ДАШТ-ий түүх #15 – 24 жилийн дараа…

Nov 3, 2011

Rating: 10.0/10 (2 votes cast)

"АНУ-1994" ДАШТ-ий лого
“АНУ-94” ТООНЫ ХЭЛЭЭР
Үргэлжилсэн хугацаа: 1994 оны зургадугаар сарын 17-ноос долдугаар сарын 17
Оролцсон баг: 24 (Европоос 13, Өмнөд Америкаас дөрөв, Африкаас гурав, Хойд Америк, Азиас тус бүр хоёр)
Тоглолт: 52
Гоол: 141 (дунджаар 2.71)
Автогоол: 1
11 метрийн цохилт: 15 (бүгдийг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 9 (Детройт, Лос-Анжелес, Сан-Франциско, Чикаго, Даллас, Бостон, Нью-Йорк, Вашингтон, Орландо)
Цэнгэлдэх хүрээлэн: 9 (“Понтиак Силвердом”, “Роуз Боул”, “Стэнфорд”, “Солжер Филд”, “Коттон Боул”, “Фоксборо”, “Жайантс”, “РФК Мемориал”, “Циртус Боул”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 6:1
Олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 6:1
Үзэгч: 3.587.538
Хамгийн олон хүн үзсэн тоглолт: 94.000

“Алтан шаахай” шагнал: Христо Стоичков (Болгар), Олег Саленко (ОХУ) – 6 бөмбөг
“Алтан бөмбөг” шагнал: Ромарио (Бразил)
Шилдэг хаалгач: Мишель Прюдомм (Бельги)
FIFA Fair Play Trophy: Бразилийн шигшээ баг
БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ
Хаалгач: Мишель Прюдомм (Бельги)
Хамгаалагч: Жоржиньо (Бразил), Марсиу Сантуш (Бразил), Паоло Мальдини (Итали)
Хагас хамгаалагч: Дунга (Бразил), Крассимир Бала­ков (Болгар), Георге Хажи (Румын), Томас Брулин (Швед)
Довтлогч: Ромарио (Бразил), Христо Стоичков (Болгар), Роберто Бажо (Итали)

ДЭЛХИЙН АВАРГА БРАЗИЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Таффарел (Режжина. Итали), Зетти (Сан-Паулу), Жилмар (Фламенго)
Хамгаалагч: Жоржиньо (Бавари. Герман), Рикардо Роча (Васко да Гама), Роналдао (Шимизу. Япон), Бранко (Флуминенсе), Алдаир (Рома. Итали), Кафу (Сан-Паулу), Марсиу Сантуш (Бордо. Франц)
Хагас хамгаалагч: Мауро Силва (Депортиво.Испани), Дунга (Штутгарт. Герман), Зиньо (Палмейрас), Рай (Пари-Сен-Жермен. Франц), Леонардо (Кашима Антлерс. Япон), Мазиньо (Палмейрас), Пауло Сержиу (Бавари. Герман)
Довтлогч: Бебето (Депортиво.Испани), Ромарио (Барселона.Испани), Мюллер (Сан-Паулу), Роналдо (Крузейро), Виола (Коринтианс)
Дасгалжуулагч: Карлос Алберто Паррейра
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
§           Анх удаа шувтаргын тоглолтын ялагчийг торгуулийн цохилтоор тодруулав.
§           Бразилчууд дэлхийн аварга цолыг дөрвөн удаа хүртсэн анхны баг болжээ.
§           Оросын довтлогч Олег Саленко ДАШТ-ий түү¬хэнд анх удаа нэг тоглолтод таван бөмбөг хийлээ. Дөр­вөн жилийн өмнө шөвгийн наймд үлдэж, дуулиан тарьж байсан Камерун түүний гайхамшигт амжилтын “золиос” болсон юм.
§           Тэрчлэн Камеруны Роже Милла ДАШТ-д гоол хийсэн хамгийн хөгшин тоглогчоор тодров. Тэрбээр Ста¬нислав Черчесовын хаалгыг мялаахдаа 42 нас 39 хоногтой байжээ.
§           Клаудио Канижиагийн Нигерийн хаалганд хий­сэн гоол Дэлхийн цомын тэмцээний 1500 дахь бөмбөг байлаа.
§           Италийн Жанлука Пальюка Норвегитэй хйисэн тоглолтод улаан хуудас авснаар ДАШТ-ий түүхэнд талбайгаас хөөгдсөн анхны хаалгач болсон юм.
§           Швед, Румыний багууд 10 бус 12 пенальти цохиж байж ялагчаа тодруулжээ.
§           “АНУ-94”-ийг 3.587.538 хүн үзсэн нь тухайн үедээ рекорд амжилт болсон билээ.
§           ОХУ-ын багийн дасгалжуулагч Павел Садырин авч явсан 22 тоглогчоо бүгдийг нь талбайд гаргажээ.
§           Сорилго тэмцээнд 133 улс оролцсон нь урьд хожид тохиож байгаагүй “ирц” юм.
§           Болгарын шигшээ 17 тоглолт дараалан хожиж чадаагүй Грекийг ДАШТ-д 4:0-ээр бутниргэсэн байна. Тэд элладчуудыг хамгийн сүүлд 1962 онд л хожиж байв.
Шилдэг довтлогч Христо Стоичков (Болгар), Олег Саленко (ОХУ)

Христо Стоичков
Ерээд оны эхэн үеийн Европын шилдэг хөлбөмбөгчдийн нэг Христо Стоичков “USA-94”-д өөрийн оргил амжилтаа гаргасан юм. Эхний тойрогтоо хар тивийн “Супер бүргэдүүд”-д 3:0-ээр бут ниргүүлсэн болгарчууд Грекийг 4:0-ээр, Аргентинийг 2:0-ээр, Мексикийг торгуулийн цохилтоор, Германыг 2:1-ээр хожсон. Христо болон түүний нөхдийг хагас шигшээд Итали зогсоож чадсан юм. Ингэж болгарчууд анх удаагаа ДАШТ-ий шигшээ тоглолтод үлдэх боломжоо алдсан ч Стоичков зургаа дахь бөмбөгөө оруулж, тус тэмцээний мэргэн буучаар шалгарчээ. Болгарын АШТ, Испанийн Ла лиг, Болгар, Испани, Япон, АНУ-ын цом, Испанийн супер цом, Аваргуудын лиг, Европын супер цом, Цомтой багуудын цом, Азийн Аваргуудын лигт түрүүлж, 1994 оны Европын, Болгарын зууны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан Христо Стоичков шигшээдээ нийт 83 тоглож, 37 бөмбөг хийжээ.

Олег Саленко
Харин ОХУ-ын довтлогч Олег Саленко Камерунтай хийсэн тоглолтод таван бөм­бөг оруулж нэгэн өвөрмөц амжилт тогтоожээ. Тэрбээр Стоичковын нэгэн адил 6 гоол+1оновчтой дамжуулалтаар “USA-94”-ийн шилдэг довтлогч хэмээх алдрыг хүртжээ. Олег Анатольевич Саленко 1969 оны аравдугаар сарын 25-нд Ленингрaдад төр­сөн украин үндэстэн бөгөөд Украины шиг­шээ багт нэг, ОХУ-ын шигшээд найман тог­лолт хийжээ. Тэрбээр 2001 онд зодог тайлж, өдгөө бизнесийн салбарт хүч сорьж яваа аж.
***
Сагсан бөмбөг, бейсболын эх оронд болсон 15 дахь удаагийн ДАШТ “Итали-90”-ийг бодвол гоолтой, сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. Өчүүхэн жижиг зүйлийг ч олныг анхаарлыг татсан шоу болгохдоо гаргуун америкчууд хөл­бөмбөгийн их баярыг дээд зэргээр зохион байгуулсан юм. FIFA-гийн хэрэгжүүлж эхлээд байсан хожилд гурав, тэнцээнд нэг оноо өгөх журмаар “АНУ-94” явагджээ.
Тэмцээний урьдчилсан шатанд 133 орон оролцсон (уг нь 147 улс мэдүүлгээ өгсөн) бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас олон жил тив, дэлхийн тэм­цээнд оролцох эрхээ хасуулаад бай­сан ӨАБНУ эргэн иржээ. Европын аварга Дани, Англи, Франц, Португал, Польш зэрэг шилдгүүд энэ удаагийн ДАШТ-ийг цэн­хэр дэлгэцээрээ л үзэхээс өөр арга¬гүйд хүрчээ.
Тэмцээний “А” группээс Румын, Швейцар, АНУ (гуравдугаар байр эзэлсэн багуудаас үзүүлэлтээрээ гуравт шалгарсан) дараагийн ша¬танд шалгарч, Колумби сүүлчийн байр эзэлжээ. Сорилгод Аргентинийг 5:0-ээр бутниргэж, хэсгийнхээ гол фаворитаар нэрлэгдэж байсан өмнөд америкчууд талбайн эзэдтэй хийсэн шийдвэрлэх тог­лолтод Андрес Эскобарын авто¬гоо­лын харгайгаар 1:2-оор хожигдсон юм. Өөрийнхөө хаалганд гоол оруулсан Эскобарыг нутагтаа ирчихээд Медельиний нэгэн бааранд найз бүсгүйтэй сууж байхад нь галзуу фанат буудан хороосон аж. Алуурчин түүнийг 16 удаа буудсан бөгөөд галлах бүртээ Латин Америкийн хөлбөмбөгийн тайлбарлагч нар шиг “Гоол гоол” хэмээн орилж байсан гэдэг. Түүний үхлийг мафитай холбоотой гэх яриа ч байдаг. Колумбийн мафийн нэгэн бүлэг Сэм авгын “мэргэжил нэгтнүүд”-тэйгээ шигшээ багийнхаа тоглолт дээр бооцоо тавьж, Эскобараас болж их хэмжээний хар тамхиа алдсан учир хөөрхий хөлбөмбөгчийг тонилгосон гэх.
Тэгвэл “В” хэсгийг Бразилийн хөлбөмбөгчид итгэл төгс тэргүүлж, К.Андерссон, Т.Брулин, Х.Ларссон нарын шилдэг довтлогчидтой Швед удаалав. ОХУ нэрээр анх удаагаа оролцсон хойд хөршийнхөн багаа сонгохоосоо л эхлээд хэрүүл маргаантай байсан нь амжилтад нь сөргөөр нөлөөлсөн юм. Дасгалжуулагчтайгаа тааруухан харьцаатай  И.Шалимов, И.Добро¬вольский, И.Колыванов… зэрэг лидер тоглогчид нь “бослого” гаргасан тул П.Садырин хоёрдугаар багаа авч явсан ба Д.Радченко, О.Саленко, И.Цымбаларь, В.Карпин, С.Юран нар дээр түүний схем тогтож байв. Эрээвэр ху¬раавар багийнхаа учрыг өөрөө ч сайн олоогүй Павел далайн чанадад авчирсан 22 тоглогчоо бүгдийг нь талбайд гаргаж үзсэн аж. Довтолгоо, хамгаалалт нь жигдхэн Бразил, Шведийн эсрэг юу ч хийж чадаагүй оросууд сүүлийн учраа Камеруныг дөрвөн жилийн өмнөхөөсөө чанга хаясан (6:1) боловч энэ нь дараагийн шатанд өрсөлдөхөд хангалттай биш байлаа. Эл тоглолтод Оросын довтлогч Олег Саленко “Номх­рошгүй арслангууд”-ын хаалгыг таван бөмбөгөөр мялааж, нэгэн онцгой дээд амжилтын эзэн бол­жээ. Урьд өмнө нь хэн ч ДАШТ-ий нэг тоглолтод ийм хэмжээний гоол оруулж байсангүй.
“С” группээс Герман, Испани буурь зааж шөвгөрсөн бол “D” хэсгийг Нигерийн хөлбөмбөгчид тэр­гүүлж, дуулиан тарьсан. “Ита¬ли-90”-ийн дэд аварга аргентинчууд эхний хоёр тоглолтдоо Грек, Нигерийг хожсон ч Болгарт дийлдэн хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн юм. Багийн ахлагч Диего Марадона Грект гоол оруулчихаад камерын өөдөөс гүйн ирж хашгирсан нь яг согтуу хүнийх шиг нүдтэй харагджээ. “Супер бүргэдүүд”-тэй хийсэн тоглолтын дараа түүнээс сэргээшийн шин­жилгээ авахад кокаин илэрч, FIFA тоглох эрхийг нь хасчээ. Түүнийг дагаад К.Канижиа тоглохоос тат­галзсан байна. Харин “E” хэсгээс Мексик, Ирланд, Итали, “F” хэсгээс Голланд, Саудын Араб, Бельги дараагийн шатанд шалгарчээ.
Бөмбөгний зөрүү тоолон байж арайхийн шөвгөрсөн Итали 1/8 шигшээд тэмцээний нээлт Нигерид хожигдох тун дөхсөн. Эммануэль Амуникегийн 26 дахь минутад оруулсан гоолын дүнд “Су­пер бүргэдүүд“ тоглолтын турш тэр­гүүл­сэн ч Роберто Бажо сүүлийн мөчид тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт 11 метрийн цохилтоор хожлын бөм­бөгийг оруул­сан юм. Баруун, Зүүн Гер¬маны шилдэг хөлбөмбөгчдийг нэгтгэсэн Бундестим Бельгийг 3:2-оор, Хажи, Рэдочою, Лэкетуш тэр­гүүтэй Румыний шигшээ лидерээ алд­сан Ар­гентинийг 3:2-оор, хоёр­дугаар үеийн турш хүн дутуу тог­лосон Бразил талбайн эздийг Бе­бетогийн оруулсан бөмбөгөөр буюу 1:0-ээр, Испани Швейцарийг 3:0-ээр, Швед Саудын Арабыг 3:1-ээр, Голландыг Ирландыг 2:0-ээр тус тус хожиж, Болгар Мексикийг тор­гуулийн цохилтоор буулган авчээ.
Бажогийн хүчээр дунд шөвөгт шалгарсан “Скуадра Аззура” дараа­гийн даваанд мөнөөх Роберто Бажо, түүний амьдай Дино Ба­жо нарын оновчтой цохилтын ачаар Испанийг 2:1-ээр хожсон бөл­гөө. Харин аваргаа хамгаалах зорил­готой Германыг Болгарт хожигдоно чинээ хэн ч санаагүй байх. Немцүүд тоглолтоор илүүрхэж, Маттеус тор­гуу­лийн цохилтоор эхний бөм­бөгийг оруулсан ч Стоичков хаалт­тай цохилтоос тоог тэнцүүлж, ердөө гуравхан минутын дараа Йордан Лечков боломжгүй гэмээр байдлаас гайхалтай мөргөж, хож­лын бөмбөгийг оруулах нь тэр. Тэрбээр энэ гоолоороо “Нисдэг Жордан” хэмээх хочийг авсан билээ. Энэ удаа  Швед-Румыний тог­лолт пенальтиар шийдэгдэхэд скандинав­чуудад аз тохиосон юм. Ха­рин дээрх дөрвөн хосын хамгийн сонирхолтой тоглолт нь Голланд-Бразилийн тулаан байсан гэхэд хилсдэхгүй. Тус тоглолтын 53, 63 дахь минутад Паррейрагийн шавь нар гоол хийн тэргүүлж эхэлсэн ч Деннис Бергкамп, Арон Винтер нар хариуг нь барьж, улбар шарууд ахархан хугацаанд тоог тэнцүүлэв. Гэвч цаг дуусахаас есөн минутын өмнө Клаудио Бранко хаалттай цохилтоос хожлын бөмбөгийг оруул­жээ. Дасгалжуулагч Карлос Ал­бер­то Паррейра зүүн жигүүрийн хамгаалагчаар залуухан Роберто Карлосыг авч явах гэж байсан ч сүүлийн мөчид шийдвэрээ өөр­чилж, 22 дахь тоглогчоороо Бран­ког сонгосон нь ийн зөвджээ.
Хагас шигшээд бразилчууд хэсэг­тээ оноо хувааж байсан Швед­¬тэй таарав. Тус тоглолтын 80 дахь минутад Ромарио мөргөж оруулан, ширүүн өрсөлдөөний цэгийг тавьсан юм. Нөгөө талд Х.Стоичковоор удирдуулсан Болгар Бажогийн Италитай тулж, Апе¬ниний хойгийнхон 2:1-ээр хож­жээ. “Скуадра Аззура”-гийн лидер Бажо дубль хийж, багаа ахиад л ялалтад хүр­гэсэн байна. Ха­рам­салтай нь Хрис­то болон түүний нөхөд хүрэл меда¬лийн тө¬лөөх тоглолтод Шведэд 0:4-өөр “амт­гүй” хожигдож, ДАШТ-ээс анхны медалиа авах боломжоо алдав.

Бажо ялалтын баяраа тэмдэглэж буй Бразилчуудын өмнө...
Ийнхүү 24 жилийн өмнө “Алтан дагина” цомыг нутагтаа үүрд залахын төлөө өрсөлдөж байсан Бра¬зил, Италийн багууд1994 оны долдугаар сарын 17-нд Лос-Анжелесийн “Роуз Боул” цэн­гэл­дэх хүрээлэнд алтан медалийн тоглолоо. Италичууд ямар ч үнээр болов хаалгандаа гоол алдах­гүй байх зорилготой гар­сан нь Норвегитэй хийсэн эх­ний тог­лол­тод гэмтсэн хашир туршлагатай ахмад хамгаалагч Франко Барезиг гараанд гаргаснаас тодорхой харагдана.
Тэрчлэн дасгалжуулагч Арриго Сакки хагас шигшээд бага зэргийн бэр­тэл авсан Ро­берто Бажог эхний минутаас л тоглуулжээ. Бразилчууд дов­толж, италичууд хамгаалсаар 120 минутыг дуусгалаа. Уг нь Ро­марио, Мазиньо, Бранко, Мауро Силь­ва нарт үндсэн цагт гоол орулах боломжууд олдсон ч тухай бүрт бүтэлгүйтэж байв. Ха­рин ита­личуу­дын гаргасан хам­гийн аюултай моментыг хаалгач Таффарел хаасан юм. Нэмэлт гучин минутад Роберто Бажо аятайхан байрлалаас дээгүүр буудсан бол Ромарио дөрөвхөн метрээс оновчтой цохиж чадсангүй.
Пенальти цохиход Италиас хам­гийн туршлагатай тоглогчид болох Барези, Массаро, 1993 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роберто Ба­жо нар алдаж, Бразилаас ганцхан Марсиу Сантуш байгаа оносонгүй. Ингэж трикампеонууд тетракампеон (дөрвөн удаагийн аварга) болсон юм. “Бажо алдаад Бразил түрүүлсэн” гэж хүмүүс ярьдаг ч ингэж дүгнэх нь хэт өрөөсгөл ойлголт билээ. Учир нь Бразилд нэг нөөц цохилт бай­сан, түүнийг амжилттай гүйцэт­гэсэн тоглогч жинхэнэ баатар болох бай­сан нь гарцаагүй. Харин сүүл­чийн цохилтыг хийх байсан тог­лог­чийн нэр одоо болтол нууц байдаг юм.

0 Санал хүсэлт: