А.Мөнхбат: Гэгээрэхүй

Nov 1, 2011

Өвгийн сүнс оршсон гал улаан сахиус, тарнийн шидээр амилж
Өглөөхөн бичсэн шүлгийн минь хэдхэн мөрөнд хувилахуй
Домгийн хөх лууг дураар эзэмдэгч эрхэмсэг гоо бүсгүйн
Дотоод чанадын мөн чанарыг сарны дүрсээс би тольдмуй...

Хилэнцэт орчлонгийн гүн солиорол дундаас
гэрэл цацруулан алсрагч ганц луу од
Хэтний цахилах гал авалцах төдий агшинд
хорвоогийн хамаарлаас ангижирч,
дэлхийн жингээс тасраваа
Гэгээрлийн орныг зоригч гоо дагинын явдал мөр
Гэрлэн зураа татуулагч солирын бороонд сатаарч,
Цэнхэр пансан даашинзны цацлан бүжих хөдөлгөөнөөр
Сансрын хуйлралын үлдэц, сарны тоосыг арчихуйяа
Сайхан бүсгүйн гэгээн хөргийг
Саран авхай буулгаж амжина.
Орон зайн хязгааргүй ертөнцөөр будан аялагч бүсгүй бээр
Оюун санааны эзэнт гүрэнд зүрхлэн байж хүрвээс
Онгод болоод гэгээрлийн цөм рүү нэвтрэх
онгорхой хаалга тэнд байсангүй
Ариуслын шатыг алгасч очсон түүний
шаналалын туйлаас үүсэх хүйтэн хөх салхинд
Асурын эрхэт орноо залран, амирлангуйг номлогч өвгөн Аршийн
бодрол царцах нь хөөрхий...


Амар амгалан хийгээд арвижин дэлгэрэхийн үүд
цэлсхийтэл нээгдэхүйд,
Түг түмэн гэрлэн биесийн бөөмнөрөл хага ярагдан задарч
Ариусахуй болоод нигүүлсэхүйн учир шалтгааны үүсгэл
нил ягаан өнгөөр
“Тавтай морил” хэмээн бичиглэвэй.

0 Санал хүсэлт: