнгэлдэхийн эргэн той­рон 600-1000 орчим цагдаа ажиллаж байлаа.
Тэмцээний “А” хэсэгт зохион байгуулагч ХБНГУ, тэдний социалист хөрш БНАГУ, сонгон шалгаруулалтад Зөвлөлтийн хүч­тэй багийг ялж гарч ирсэн (үнэндээ ЗХУ улс төрийн шалтгаанаар Баруун Германыг зорихоос татгалзаж, Сантьяго руу яваагүй аж) Чили, Ази бо¬лон Далайн орнуудын бүсээс шал­гар­сан Австрали оноолт таа­¬ран Баруун, Зүүн Германы баг дараагийн шатанд төвөг­гүй­хэн шалгарчээ. Хоёр сис­темийн ялгааг харуулах “ёс­той” хоорондын шийдвэр­лэх тоглолтод Юрген Шпар­вас­серийн оруулсан гоолын ачаар талбайн эзэд хожжээ.
“В” хэсгээс Бразил, Югос­лав, Шотланд адилхан дөрвөн оноотой гарч, бөмбөгний зөрүүгээр дэлхийн аваргууд Югос­лавын хамтаар шөвгөрчээ. Дэл­хийн цомын тэмцээний утааг анх удаа үнэрлэж буй Заирийн хөлбөмбөгчид 14 бөмбөг алдан, өрсөлдөгчийнхөө хаалганд ган­-цыг ч хийж чадсангүй. Югос­¬лав­чууд тэднийг 9:0-ээр бут­нир­гэсэн нь энэ ДАШТ-ий хамгийн олон гоол орсон тоглолт болсон юм. Дөрвөн жилийн өмнө бүх өр­сөлдөгчөө хожин аваргалж бай­сан бразилчууд цоо ши¬нэ баг илгээсэн нь зүдрэх шалтгаан болжээ. Хууччуулаас Ри­вел­лино, Жаирзиньо нар л шигшээд багтаж, Загалло тус­лах дасгалжуулагчийн хувиар Германд ирсэн байна.
Олонхийн таамаглаж бай­санчланаар “С” хэсгийг гол­ландчууд итгэл төгс тэргүүлж, тэргүүн байрын төлөө өрсөлдөх багуудын нэг гэдгээ баталлаа. Домогт Ринус Михелсийн удирд­сан, Йоханн Круифф ахлагчтай улбар шарууд тухайн үедээ Ев­ропын дэвжээнд босоо бай­сан “Аякс”-ын тоглогчдоор шиг­шээгийнхээ цөмийг бүрдүүлж, өрсөл­дөгчдөө бөмбөг эзэмших боломжийг үл олгож байлаа. Голландчуудын эл шинэ такти­кийг түгээмэл хөлбөмбөг гэж нэрлэдэг бөлгөө. Тэдэнтэй шве­дүүд л арайхийн оноо хувааж чадсан бөгөөд скандинавчууд хэсгийн сүүлчийн тоглолтод дэлхйин хошой аварга Уругвайг 3:0-ээр хожин хэсгээсээ хоёроор шалгарав.
Харин “D” хэсэгт Бонек, Зармач, Лято тэргүүтэй Польшийн хөлбөмбөгчид цахиур хагалав. Хоёр жилийн өмнө Мюнхений олимпод аваргалж байсан польшуудын хувьд Итали, Ар­ген­тинийг хожсон нь тийм ч гайхмаар хэрэг биш байлаа. Сорилго тэмцээнд од нь гийж, 1142 минутын турш хаалгаа “хуурай” манасан “Скуадра Аззура”-гийн хаалгач Дино Зоффын цуврал Гаититай хийсэн эхний тоглолтод л тасарсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод Польшид 1:2-оор дийлдсэн байна. Нийт тоглогчдын талаас илүү шахам хувь нь урт үстэй Аргентиний шигшээ сүүлийн тойрогт Гаитиг 4:1-ээр хожин, хэсгээсээ хоёроор гарсан аж.
Энэ тэмцээний онцлог нь 1/4, 1/2 шигшээгийн тоглолтууд гэж болсонгүй. Хоёрдугаар шатанд шалгарсан найман багийг ахин хоёр группт хуваан хэсэгтээ тэргүүн байр эзэл­сэн хоёр нь аваргын төлөө, удаалсан хоёр нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх сис­те¬мийг ашигласан байна. Суга­лаагаар “А” хэсэгт Бразил, БНАГУ, Аргентин, Голланд, “В” хэсэгт ХБНГУ, Югослав, Швед, Польш хуваарилагджээ.
Түгээмэл хөлбөмбөг тоглож, өрсөлдөгчдөө гайхашруулж бай­сан Голланд, дэлхийн авар¬га бразилчууд эхний хоёр тог­лолтдоо Аргентин, Ардчилсан Германыг тус бүр буулган авч, хэсгийн аваргын төлөө шийдвэрлэх тоглолтыг хийв. Уг тулаанд улбар шарууд Нескенс, Круифф нарын гоолын ачаар 2:0-ээр хожиж, алтан медалийн төлөө өрсөлдөх болзлоо хан­гажээ. Уг тоглолтын төгсгөлд Бразилийн хамгаалагч Луис Перейра улаан хуудас авсан нь эцсийн үр дүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөө хэсэгт талбайн эзэн Баруун Герман, Польшийн хооронд гол өрсөлдөөн өрнөж, хоорондын тоглолтод 1:0-ээр давамгайлсан ХБНГУ аваргын төлөө өрсөлдөхөөр болов. “Мексик-70”-ын мэргэн бууч Герд Мюллер цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан энэхүү шийд¬вэрлэх тулааны хожлын бөм­бөгийг оруулсан юм. Ийнхүү польшууд довтлогч Гжегош Лято, хаалгач Томашевски (тэр­бээр Швед, ХБНГУ-тай хийсэн тоглолтод тус бүр нэжгээд пенальти хаасан) нарынхаа ачаар анх удаагаа ДАШТ-ий хүрэл мeдалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.  Гуравдугаар байрын төлөө тоглолтод тэд Бразилийг 1:0-ээр буулган авсан юм. Цорын ганц бөмбөгийг Гжегош Лято оруулсан бөгөөд энэхүү гоол нь түүнд “World Cup-74”-ийн мэргэн буучийн алдрыг авчир­сан юм. Ийнхүү польшууд Англи (сорилго тэмцээнд), Ар­гентин, Итали, Бразилийн хүч­тэй багуудыг буулган авч, нэр төр­тэйгээр Дэлхийн цомын тэм­цээний хүрэл медалийг хүртжээ.
1974 оны долдугаар сарын 7-нд Бавари мужийн Мюнхен хотын “Олимпштадион”-д шиг­шээ тоглолт бол­лоо. Голландчууд уламжлал ёсоор өрсөл­дөгчөө бөмбөгөнд хүр­гэл­гүй санаачилагыг аван довтол¬соор дөнгөж хоёр дахь минутад л торгуулийн цохилтоор гоол хийв. Гэвч ажлаа төгс хийдэг, хэзээ ч, ямар ч үед сэтгэл санаагаар унадаггүй германчууд нэгдүгээр үеийн дундуур тоог тэнцүүлж, улмаар эхний хагас дуусахаас хоёр минутын өмнө хоёр дахь бөмбөгөө хийжээ. Үлдсэн хугацаанд тооны харьцаа өөрчлөгдөөгүй бөгөөд гер­манчууд ийн хорин жилийн дараа хоёр дахь түрүүгээ авчээ.
Хожлын бөмбөгийг хийсэн “Гоолын машин” Герд Мюллер хожим дуртгалдаа “Бонхофоос дамжуулалт хүлээн аваад урагшилмагц Голландын хоёр ч хамгаалагч асар хурдтайгаар ойр­тож байгаа нь ажиглагдсан. Тийм тохиолдолд дамжуулалт өгөх нь утгагүй байсан тул гэ-нэт­хэн тормозлож, зүүн хөлөөр өшиглөхөөс өөр арга үлдээгүй. Нэг харахад бөмбөг хаалганд орж, манайхан баярлалдан гүйл¬дэж байлаа” гэж өгүүлсэн байдаг.

0 Санал хүсэлт: