ДАШТ-ий түүх #12 “Скуадра Аззура”-гийн гурав дахь түрүү ба ШОРОНГООС ИРСЭН ДОВТЛОГЧ

Nov 1, 2011

“Испани-82” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1982 оны зургадугаар сарын 13-наас долдугаар сарын 11
Оролцсон баг: 24 (Европоос 14, Өмнөд Америкаас дөрөв, Хойд Америк, Африкаас тус бүр хоёр, Ази, Далайн орнуудаас тус бүр нэг)
Тоглолт: 52
Гоол: 146 (дунджаар 2.81)

Автогоол: 1
11 метрийн цохилт: 10 (үүнээс наймыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 14 (Аликанте, Барселона, Бильбао, Ла-Корунья, Эльче, Хихон, Мадрид, Малага, Овьедо, Севилья, Валенси, Вальядолид, Виго, Сарагоса)
Цэнгэлдэх хүрээлэн: 15 (“Балаидос”, “Риасор”, “Эль-Молинон”, “Карлос Тартьере”, “Камп Ноу”, “Нуэво”, “Хосе Рико Перес”, “Сан-Мамес”, “Хосе Сорилья”, “Луис Касанова”, “Ла-Ромареда”, “Санчес Писхуан”, “Ла-Росаледа”, “Бенито Вильямарин”, “Сантьяго Бернабеу”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 10:1
Олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 10:1
Үзэгч: 2.109.723
Хамгийн олон хүн үзсэн тоглолт: 95.000 хүн
Мэргэн бууч: Паоло Росси (Итали)-6 бөмбөг
Шилдэг тоглогч: Паоло Росси (Итали)
FIFA Fair Play: Бразилийн шигшээ баг
Сонирхолтой баримтууд
*Анх удаа шигшээ тэмцээнд 24 баг оролцов.
*ДАШТ-ий түүхэнд анх удаа торгуулийн цохилтоор ялагчийг тодруулжээ. Хагас шигшээд учраа таарсан ХБНГУ-Франц үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар тэнцэж, пенальтиар германчууд 5:3-аар хожжээ.
*Испанийн талбай дээр Унгар Сальвадорыг 10:1-ээр хожиж, өрсөлдөгчөө хамгийн олон бөмбөгний зөрүүгээр буулгаж авсан рекордыг давтжээ. Дөрвөн жилийн өмнө Югослав Заирыг 9:0-ээр хожиж байв.
*ДАШТ 14 хотын 15 цэнгэлдэх хүрээлэнд явагдсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч эвдэгдээгүй дээд амжилт болсон юм.
*Дэлхийн цомын тэмцээний түүхэнд анх удаа нэг багт ах, дүү хоёр хаалгач тоглсон юм. Тэд бол ЗХУ-ын Виктор, Вячеслав Чанаовууд байлаа. Харамсалтай ах, дүүст талбайд гарах боломж тохиосонгүй, Ринат Дасаев таван тоглолт дараалан хаалгаа манажээ.
*Италийн хаалгач Дино Зофф 40 настайдаа “World Cup-82”-т аваргалж, хамгийн хөгшин дэлхийн аварга болсон юм.
*Харин Умард Ирландын довтлогч Норман Уайтсайд хамгийн залуудаа (17 нас 41 хоногтойдоо) ДАШТ-д оролцсон хөлбөмбөгчөөр тодорсон юм.
*Унгарын довтлогч Ласло Кишш долоохон минутын дотор хет-трик хийжээ. Сальвадорыг 10:1-ээр бутниргэсэн тэрхүү тоглолтын 70, 74, 77 дахь минутад тэрбээр гоол оруулсан байна. Түүнээс гадна Кишш сэлгээгээр гарч ирээд гурван гоол оруулсан цорын ганц тоглогч болжээ.
*Финалын тоглолтод Италийн Антонио Кабрини 11 метрийн цохилтоо алдсан аж.
*ХБНГУ-ын Пауль Брайтнер хоёр ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулсан гурав дахь тоглогч болжээ. Тэрбээр 1974 онд Голландыг 2:1-ээр хожиход тэнцээний бөмбөгийг хийж байсан бол энэ удаа Италийн хаалгыг 83 дахь минутад мялаасан юм.
*Энэ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Фран­цын хөлбөмбөгчид нийтдээ 16 бөмбөг хийсэн бөгөөд дээрх гоолуудыг арван тоглогч(!) оруулжээ.
Дэлхийн аварга
Италийн бүрэлдэхүүн
Хаалгач: Дино Зофф (Ювентус), Ивано Бордон (Интер), Жиованни Галли (Фиорентина)
Хамгаалагч: Франко Барези (Милан), Жузеппе Бергоми (Интер), Антонио Кабрини (Ювентус), Фульвио Колловати (Милан), Клаудио Жентиле (Ювентус), Гаэтано Ширеа (Ювентус), Пьетро Верховод (Фиорентина)
Хагас хамгаалагч: Жанкарло Антониони (Фиорентина), Жузеппе Доссена (Торино), Жампьеро Марини (Интер), Габриеле Ориали (Интер), Марко Тарделли (Ювентус), Франко Каузио (Удинезе), Бруно Конти (Рома)
Довтлогч: Даниеле Массаро (Фиорентина), Аллесандро Альтобелли (Интер), Франческо Гразиани (Фиорентина), Франко Сельважи
Дасгалжуулагч: Энцо Беарзот
Шилдэг довтлогч
Паоло Росси (Итали)
Паоло Росси 1956 оны есдүгээр сарын 23-нд Италийн Тоскани мужийн Прато хотод төржээ. Росси мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа “Ко­мо” багаас эхэлсэн бөгөөд “Виченца” (1976-79), “Пе­ружиа” (1979-81), “Ювентус” (1982-85), “Ми­лан” (1985-86), “Верона” (1986-87) багуудад тог­лож байв. 1979 онд Паоло тоглолт наймаалцсан хэ¬рэгт нэр холбогдож, хөлбөмбөг тоглох эрхээ гур­ван жил хасуулж, “эчнээгээр” шоронд хоёр жилийн ял эдэлсэн бөгөөд ДАШТ эхлэхээс сарын өмнө суллагдсан аж. Энэ үед “Скуадра Аззура”-гийн дасгалжуулагч Энцо Беарзот хөөцөлдөж байж Россигийн тоглох эрхийг нь сэргээлгэж, Принейн хойгийг зорих бүрэлдэхүүндээ багтаасан юм.
Түүний хичээл зүтгэлийг Росси тоглолтоороо хариулж, дөрвөн жилийн өмнөх Марио Кемпес шиг Дэлхийн цомын тэмцээний мэргэн буучийн алдрыг шилдэг довтлогчийн хэргэмтэй нь цуг хүртсэн юм. Нэгдүгээр шатны хэсгийн гурван тог­лолтод ганц ч гоол оруулаагүй байсан тэрээр хоёрдугаар шатнаас гэнэтхэн цоорч, Бразилийн хүчтэй багийн хаалгыг хет-трикээр мялааж, хагас шигшээд Польшийг 2:0-ээр хожиход дубльджээ. Улмаар шигшээ тоглолтод Баруун Германыг 3:1-ээр хожиход зургаа дахь бөмбөгөө хийж, “Алтан шаахай”-н төлөөх гол өрсөлдөгч Карл-Хайнц Руммениггег ардаа орхисон юм. Тэр жилээ Росси Европын шилдэг хөлбөмбөгчин болж, “World Soccer” сэтгүүлийн газраас тодруулдаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ.
ДАШТ-ий дараа Росси “Ювентус”-т ирж, Ми­шель Платини, Збигнев Бонек нартай хамтран тог­лож байжээ. Италийн шигшээд 48 тоглож, 20 гоол оруулсан, FIFA-гийн бүх цаг үеийн шилдэг 100 тоглогчийн тоонд багтсан Паоло Росси 1987 онд зодог тайлжээ.
***
Дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд шинэ хуудас нээсэн тэмцээн бол “World Cup-82”. Учир нь FIFA-гийн ерөнхийлөгч, Бразилийн иргэн Жоао Авеланжийн олон жилийн идэвх санаачлага Испанийн ДАШТ-д хэрэгжиж, анх удаагаа шигшээ тэм­цээнд 24 баг хүч сорьсон юм. Үүний үр дүнд урьдчилсан тэмцээнд оролцогчдын тоо ч эрс өсч, нийт 109 баг сорилгод өрсөлджээ. Олон баг оролцлоо гээд тэмцээний чанар чансаа огт муудсангүй, харин ч өмнөх хоёр ДАШТ-ий мөнгөн медальт Голланд болон Швед, Португалийн хүчтэй багууд эрхээ авч чадсангүй. Мөн 1980 онд зохиогдсон дэлхийн аварга багууд (Уругвай, Итали, ХБНГУ, Бразил, Англи, Аргентин) оролцсон супер тэмцээнд түрүүлсэн Уругвай ч Принейн хойгийг зорих болзлоо хангаж чадаагүй юм.
Шигшээ тэмцээний сугалаа 1981 оны арванхоёрдугаар сард болж, оролцогч 24 улсыг зургаан хэсэгт хуваажээ. Нээлтийн ёслол гуравдугаар хэсгийн Аргентин-Бель­гийн тоглолтоор эхлэв. Гэвч дөрвөн жилийн өмнөх бүрэл­дэхүүнийхээ 60-70 хувийг хадгалж, залуухан, авьяаслаг Марадонагаар хүчээ зузаалсан дэлхийн аваргууд өрсөл­дөгчийнхөө зохиомол отон тоглолтын учрыг олохгүй байсаар хожигдсон юм. Бельгүүд хамгаалж хамгаалж байгаад сөрөг довтолгоогоор Ванденберг цорын ганц бөмбөгийг оруул­жээ. Улмаар бельгүүд Саль­вадорыг 1:0-ээр буулган авч, Унгартай 1:1-ээр тэнцсэнээр хэсгээ тэргүүлэх болзлыг хангав. Харин эхний учраа Сальвадорыг 10:1-ээр бутниргэж, ДАШТ-ий нэгэн шинэ дээд амжилтыг тогтоосон унгарчууд “Их идсэний дараа өнж” гэгчийн үлгэрээр Ар­ген­тинд 1:4-өөр хожигдож, шийдвэрлэх тулаанд Бельгийг барсангүй. Тэд эх­¬лээд бельгүүдийн зохиомол офсай­дынх нь цоорхойг ашиглан эх­ний бөмбөгийг оруулсан ч цаг дуу­сахаас 15 минутын өмнө Алекс Чернятинскигийн хүчтэй цохилтыг хааж чадаагүй аж. “Альбиселесте”-гийн хувьд сүүлийн даваанд Төв Аме¬рикийн төлөөлөгчдийг 2:0-ээр хожиж, хэсгээсээ хоёроор гарчээ.
“А” хэсгийн эхний тойрогт Итали-Польштой, Перу-Камерунтай тус тус 0:0-ээр тэнцсэн ба хоёр­дугаар тойрогт ахиад л хоёр тэнцээ (Итали-Перу 1:1, Польш-Камерун 0:0) га¬рав. Удаах даваанд Польш Перуг 5:1-ээр бутниргэсэн бол Итали, Ка­меруны багууд гурав дахиа эвийн гэрээ байгуулсан. Ийн оруулсан бөмбөгнийхөө тоо­гоор италичууд арайхийн хоёроор гарчээ. Дэндүү уйтгартай тоглолт­той “Скаудра Аз­зура”-г дараа­гийн даваанд жинхэнэ гал гар­гана гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. “В” хэсгийг Европын аварга германчууд зангараг заан тэргүүлж, Австрийн шигшээ удаалав. Юпп Дер¬валийн шавь нар эхлээд Алжирт санамсаргүй хожигдсон ч алдаагаа дор нь залруулж, Чили, Австрийг дараалан хожсон юм. Харин дөрөвдүгээр хэсгийг англичууд зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Хөл­бөм­бөгийн эх орныхон Францыг 3:1-ээр, Чехословакийг 2:0-ээр, Ку­вейтыг 1:0-ээр тус тус буулган авчээ. Эв­лэршгүй өрсөлдөгч Францтай хий­сэн тоглолтын 27 дахь секундэд  Брайан Робсон бөмбөг оруулсан нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн хурдан гоол болсон юм. Хожим эл амжилтыг “World Cup-2002”-д Туркийн Хакан Шукюр 16 секундээр урагшлуулсан билээ. М.Платини тэргүүтэй “гурван өнгөтнүүд” Чехословакт хожигдохгүй байх зорилтоо биелүүлж дөнгөснөөр хоёрдугаар байр эзэлсэн.
Хосе Сантамаригийн удирдлагад тоглосон талбайн эзэн испаничууд ч Итали, Францын адил зүдэрч байж хэсгээсээ гарсан юм. “Ялагдашгүй Армада” анхны учраа Гондурастай оноо хувааснаар энэ бүхэн эхэлсэн. Ядаж байхад тэр тоглолтын өмнөх өдөр Унгар Сальвадорыг 10:1-ээр бутниргэсэн болохоор Испанийн го¬леадоруудад түүнээс дутахгүй тоо­гоор “амны хүүхдийг” арчих албан бус даалгавар ногдсон. Гэтэл юун бөмбөгдөх манатай дөнгөж долоо дахь минутад хаалгандаа бөмбөг алдаж, эргэлзээтэй пенальтиар тэн­цээний бөмбөгийг хийжээ. Ин­гэс­нээр испаничууд Югославыг заа­вал хожих хэрэгтэй болсон. Уг тог­лолт эхлэхийн өмнөхөн зохион бай­гуулагчид Югославын төрийн дууллын оронд Болгарынхыг тавьж, сэтгэлзүйн дайралт хийсэн бөгөөд Испанийн довтлогчийг 16-гийн шугам­наас гурван метрийн зайд унага­хад дани шүүгч Лунн-Серенсен пенальти зааж, дэвжээний эздэд тал засчээ. Лопес Уфартегийн гүй­цэт­гэсэн цохилтыг Югославын хаалгач Пантелич хаасан ч мөнөөх Серенсен үл мэдэгдэх шалтгаанаар ахиж цохиулжээ. Энэ удаа Хуанито алдаагүй бөгөөд испаничууд хоёр­дугаар үед хүссэн хожлын бөмбөгөө хийж чадсан юм. Олон мянган хөг­жөөн дэмжигч, шүүгчдийн илэрхий дэмжлэгийн хүчинд арай гэж хоёр оноо авсан “Улаан уур хилэн” сүүлийн тойрогт шөвгөрөх болзлоо аль хэдийнэ хангасан, эвсэг тоглолттой Умард Ирландын багт 0:1-ээр дийлджээ.
Зургадугаар хэсгийг Зико, Сократес, Фалькао, Эдер тэргүүтэй Бразилийн гайхамшигт баг итгэл төгс тэр­гүүлсэн юм. Сүүлчийн эрхийн төлөө ЗХУ, Шотланд өрсөлдсөн бөгөөд хамгаалалт сайтай оросууд бөм­бөг­ний зөрүүгээр тэмцлээ цааш үргэлжлүүлэхээр болжээ. Грэмм Су­несс, Кенни Далглиш, Жон Уорк, Стив Арчибальд нарын авьяаслаг тоглогчдоос бүрдсэн шотландчуудад жаахан л аз дутсан юм. Малагад болсон тэдний хоорондын тоглолтод Зөвлөлтийн баг өөрт хэрэгтэй тэнцээгээ авч дөнгөжээ.
Ийнхүү нэгдүгээр шатнаас шал­гар­сан 12 багийг гурав гур­ваар нь ахин дөрвөн хэсэгт ху¬вааж, хэсэгтээ тэргүүлсэн багууд хагас шигшээд шал­гарах журмыг ашигласан юм. Су­галаагаар “С” хэсэгт хамгийн хүч­тэй багууд буюу дэлхийн аварга цолыг хүртэж бай­сан Бразил, Итали, Ар­гентиний багууд оноолт таарчээ. Үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд цэ-вэр­хэн, хөнгөхөн тоглолттой Бразилийн багийг “Үхлийн хэсэг”-ийг өнгөлөх магадлал өндөр гэлцэж байсан ч Паоло Россигийн гялалзсан тоглолт бүхнийг эргүүлсэн юм. Хэсгийн тог­лолтод ганц ч гоол оруулж чадаа­гүй тэрбээр Бразилтай хийсэн тог­лол­тын эхэнд сайхан боломж алдсан ч 5, 25, 75 дахь минутад гурван гоол оруулж багийнхаа ялалт (3:2)-д голлох үүргийг гүйцэтгэжээ. Теле Сантанагийн техник, ур чадвар¬тай залуусыг тактик, прагматик чанараараа давж гарсан Энцо Беар­зотын шавь нар дараа нь Ар­ген­тинийг 2:1-ээр хожиж, их шөвөгт шалгарав. Харин “А” хэсэгт польшууд бөмбөгний зөрүүгээр ЗХУ-ын өмнө гишгэж чаджээ. Тэд энэ тэмцээний нээлт болсон Бельгийн багийг 3:0-ээр буулгасан нь эцсийн дүнд нөлөөлжээ. “В” хэсэгт Баруун Герман талбайн эзэн Испанийг хожиж, Англитай оноо хуваан гур­ван оноогоор тэргүүлсэн юм. Анг¬личуудад муугүй боломж байсан ч сүүлийн тоглолтод яаж ч хичээгээд Испанийг хожиж чадсангүй. Харин “D” хэсэгт францчууд зуун хувийн амжилтаар тэргүүлсэн юм.
Хагас шигшээгийн эхний тоглолт Итали-Польшийн хооронд болж, Россигийн дублийн ачаар италичууд 2:0-ээр хожин, 44 жилийн дараа Жюль Римэгийн цомыг булаацалдахаар шал­гаран үлдлээ. Польшийн лидер З.Бонек сахилгагүйтэж, шар хуудас цуглуулсныхаа харгайгаар энэ тог­лолтыг өнжсөн учир Беарзотын хам­гаалалт энэ өдөр санаа зовох юмгүй байлаа.
“Севилийн тулаан” хэмээн алдаршсан Баруун Герман-Францын тог­лолт түүний дэргэд хавьгүй сонир­холтой болсон. Тоглолтын үндсэн цагт П.Литтбарски, М.Пла¬тини нар харилцан нэг гоол оруулсан ба нэмэлт гучин минутын эхэнд франц­чууд хоёр бөмбөг хийх нь тэр. Германаас өөр ямар ч баг ийм үед сэтгэлзүйн хүнд байдалд орж, хий дэмий сандарсаар хожигдох бай­сан нь гарцаагүй. Байдал бишид­мэгц Германы дасгалжуулагч Юпп Дерваль гэмтэлтэй Карл-Хайнц Руммениггег гаргав. Түүнийг орж ирс­нээр немцүүдийн зүүн жигүүрийн довтолгоо эрчимжиж, удалгүй 102 дахь минутад Румменигге тооны зөрүүг багасгаж, 108 дахь минутад Фи­шер унаж татах цохилтоор гоёмсог гоол оруулан тэнцүүлсэн юм. Ийнхүү тог­лолт 3:3-аар тэнцсэн тул ДАШТ-ий түүхэнд анх удаа торгуулийн цо¬хил­тоор ялагчийг тодруулах болж, гер­ман­чууд 5:4-өөр давамгайлсан.
Хамаг хүч чадлаа шавхсан францчууд хүрэл медалийн төлөөх тулаанд Польшид 2:3-аар дийлдсэн юм. Францын Жиресс, Платини нарын лидерүүд Польштой тоглохын өмнө нутаг буцсан мэдээ байдаг.
1982 оны долдугаар сарын 11-нд болсон шигшээ тоглолтод ита­личууд ХБНГУ-ыг 3:1-ээр хожиж, Ис­па¬нийн эзэн хаан Хуан Карлосын гараас алтан цомыг гардан авсан юм. Тоглолтын 25 дахь минутад тор­гуу­лийн цохилтын мастер Анто­нио Кабрини 11 метрийн цохилтоо “угаасан” ч хоёрдугаар үед Росси, Тарделли, Альтобелли нар гоол оруул­жээ. Францын хийсэн хүнд хэцүү тулааны дараа сэргэлт авч чадаа­гүй Баруун Германы хөлбөм­бөгчид олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар хожигдсон юм.

0 Санал хүсэлт: