ДАШТ-ий түүх #11 Долоо дахь оролдлогоороо

Nov 1, 2011

“Аргентин-78” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1978 оны зургадугаар сарын 1-25
Оролцсон баг: 16 (Европоос 10, Өмнөд Америкаас гурав, Хойд Америк, Ази, Африкаас тус бүр нэг)
Тоглолт: 38
Гоол: 103 (дунджаар 2.71)
Автогоол: 3

11 м-ийн цохилт: 14 (үүнээс 12-ыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 5 (Буэнос-Айрес, Кордоба, Мар-дель-Плата, Мендоса, Росарио)
Цэнгэлдэх хүрээлэн: 6 (“Эстадио Хосе Амальфитани”, “Ривер Плейт”, “Эстадио де Мендоса”, “Мар-дель-Плата”, “Кордоба”, “Росарио”)
Үзэгч: 1.546.151
Хамгийн олон үзэгчтэй тоглолт: 71712
Хамгийн олон гоол орсон тоглолт: 6:0 (хоёр удаа), 5:1
Өрсөлдөгчөө олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 6:0 (хоёр удаа)
Алтан шаахай шагнал: Марио Кемпес (Аргентин) – 6 бөмбөг
Шилдэг залуу тоглогч: Антонио Кабрини (Итали)
FIFA Fair Play: Аргентиний шигшээ баг
Сонирхолтой баримтууд
-Аргентиний шигшээ долоо дахь оролдлого (1938, 1950, 1954, 1970 оны ДАШТ-д оролцоогүй)-оороо санасандаа хүрч, дэлхийн аварга цолыг хүртсэн зургаа дахь багаар тодорчээ. ДАШТ нийтдээ 11 удаа зохиогдоход тавд нь талбайн эзэн баг түрүүлэв.
-Франц-Унгарын багууд талбайд ижилхэн өнгийн хувцастай гарч ирсэн бөгөөд тэдэнд өөр өнгийн өмсгөл байгаагүй учир зохион байгуулагчид францчуудад “Атлетико Кимбейра” багийн форм олж өгснөөр тоглолт эхэлжээ.
-Улбар шаруудын довтлогч Роб Ренсенбринк ДАШТ-ий 1000 дахь гоолыг оруулсан юм. Голланд-Шотландын тоглолтын 34 дэх минутад тэрбээр торгуу¬лийн цохилтоор салхийг хагалсан ч “ХБНГУ-74”-ийн дэд аваргууд эцсийн дүндээ 2:3-аар хожигдсон байна.
-Голландын хамгаалагч Эрни Брандтс Италитай хийсэн тоглолтод хүний, өөрийн хаалганд тус бүр нэг бөмбөг хийжээ. ДАШТ-ий түүхэнд өнөө хэр ахиж ийм тохиолдол гараагүй л байна.
-Тунисын хаалгач Хемайес Лаабиди Мексиктэй хийсэн тоглолтод талбайд ердөө хоёрхон минутыг өнгөрүүлж, нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн болжээ. Ацтекууд хожих нь ойлгомжтой (3:1) болсон тус тоглолтын 88 дахь минутад дасгалжуулагч нь түүнийг сэлгээгээр гаргасан аж. Түүний эл ховорхон рекордыг 1986 оны ДАШТ-д Аргентиний Марсело Троббьяни давтсан юм. Сонирхуулахад Лаабади “World Cup-2002”-д Тунисын шигшээг дасгалжуулан оролцож байв.
-Аргентин-Италийн тоглолтын дөнгөж зургаа дахь минутад дасгалжуулагч Энцо Беарзот зүүн жигүүрийн хамгаалагч Марио Беллужиг Антонелло Куккуредугаар сольжээ. Учир нь Беллужи Аргентиний довтлогч Кемпесийг хамгаалж чадахгүй хэд хэдэн удаа алдаа гаргасан аж.
-Зохион байгуулагч Аргентиний баг тоглогчдынхоо хувийн дугаарыг олгохдоо испани цагаан толгойн үсгийн дарааллын дагуу өгчээ. Үүний үр дүнд “1” дугаарыг довтлогч Норберто Алонсо авч, хаалгач Убальдо Фильоль “5” дугаарыг зүүжээ.
-Шотландын Жонстон сэргээшийн улмаас тэмцээнээс хөөгдсөн анхны тоглогч болжээ. Перутай хийсэн тоглолтын дараагаар түүнээс сорьц авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм.
-Перугийн хаалгач Рамон Кирога Польштой тоглоход эсрэг багийн бүсэд (!) Лятогийн эсрэг бүдүүлэг тоглож, шар хуудас авсан байна.
-Алт, мөнгө, хүрэл медаль авсан Аргентин, Голланд, Бразилийн багууд бүгд эхний шатанд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан багууд ажээ.
Шилдэг довтлогч Марио Кемпес (Аргентин)
Марио Альберто Кемпес 1954 оны долдугаар сарын 15-нд Кордо¬бад төржээ. “El Matador” хочит тэр­бээр 1971 онд төрөлх хотынхоо “Институто” багаас гараагаа эхэлсэн ба тэнд таван улирал тоглохдоо 86 гоол оруулж, улмаар “Росарио Сеньтраль” багтай мэргэжлийн хөлбөм­бөгчний гэрээ байгуулжээ. Тэрбээр Ар­гентиний шигшээ багт анхны тог­лолтоо 1973 онд Боливийн эсрэг хийж, 20-хан настайдаа “World Cup-74”-д оролцжээ. Харамсалтай нь тэнд өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чад­сангүй. Харин дөрвөн жилийн дараа зохиогдоход “Эль Матадор”-т дутуугаа гүйцээх сайхан боломж олдсон юм. Дасгалжуулагч Сезар Луис Менотти шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ганцхан легионер багтаасан нь “Валенси”-д данстай Марио Кемпес байлаа.
Тэрбээр нутагтаа болсон ДАШТ-д багийн ахлагчаар оролцон түрүүлсэн юм. Аргентинчууд шигшээ тоглолтод Голландын хүчирхэг багийг ялахад Кемпес хоёр бөмбөг хийж, нийт зургаан гоол оруулсан амжилтаар тус тэмцээний мэргэн буучийн алдрыг хүртжээ. Харин “Испани-82”-т тэр ганц ч гоол оруулж чадаагүй аж.
Дэлхийн аварга, Европын Цомтой багуудын цом, Супер цом, Испанийн цом, Аргентиний АШТ-д түрүүлж, Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч явсан “Супер Марио” Австрийн нэгэн клубт карьераа дуусгасан бөгөөд одоо дасгалжуулагчийн ажил эрхэлж явна.
Дэлхийн аварга Аргентиний бүрэлдэхүүн
Хаалгач: Убальдо Фильоль, Эктор Балей, Рикардо Лавольпе
Хамгаалагч: Хорхе Ольгин, Луис Гальван, Даниэль Пассарелла, Альберто Тарантини, Даниэль Киллер, Рубен Пажиани
Хагас хамгаалагч: Америко Гальего, Освальдо Ардилес, Даниэль Бертони, Омар Ларроса, Рене Хаусман, Норберто Алонсо, Рубен Гальван, Омар Ларроса, Мигель Овьедо, Даниэль Валенсиа, Рикардо Вилья
Довтлогч: Марио Кемпес (багийн ахлагч), Оскар Ортис, Леопольдо Лукье,
Дасгалжуулагч: Сезар Луис Менотти
Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийн тө¬лөө олонтаа өрсөлсөн ч дан­даа бүтэлгүйтсэн Аргентин улсад 11 дэх удаагийн ДАШТ-ийг зохион явуулах эрхийг аль 1966 онд өгсөн байлаа. Ха­рин энэ хугацаанд ихээхэн юм өөрчлөгдөж, 1976 онд Мөн­гөн улс (Д.Менделеевийн химийн үелэх системд мөнгийг аргентинум гэдэг билээ)-д цэр­гийн эргэлт гарч, армийнхан төрийн толгойд гарна гэдгийг яахин мэдэх билээ.
“ХБНГУ-74”-ийн дэд аварга Голланд тэргүүтэй улсууд Хунтын дэглэм тогтсон Аргентинийг зорихоос татгалзаж байсан ч зо¬хион байгуулагчид аюулгүй байдлын асуудал дээр ямар ч “но” гаргахгүй гэж ам өчгөө өгөн байж, санаа бодлыг нь эргүүл­жээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ирсэн багуудыг генерал Видела тэргүүтэй цэр­гийнхэн онгоцны буудал дээр тосох нь яг л “Итали-34”-ийг, Бенито Муссолиниг санагдуулам байлаа.
Уламжлал ёсоор өмнөх дэл­хийн аварга ХБНГУ, зохион байгуулагч Аргентин шигшээ тэмцээнд шууд оролцож, тэдэн дээр сорилгоос шалгарсан 14 баг нэмэгдэн, дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлджээ. “А” хэсэгт гол өрсөлдөөн Итали, Ар­ген­тиний хооронд өрнөж, “Скуадра Аззурра” нэгээр гарчээ. Талбайн эзэдтэй хийсэн шийдвэрлэх тог­лолтын 67 дахь минутад Паоло Россигийн гайхамшигтай дам­жуу­лалтаар Беттега хожлын гоо­лыг оруулсан байна. Ха­рин М.Платини тэргүүтэй франц­чууд Унгарыг хожсоноос өөр амжилт гаргасангүй. Ха­рин хоёрдугаар хэсэгт ямар ч өр­сөлдөөн гараагүй гэхэд болно. Баруун Герман, Поль­шийн хөл­бөмбөгчид хоорондоо 0:0-ээр эвийн гэрээ байгуулаад бусдыг нь илт давамгайлан ялжээ.
Харин Бразил, Испани, Швед зэрэг хүчтэй багуудтай оноолт таарсан австричууд жин­хэнэ сенсаац тарьж, “С” хэс­гийн тэргүүн байрыг эзлэв. Дэлхийн гурван удаагийн аварга бразилчууд арайхийн дараа­гийн шатанд шалгарчээ. Тэд дараалан хоёр тэнцэж, гараагаа тааруухан эхлээд сүүлчийн тог­лолтдоо Австрийг 1:0-ээр буулгаж авсан юм. Шведтэй хий­сэн эхний тулаанаас л бра­зилчуудын азгүйтэл эхэл­жээ. Уг тоглолтын 90 дэх минутад өмнөд америкчууд гоол хий­сэн боловч уэльс шүүгч То­мас тооцоогүй аж. Дараа нь Испанийг бөмбөгдөөд бөм­бөг­дөөд барсангүй, 0:0-ээр тэн­цэв. Хэрэв Испанийн довтлогч Карденоса хоосон шахуу хаалганы гадуур нь цохиогүй бол байдал бүр ч дордох бай­лаа. Дөрөвдүгээр хэсгээс бүгд Голландыг нэгээр гарна гэж таамаглаж байсан ч тийм явдал болсонгүй, Теофило Ку­бильясаар ахлуулсан Перугийн хөлбөмбөгчид хоёр хожиж, нэг тэнцэн хэсгээ манлайлсан юм. Шотландууд сүүлийн тойрогтоо Голландыг хожсон хэдий ч бөмбөгний зөрүүгээр алтанзул цэцгийн орныхон дараагийн шатанд шалгарсан.
Гэхдээ улбар шарууд хоёр­дугаар шатанд (FIFA дөрвөн жилийн өмнөх шигээ хэсгээс шалгарсан найман багийг ахин хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлсэн юм) жинхэнэ тоглолтоо гарга­сан юм. И.Круиффгүй (тэрбээр ДАШТ-д явахаас сарын өмнө шигшээ багтаа тоглохоос тат­галзсан хариу өгчээ. Сүүлд сураг сонсохнээ тухайн үед мафийнхан түүний гэр бүлийг заналхийлж байсан тул “Нисдэг голланд” үр хүүхэд, эхнэр хүүхдээ харж хандахаар шийдсэн байна) голландчууд Авст­рийг 5:1, Италийг 2:1-ээр хо¬жоод, Баруун Германтай 2:2-оор тэнцэн хэсэгтээ түрүүлж, хоёр дахиа дараалан финалд шал­гар­чээ. Хэсгийн сүүлийн уч¬раа Италитай хийсэн тоглолт голландчуудын хувьд ёозгүй эхэл­сэн. Тоглолтын 19 дэх ми¬ну¬тад Брандтс өөрийнхөө хаал¬гыг “мялааж”, хоёрхон хор­мын дараа үндсэн хаалгач Схрейверс нь гэмтэж талбайг орхих нь тэр. Гэсэн ч Брандтс алдаагаа залруулж, хоёрдугаар үеийн эхэнд хүчтэй цохилтоор тоог тэнцүүлж, улмаар Ари Хан холын цохилтоор хожлын бөмбөгийг оруулсан юм. Ин­гэж “Скуадра Аззура” хүрэл медалийн төлөө л өрсөлдөх эрхтэй болжээ.
“В” хэсгийн гол өрсөлдөөн талбайн эзэн Аргентин, тэдний хөрш Бразилийн хооронд өр­нө¬сөн. Эхний тойрогт арген­тинчууд Польшийг 2:0-ээр, бра­зилчууд Перуг 3:0-ээр буулгаж авсан бөгөөд Росариод хоо­рон­доо тулжээ. Мөнхийн өр­сөлдөгчдийн тулаан тийм ч сонирхолтой болсонгүй, хэн хэн нь алдаа гаргахаас болгоомжилж тайван, удаан, бөмбөг барьж, цаг нөгцөөж тоглосоор 0:0-ээр тэнцжээ. Гэхдээ энэ тэн­цээ бөмбөгний харьцаа илүү бразилчуудад бус, сүүлийн той­рогт илүү сул өрсөлдөгчтэй тулах аргентинчуудад ашигтай байлаа. Зохион бай­гуу­лагчид яаж ийж байгаад өөрийнхөө багийн тоглолтыг Бразил-Польшийн тоглолтоос хожуу эх­лүүлж дөнгөжээ. Бразил-Польшийн тоглолт 3:1-ээр дуу­сахад нөгөө талд арген­тин­чууд тив нэгтнүүдээ 4:0-ээр хожиж явав. Хэдийгээр дээрх тооны харьцаа талбайн эздэд хангалттай байсан ч сэтгэл ханалгүй нэмж довтолсоор ахин хоёрыг нэмж оруулан 6:0-ээр ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ өвөр­төлжээ.
Шийдвэрлэх тулаа­ны өм­нө “Альбиселесте”-гийн дас­гал­жуу­лагч Луис Ме­нот­ти тоглогч нэг бүртэй ганцаарчлан уулзсан, Пе­ругийн хаалгач Кирога арген­тин гаралтай байсан, дээрх явдлаас жилийн дараа Аргентин улс Перуд 60 мянган тонн үрийн буудайг буцалтгүй тус­ламж болгож бэлэглэсэн… гээд энэ тоглолтыг хачирлах баримтууд олон байдаг ч Ма­рио Кемпесээр ахлуулсан Ар­ген­тиний довтолгоо тухайн үедээ маш хүчтэйд тооцогдож байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Ийнхүү 1978 оны зургадугаар сарын 21-нд Буэнос-Айресын “Эстадио Мону­менталь” цэн­гэл­дэх хүрээлэнд Голланд-Аргентиний багууд FIFA-гийн алтан цомыг булаалцалдахаар боллоо. Фина­лын тоглолтод өрсөлдөгч багууд “Адидас”-ын тусгай загварын “Танго” хэмээх бөмбөгөөр өрсөлдсөн юм. Хэн хэнээсээ бэргэж бай­сан хоёр баг тоглолтыг маш хянуур эхэлсэн ч удалгүй булуу нь халж, ээлжлэн аюултай довтолгоонуудыг хийх болов. 38 дахь минутад Ардилес-Луке-Кемпес нарын довтолгооны хувилбар амжилтад хүрч, цагаан-цэнхрүүдийн ахлагч эх­ний гоолыг оруулсан. Завсар­лагааны дараа голландчууд огт өөр тоглолт үзүүлэх болсон бол талбайн эзэд хамгаалж, хааяа нэг сөрөг довтолгоогоор хариуг нь барьж байлаа. Гэвч 82 дахь минутад Керкхофын өргөсөн дамжуулалтыг Наннинга оновч­той мөргөн тэнцүүлж, эрт баяр­лах болоогүйг ойлгуулсан юм. Түүгээр ч барахгүй сүүлчийн минутад голландчууд хожлын бөмбөгийг ч хийх боломжтой байсан. Зүүн жигүүрээр аюултай цөмөрч орсон Ренсенбринкийн цохилт шон онож төгссөн юм. Нэмэлт цагт Аргентиний дас­галжуулагч талбайд дөрвөн довтлогчийг зэрэг гаргах тактик сон­госон нь зөвдөж, 105 дахь минутад Марио Кемпес эсрэг багийн торгуулийн талбайд уран гоё цөмрөн орж, тооны харьцааг 2:1 болгов. Төдий л удалгүй Кемпесийн ээлжит оролтыг Бертони гүйцээснээр аргентинчууд анх удаагаа дэл­хийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.
Хүрэл медалийн төлөөх тог­лолтод Кутиньо дасгалжуу­лагчтай Бразилийн шигшээ Италийг 2:1-ээр буулган авсан юм. Европ тивийн тө-лөөлөгчид салхийг хагалсан ч бразилчууд хоёр холын цохилтоор ялалт байгуулжээ. Беарзот сонирхолтой, өвөрмөц тоглолттой баг бүрдүүлэн ирсэн ч түүний залууст бие бялдрын бэлтгэлжилт дутагдаж, хамгийн чухал сүүлийн хоёр тоглолтдоо хожигдол хүлээсэн юм.

0 Санал хүсэлт: