ДАШТ-ий түүх #16 – ДОЛОО ДАХЬ АВАРГА

Nov 3, 2011

Rating: 9.5/10 (2 votes cast)

"Франц-98" ДАШТ-ий лого
“Франц-98” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1998 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 12
Оролцсон баг: 32 (Европоос 15, Өмнөд Америк, Африкаас тус бүр тав, Азиас дөрөв, Хойд Америкаас гурав )
Тоглолт: 64
Гоол: 171 (дунджаар 2.67)
Автогоол: 4
11 метрийн цохилт: 18 (үүнээс 17-г нь амжилттай гүйцэтгэсэн)
Үзэгч: 2.785.100
Хамгийн олон хүн үзсэн тоглолт: 80.000

Хот: 10 (Сен-Дени, Марсель, Парис, Ланс, Лион, Нант, Тулуз, Сент-Этьен, Бордо, Монпелье)
Цэнгэлдэх хүрээлэн: 10 (“Стад де Франс”, “Велодром”, “Моссон”, “Лескюр”, “Божаур”, “Жоффруа Гишар”, “Мунисипаль”, “Фелис Боллар”, “Парк де Пренс”, “Жерлан”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 6:1
Олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 6:1, 5:0 (хоёр удаа)
“Алтан шаахай” шагнал: Давор Шукер (Хорват) – 6 бөмбөг
“Алтан бөмбөгшагнал: Роналдо (Бразил)
Шилдэг хаалгач: Фабьен Бартез (Франц)
FIFA Fair Play Trophy: Англи, Францын шигшээ баг

Сонирхолтой баримтууд
§             Анх удаа 32 баг оролцож, нийт 64 тоглолт гарчээ.
§             Францын шигшээ баг дэлхийн аварга цолыг хүртсэн долоо дахь багаар тодров. “Гурван өнгөтнүүд” 1978 оноос хойш нутгийнхаа дэвжээнд түрүүлсэн анхны баг болжээ.
§             Шигшээ тэмцээний дундуур гурван баг дасгалжуу­лагчаа халсан байна. БНСУ, Саудын Араб, Тунисын шигшээ ба¬гууд дараалан хоёр хожигдсоны дараа ахлах дасгалжуулагч Ча Бум Кун, Карлос Алберто Паррейра, Хенрик Касперчак на¬рыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь туслахуудыг нь томилжээ.
§             “АНУ-94”-д Грекийн хаалгыг гурван бөмбөгөөр мялааж байсан Аргентиний довтлогч Габриэль Батистута Ямайктай тоглоход мөн л хет-трик хийжээ. ХБНГУ-ын Г.Мюллер, Унгарын Ш.Кочиш, Францын Жюст Фонтэйн нар нэг бус удаа хет-трик хийж байсан ч “Бати-гоол” шиг хоёр өөр ДАШТ-д ийм амжилт үзүүлсэн тоглогч үгүй билээ.
§             Данийн Эббе Санд 1/8 шигшээд Нигерийн эсрэг тоглолтод талбайд гараад 16-хан секунд өнгөрч байхад гоол оруулсан аж. Түүний эл рекордыг дөрвөн жилийн дараа Туркийн Хакан Шукюр таван секундээр урагшлуулсан юм.
§             Германы Лотар Маттеус тав дахь мундиальдаа оролцож, Мексикийн хаалгач Антонио Карбахалын амжилтыг давтжээ. Мөн тэрбээр Дэлхийн цомын шигшээ тэмцээнд 25 тоглолт хийж, Д.Марадона (21), В.Жмуды (21), У.Зеелер (21) нарыг ардаа орхижээ.
§             Бразилийн Дунга багийн ахлагчийн статусаар хоёр ДАШТ-ий финалд тоглож, Марадонагийн 1986-1990 оны амжилтыг давтжээ.
§             “Итали-90”-д Югославын шигшээ багт тоглож байсан Роберт Просинечки, Роберт Ярни нар энэ удаа Хорватын нэрийн өмнөөс тогложээ. Тэр дундаа Просинечки ДАШТ-д хоёр өөр багийн бүрэлдэхүүнд гоол хийсэн цорын ганц хөлбөмбөгчин болсон юм.
§             “Франц-98”-д шүүгчид нийтдээ 22 улаан хуудас “ашигласан” нь дээд амжилт бөлгөө.
§             Дөрвөн жилийн өмнө Бразилийн эсрэг тоглохдоо улаан жавтий хүртэж байсан Камеруны Ригобер Сон Чилитэй тоглоход мөн л талбайгаас хөөгджээ.
БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ
Хаалгач: Фабьен Бартез (Франц), Хосе Луис Чилаверт (Парагвай)
Хамгаалагч: Роберто Карлос (Бразил), Марсель Десайи (Франц), Лилиан Тюрам (Франц), Франк де Бур (Голланд), Карлос Камарра (Парагвай)
Хагас хамгаалагч: Дунга (Бразил), Ривалдо (Бразил), Микаэль Лаудруп (Дани), Зинедин Зидан (Франц), Эдгар Давидс (Голланд)
Довтлогч: Роналдо (Бразил), Давор Шукер (Хорват), Брайан Лаудруп (Дани), Деннис Бергкамп (Голланд)
Дэлхийн аварга
ФРАНЦЫН БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Бернард Лама (Вест-Хэм. Англи), Фабьен Бартез (Монако), Лионель Шарбоннье (Осер)
Хамгаалагч: Винсент Кандела (Рома. Итали), Биксент Лизаразю (Бавари. Герман), Лоран Блан (Марсель), Марсель Десайи (Милан. Итали), Лилиан Тюрам (Парма. Итали), Франк Лебёф (Челси. Англи)
Хагас хамгаалагч: Патрик Виейра (Арсенал. Англи), Дидье Дешам (Ювентус. Итали), Зинедин Зидан (Ювентус. Итали), Роберт Пирес (Метц), Бернард Диомед (Осер), Ален Богоссян (Сампдори. Итали), Эммануэль Пети (Арсенал. Англи), Кристиан Карамбю (Реал. Испани)
Довтлогч: Юри Жоркаефф (Интер. Итали), Стефане Гиварш (Осер), Тьерри Анри (Монако), Давид Трезеге (Монако), Кристоф Дюгарри (Марсель)
Дасгалжуулагч: Эме Жаке


Давор Шукер (Хорват)
Шилдэг довтлогч Давор Шукер (Хорват)
“Франц-98”-ын гол нээлт бол ДАШТ-д анх удаагаа оролцоод л хү¬рэл медаль зүүсэн Хорватын шиг­шээ баг байлаа. Тэдний манлай довтлогч Давор Шукер Ямайка, Япон, Румын, Герман, Франц, Голландын багуудтай хийсэн тоглолтод тус бүр нэг бөмбөг оруулж шилдгээр шалгарчээ.
FIFA-гийн 100 шилдэг хөлбөм­бөгчдийн жагсаалтад багтсан, Зүүн Европын шилдэг довтлогчдын нэг тэрбээр 1968 оны нэгдүгээр са¬рын 1-нд Югославын Кроациа хотод төржээ. Түүний анхны клуб нь “Осиек” байсан бөгөөд тэнд таван улирал хүчин зүтгэхдээ 91 тоглолтод 40 бөмбөг оруулсан бай­на. Дараа нь улсынхаа шилдэг багуудын нэг “Динамо”(Загреб)-т гурван улирлыг өнгөрөөгөөд Ис­панийн “Севилья”-д очжээ. Тэнд Шукер 153 тоглолтод 76 бөм­бөг оруулснаар хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөх болов. Хэтэвч зузаан томчууд, хорват довт-логчийн төлөө өрсөлдсөний эцэст Мадридын “Реал” ялалт бай­гуулжээ. Эзэн хааны багт дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тоглох болсноор түүний ам¬жилт эрс ахив. Шукер энэ хугацаанд Испанийн АШТ-д хоёр удаа, Аваргуудын лигт нэг удаа түрүүлж, “Франц-98” ДАШТ, Ла лигийн мэр­гэн буучаар шалгарчээ.
Хорватын шигшээ багт 69 тог­лож, 45 гоол оруулсан Давор Шукер 2003 онд зодог тайлсан юм.
***
Олон улсын хөлбөмбөгийн хол­боо 1991 онд хуралдсан конгрес­соо­роо анхны ерөнхийлөгч Жюль Римэгийнхээ төрсөн нутаг Францад XVI мундиалийг зохион байгуулах эр­хийг өгсөн юм. Ингэж тус улс 60 жилийн дараа хоёр дахь ДАШТ-ээ хүлээн авчээ. Брэнд болсон тэм­цээнээ улам л сонирхолтой бол­гох арга замыг хайж байсан FIFA оролцогчдынхоо тоог 32 болгож, тив тивээр нь ангилан хэсэгт хуваарилсан нь оновчтой шийдвэр байлаа.
Тэмцээний “А” хэсэгт Бразил, Шотланд, Норвег, Мароккогийн багууд орсон бөгөөд дэлхийн аварга цолыг эзэмшигчид зургаан оноотой хэсгээ тэргүүлэв. Харин дараа­лан хоёр тэнцээд байсан нор­вегичууд сүүлийн тоглолтдоо тетра­кампеонуудыг буулган авснаар та¬ван оноотой хоёроор гарсан юм. Үеийн үед хэсэгтээ асуудалтайхан шиг тоглочихоод хасагдах шатанд гол юмаа гаргадаг италичууд энэ удаа Кристиан Вьеригийн гялалзсан тоглолт, Роберто Бажогийн заль мэхээр долоон оноотой хэсгээ ман­лайлсан. Заль гэсний учир нь “Скуадра Аззура” эхний тойрогт Чи­лид хожигдож явахад Бажо өрсөл­дөгчийнхөө торгуулийн талбайд хам­гаалагчийн гар луу өшиглөж, пенальт аван 1:1-ээр тэнцсэн юм. Марсело Салас-Иван Саморано хэмээх довтолгооны дуэттэй чиличүүд дараагийн шатанд шалгарлаа. Хэдийгээр өмнөд америкчууд нэг ч хожоогүй дандаа тэнцсэн ч ихэнх тоглолтод өрсөлдөгчөө давамгайлж сүүлчийн мөчид л хожлоо алдаж бай­лаа. “С” хэсэгт талбайн эзэн франц­чууд бүх тоглолтдоо ялалт бай­гуулсан бол “Цөлийн хөвгүүд”-ийг хожиж, Өмнөд Африктай оноо хуваасан Дани хоёроор шалгарсан. Харин “Үхлийн хэсэг” хэмээгдсэн “D” группын фаворитаар нэрлэгдэж байсан Испанийн шигшээ хаалгач А.Субисареттагийнхаа бүдүүлэг алдаа­наас болж, эхний тоглолтдоо Ни­герид 2:3-аар хожигдох нь тэр. Дараа нь тэд Парагвайн шигүү хамгаалалтыг сэтэлж чадсангүй 0:0-ээр тэнцээд, сүүлийн өрсөлдөгч Болгарыг 6:1-ээр бут ниргэсэн ч энэ нь шөвгийн 16-д шалгарахад хангалтгүй байлаа. Учир нь хоёр дараалан хожсон Ни­гери лидер тоглогчдоо амраах үүд­нээс сүүлийн тойрогт Парагвайн эс­рэг хоёрдугаар багаа илгээснийг нь өмнөд америкчууд чадмагаар ашиг¬лан 3:1-ээр хожиж, Принейн хой­гийнх­ны бяцхан найдварыг үгүй хийжээ.
“E” хэсэгт Голланд, Бельги, Мексикийн хооронд ширүүн өр­сөл­дөөн өрнөж, улбар шарууд, ацтекуу­дын хамтаар 1/8 шигшээд шал­гарав. Мексикчүүд Голландтай хий­сэн шийдвэрлэх тоглолтод 0:2-оор хожигдож явсан, дээр нь хүн дутуу хэдий ч цөхрөлтгүй дайрсаар 2:2-оор тэнцэж дөнгөсөн аж. Өмнөд солонгосчууд дээрх гур­вын “гарын шүүс” болоод л хоцор­чээ. “F” группээс Герман, Югос­лав буурь заан шөвгөрөх нь анх­-наа­саа тодорхой байсан. Харин “G” хэсэгт Английг хожсон Румын тэр­гүүлж, Гленн Ходдлын шавь нар удаалжээ. Даниэль Пассареллагийн “Ривер Плейт”-ийнхнээр гол цөмөө босгосон Аргентиний шигшээ “Н” хэсэгт гурав дараалан хожсон бол Югославын тасархай Хорват Япон, Ямайкаас илүүгээ харуулж, хоёроор шалгарав.
1998 оны зургадугаар сарын 27-нд шөвгийн 16-гийн тоглолт Итали-Норвегийн өрсөлдөөнөөр эхэлж, Вьеригийн оруулсан гоолын ачаар “Скуадра Аззура” хожсон бол мөн өдөр Бразил тоглолт таараад байдаг Чилийг 4:1-ээр бут ниргэв. Маргааш нь талбайн эзэд Ланс хотноо Па­рагвайтай тоглосон. Зидангүй (“Ювен­тус”-ын од Саудын Арабтай тог­лоход улаан хуудас авч, хоёр тог­лолтоор торгуулсан) Франц нэлээд зүдэрч байж дунд шөвгийн эр­хээ өвөртөлжээ. Парагвайчууд хоёр жил дараалан дэлхийн шилдэг хаалгачаар тодорсон Чилавертдаа гол найдвараа тавьж байсан тул яаж ийгээд тэнцэж, торгуулийн цохилтоор азаа үзэх ганцхан зорил­готой байсан юм. Гэвч нэмэлт цаг дуусахаас долоон минутын өм­нө туршлагатай хамгаалагч Ло­ран Бланы хожлын гоолыг хийж, анти-хөлбөмбөг тоглосон латин аме­рикчуудыг шийтгэжээ. Хөлбөм­бөгийн мэргэжилтнүүд хэрвээ тог­лол­тын хувь заяаг 11 метрийн цохил­тоор шийдвэрлэсэн бол Парагвайд ашигтай байсан гэдэг дээр бүгд санал нийлдэг. Учир нь Чилаверт дор хаяж өрсөлдөгчийнхөө 1-2 бөм­бө¬гийг няцаах нь гарцаагүй ба өрөө хүчтэй цохилтоороо багтаа найдвар­тай нэг оноо авчрах байсан биз ээ.
Д.Шукер, Р.Просинечки, З.Бобан нарын одуудтай Хорват Румынийг мөн 1:0-ээр буулган авсан байна. Герман-Мексик, Голланд-Югославын тоглолт тэнцүүхэн болж, зэрэглэл арай л өндөр Герман, Голланд цааш тоглох эрхээ өвөртлөсөн.
Энэ давааны хамгийн сонир­хол­той тоглолт нь Англи-Аргентиний тулаан байлаа. Хамгийн сүүлд “Бурхны гар”-ын улмаас хэрүүл маргаантайхан шиг салсан эвлэршгүй өрсөлдөг­чид 12 жилийн дараа уулзалдаж, торгуулийн цохилтод одгүй англи­чууд хариугаа авч чадалгүй ахиад л хожигджээ. Тоглолтын эхний бөм­бөгийг Аргентиний голеадор Ба­тистута 11 метрийн цохилтоос оруул­сан ч дөнгөж арав дахь минутад л британичууд хариуг нь барив. Багтаа торгуулийн цохилт авчирсан залуу довтлогч Майкл Оуэн төдөл­гүй гурван ч хамгаалагчийг хурд, хүчээрээ давамгайлж нэгэн гоёмсог гоол орууллаа. Түүний энэхүү бөм­бөг яг л 1986 онд Марадонагийн зургаан тоглогчийг хаалгач П.Шилтон­той нь хамт хуурч оруулсан гоо­лыг санагдуулам байлаа. Гэвч аргентинчууд бэлтгэл дээр олотаа давтсан болов уу гэмээр уран гоё комбинациар нэгдүгээр үе­ийн төгсгөлд тоог тэнцүүлсэн. Түүнээс хойш тооны харьцаа ахин өөрчлөгдөөгүй тул нэмэлт цаг сунгах болов. Энэ чухал мөчид Английн залуу од Дэвид Бекхэм Диего Си­меонегийн хатгалгад автаж улаан хуудас авснаар англичууд хүн дутуу болов. Арвуулаа үлдсэн Г.Ходдлын зоригт арслангууд үлдсэн хугацаанд хамгаалалтдаа алдаа гаргаагүйгээр барахгүй С.Кэмпбелл мөргөж гоол оруулсан байна. Гэвч шүүгч Кэмпбелл мөргөхдөө дүрэм зөрчин хам­гаа­лагчийн мөрөн дээр дарж бай­гаад үсэрсэн гэж үзээд гоолыг тоо­цоогүй байна. Үүний дараа англи­чууд торгуулийн талбайдаа Креспог илэрхий дүрэм зөрчин унагахад дани эр Нильсен мөн л шүглээ үлээсэнгүй. Ингээд пенальт цохиход Англиас Пол Инс, Дэвид Бэтти нар байгаа онож чадалгүй багаа хөөджээ.
Энэ тэмцээний нээлт хорватчууд оролцсон тэмцээн бүртээ дор хаяж шөвгийн наймд шалгардаг Германы хүчтэй багийг 1/4 шигшээд 3:0-ээр бутниргэсэн бол Бразил тог­логчдынхоо хувийн ур чадвар, том багийн зангарагаараа Данийг арайхийн 3:2-оор хожсон байна. 20 жилийн өмнө дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөж байсан Голланд-Аргентиний тулааны ялагчаар улбар шарууд тодорсон. Цаг дуусч байх мөчид Деннис Бергкамп Франк де Бурын алсын дамжуулалтыг хүлээж аваад, угтан ирсэн хамгаалагч Айя¬лаг эвтэйхэн хуураад Роагийн хаалганы зүүн дээд буланд оновчтой цохисон юм. Аварга болох ерөөлтэй францчуудын энэ удаагийн учраа нь Итали байлаа. Хэдийгээр зочид сайтар хамгаалж, торгуулийн цохилт хйих эрхтэй болсон ч талбайн эздийг зогсоож чадсангүй.
Ийнхүү хагас шигшээд Бразил, Хорват, Голланд, Франц гэсэн жигдхэн дөрвөн баг хагас шигшээд шал­гарлаа. Оноолт ёсоор “АНУ-94”-ийн дунд шөвөгт таарч байсан Бразил, Голланд ахин таарч тетракампеонууд дахиад л хожлоо. Тоглолтын эх­ний бөмбөгийг Бразилийн супер од Роналдо оруулсан бол цаг дуу­сахаас гурван минутын өм­нө улбар шаруудын залуу од П.Клюй­верт оновчтой мөргөсөн юм. Ин­гээд тор­гуулийн цохилт болоход Бра¬зилийн хаалагч Таффарел Эдвин ван дер Сараас илүү туршлагатай болохоо харуулжээ.
Нөгөө талд талбайн эзэд Хор¬ватын битүү морьдтой таарсан. Өнөөх хорватууд эхний бөмбөгийг оруулсан ч энэ өдөр Францын хам­гаалагч Лилиан Тюрамын од нь гий­сэн өдөр байлаа. Францчууд тал­байн төвөөс бөмбөгийг тоглолтод оруулж, Тюрам эл довтолгоог амжилттай гүйцээсэн бөгөөд 69 дэх минутад тэрбээр хожлын бөмбөгийг оруулсан юм. Ийнхүү ДАШТ-д анх удаагаа оролцсон хорватууд фи¬налд шалгарах шахав. Улмаар тэд хүрэл медалийн төлөө тоглолтод Голландыг 2:1-ээр хожжээ.
Шигшээ тоглолт Парисын Сен-Дени дүүрэг дэх “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эзэн францчууд дэлхийн дөрвөн удаагийн аварга Бразилийг 3:0-ээр илүүрхэн буулгаж авлаа. “Гурван өн­гөтнүүд”-ийн гол найдвар Зинедин Зидан багийн лидер хүн яаж тог­лох ёстойг харуулж, эхний хоёр бөм­бөгийг оруулсан ба цаг дуусах мөчид урт үст Эммануэль Пети сөрөг довтолгоогоор эцсийн цэгийг тавьжээ. Ийнхүү хөлбөмбөгийн их гүр­нүүдийн нэг Франц дэлхийн аварга цолыг хүртсэн долоо дахь улс болжээ.

0 Санал хүсэлт: