ДАШТ-ий түүх цуврал
“Мексик-86” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1986 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 29
Оролцсон баг: 24 (Европоос 14, Өмнөд Америкаас дөрөв, Хойд Америк, Африк, Азиас тус бүр хоёр)
Тоглолт: 52
Гоол: 132 (дунджаар 2.54)
Автогоол: 1
11 метрийн цохилт: 16 (үүнээс 12-ыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Улаан хуудас: 8
Хот: 9 (Мехико, Пуэбла, Толука, Ирапуато, Леон, Гвадалахара, Монтеррей, Несауалькойотль, Керетаро)
Цэнгэлдэх хүрээлэн: 12 (“Ацтека”, “Олимпико 68”, “Куаутемок”, “Бомбонера”, “Серхио Леон”, “Ревелюсьон”, “Халиско”, “Тресде Марсо”, “Технолохико”, “Неса”, “Коррехидора”, “Университарио”)
Хамгийн олон гоол орсон тоглолт: 4:3, 6:1
Олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 6:0
Үзэгч: 2.407.431
Хамгийн олон хүн үзэгчтэй тоглолт: 115.000
“Алтан шаахай” шагнал: Гари Линекер (Англи) – 6 бөмбөг
“Алтан бөмбөг” шагнал: Диего Марадона (Аргентин)
FIFA Fair Play: Бразилийн шигшээ баг
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
*Мексик ДАШТ-ийг хоёр дахиа зохион байгуулсан анхны улсаар тодров.
*1986 оноос эхлэн хэсгийн сүүлийн тоглолтуудыг нэг цагт зэрэг эхэлдэг болжээ. Өмнөх ДАШТ буюу “Испани-82”-ын үеэр ХБНГУ, Австрийн багууд тохиролцсон тоглолт хийсэн нь нотлогдсон тул ийм арга хэмжээ авах болсон байна.
*Уругвай-Шотландын тоглолтын 56 дахь секундэд Уругвайн Хосе Батиста улаан хуудас авсан нь мундиалийн түүхэнд хамгийн эрт талбайгаас хөөгдсөн тохиолдол болжээ. Хүн дутуу болсон өмнөд америкчууд үлдсэн 89 минутад алдаа гаргалгүй хамгаалсаар 0:0-ээр тэнцэж дөнгөжээ.
*Сорилгод 113 улс хамрагдсан нь бас нэгэн дээд амжилт болсон юм.
*Плей-оффт 16 баг оролцуулахын тулд зохион байгуулагчид хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн зургаан багаас үзүүлэлт өндөртэй дөрвийг нь шигшин, бага шөвөгт тоглох эрх олгожээ.
*Тоглолтын хувь заяаг торгуулийн цо¬хилтоор шийдвэрлэх нь энгийн үзэгдэл болж, “Мексик-86”-д ийм тохиолдол гурав гарчээ.
*Уругвай, Парагвайн дасгалжуулагчид хэсгийн сүүлчийн тоглолтын үеэр улаан жавтий хүртсэн тул баг нь 1/8 шигшээд head coach-гүй тогложээ.
*Испанийн довтлогч Эмилио Бутрагеньо Данийг 5:1-ээр бутниргэхэд покер хийсэн нь найман жилийн турш эвдэгдээгүй рекорд болжээ. Түүний эл амжилтыг 1994 онд ОХУ-ын Олег Саленко нэгээр ахиулсан юм.
*Франц-Канадыг 1:0-ээр хожиход Жан Пьер Папен Дэлхийн цомын тэмцээний 1200 дахь гоолыг, Англи Парагвайг 3:0-эр буулган авахад Гари Линекер 1300 дахь бөмбөгийг оруулжээ.
БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ
Харальд Шумахер (ХБНГУ)
Мануэль Аморос (Франц)
Эрик Геретс (Бельги)
Сократес (Бразил)
Энцо Шифо (Бельги)
Карл-Хайнц Румменигге (ХБНГУ)
Хорхе Бурручаго (Аргентин)
Мишель Платини (Франц)
Игорь Беланов (ЗХУ)
Гари Линекер (Англи)
Диего Марадона (Аргентин)
Дэлхийн аварга Аргентиний бүрэлдэхүүн
Хаалгач: Луис Ислас (Эстудиантес), Нери Пумпидо (Ривер Плейт), Эктор Зеледа (Америка. Мексик)
Хамгаалагч: Хосе Луис Браун (Атлетико Насьонал. Чили), Даниэль Пассарелла (Фиорентина. Итали), Нестор Клаусен (Индепендьенте), Хосе Луис Кусиуффо (Велес Сарсфилд), Оскар Гарре (Ферро Каррил Оэсте), Хулио Олартикоэчеа (Бока Хуниорс), Оскар Ружжери (Ривер Плейт)
Хагас хамгаалагч: Серхио Батиста (Аргентинос Хуниорс), Рикардо Бочини (Индепендьенте), Клуадио Борхи (Аргентинос Хуниорс), Хорхе Бурручаго (Нант. Франц), Диего Марадона (Наполи. Итали), Эктор Энрике (Ривер Плейт), Рикардо Хиусти (Индепендьенте), Карлос Тапиа (Элче. Испани)
Довтлогч: Серхио Альмирон (Ньюэллз Олд Бойз), Хорхе Вальдано (Реал. Испани), Педро Паскулли (Лечче. Итали)
Шилдэг довтлогч Гари Линекер (Англи)
Гари Уинстон Линекер 1960 оны арваннэгдүгээр сарын 30-нд Лестерт төрсөн. Сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд нэг улиралд 161 бөмбөг хийж, гараагаа эхэлсэн тэрээр нэгдүгээр дивизионы мэргэн буучаар гурван удаа шалгарахдаа гурван өөр багт тоглож байжээ. Линекер 1986, 1990 оны ДАШТ-д оролцохдоо 10 бөмбөг хийжээ.
Түүнийг дэлхий дахинд танил болгосон тэмцээн нь “World Cup-86” байлаа. Мексикийн ДАШТ-д Линекер зургаан гоол оруулж, шилдэг довтлогчоор шалгарчээ. Дөрвөн жилийн дараа “Итали-90”-д Английн шигшээ их шөвөгт хүрсэн бөгөөд Камерунтай хийсэн хүнд хэцүү тоглолтын төгсгөлд тэрбээр хоёр гоол хийж, багаа аварч байв. Тэрбээр Английн шигшээ багт 80 тоглолт хийж, 48 бөмбөг оруулсан нь бүх түүхийн хоёрдугаарт бичигдэх амжилт ажээ. Гари наран ургах зүгийн Япон оронд хөлбөмбөгчийн замналаа өндөрлөж, 1994 онд зодог тайлжээ. 1996 онд түүний нэрийг Английн хөлбөмбөгийн “Алдрын танхим”-д мөнхөлсөн юм.
Линекер орчин үеийн хөлбөмбөгчдөд жинхэнэ үлгэр жишээ болохуйц тоглогч байлаа. 25 жил хөлбөмбөг тоглохдоо албан ёсны 1000 гаруй тоглолтод оролцохдоо тэр хэзээ ч шүүгчтэй маргаж үзээгүй гэдэг. Зодог тайлснаасаа хойш өнөөг хүртэл тэрбээр телевизийн тайлбарлагчийн ажил хийж байгаа аж.
****
11 дэх удаагийн мундиалийг Өмнөд Америкийн Колумби зохион явуулах байсан ч тэмцээн болохоос гурван жил хагасын өмнө эдийн засгийн чадавхигүй болсноо хүлээн зөвшөөрч, уг эрхийг өөр улсад шилжүүлэхийг FIFA-гаас хүссэн юм. Олон улсын хөлбөмбөгийн холбоо тэдний хүсэлтийг хүлээн авч, эрхийг Мексикт шилжүүлснээр ацтекууд хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёронтаа хүлээн авсан анхны улсаар тодрох бүрэн боломжтой болжээ. Үүнд тухайн үеийн FIFA-гийн дэд ерөнхийлөгч, Мексикийн иргэн Гильермо Канедогийн гавьяа багагүй байв. Гэвч бүх зүйл шулуун дардан байсангүй, тэмцээн эхлэхээс найман сарын өмнө Мексикт томоохон газар хөдлөлт болсон юм. 25 мянга гаруй хүний амийг авч одсон эл байгалийн гамшигт үзэгдлийн харгайгаар цөөнгүй цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж сүйдсэн аж. Гэвч Зохион байгуулах хороо богинохон хугацаанд стадионуудыг сэргээн засварлаж, хөлбөмбөгийн их баярыг хүлээж авахад бэлэн болжээ.
Шигшээ тэмцээний “А” хэсэгт дэлхийн аварга Итали, Аргентин, Болгар, Өмнөд Солонгосын шигшээ багууд ху¬ваарилагдсан бөгөөд Карлос Билардо дасгалжуулагчтай Аргентиний шигшээ группээ манлайлжээ. Тэд “Скуадра Аззура”-тай 1:1-ээр тэнцээд, БНСУ-ыг 3:1, Болгарыг 2:0-ээр буулган авчээ. “В” хэсэгт Мексик, Парагвай, “С” хэсэгт ЗХУ, Франц, “D” хэсэгт Бразил, Испани, “Е” хэсэгт Дани, ХБНГУ, “F” хэсэгт Марокко, Английн багууд эхний хоёр байрыг эзэлсэн байна. Баруун Германы багийн хувьд хэсгээ тэргүүлэх боломж байсан ч хүчирхэг Испанийн багтай таарахгүйн тулд хэсгийн сүүлийн тоглолт¬доо Данид зориуд 0:2-оор хожигдсон гэдэг. Энэ тэмцээнээс эхлэн плей-оффт 16 баг өрсөлдүүлэхийн тулд FIFA хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн зургаан багаас үзүүлэлт өндөртэй дөрвийг нь шигшин дараагийн шатанд тоглуулахаар болжээ. Бельги, Польш, Болгар, Уругвайн багуудад ийм аз тохиосон бөгөөд бөмбөгний зөрүүгээр Унгар, Умард Ирланд плей-оффын гадна үлджээ.
Бага шөвгийн эхний учраанууд Мексик-Болгар, ЗХУ-Бельгийн хосууд байсан бөгөөд талбайн эзэд арай гэж шөвгөрсөн болгарчуудыг 2:0-ээр хялбархан хожиж, шөвгийн наймд тоглох эрхээ хамгийн түрүүнд авсан юм. Харин Киевийн “Динамо”-гийн тоглогчдоор багийнхаа цөмийг бүрдүүлсэн (дасгалжуулагч В.Лобановский Цомтой багуудын цомд түрүүлсэн Киевийн “Динамо”-гийн 12 тоглогчийг шигшээд дууджээ) Зөвлөлтийн хөлбөмбөгчид Бельгид нэмэлт цагт 3:4-өөр дийлдэх нь тэр. Хэдийгээр баг нь хожигдсон хэдий ч ЗХУ-ын Игорь Беланов хет-трик хийжээ. Тэрбээр эдгээр болон бусад амжилтаараа оны сүүлчээр Европын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болсон юм.
Харин дэлхийн аваргууд торгон ирэн дээрээ буй Францын эсрэг юу ч хийж чадалгүй байсаар 0:2-оор хожигдож, Испа¬нийн амнаас мултарсан Баруун Герман Африк тивийн төлөөлөгч Марокког, ихэд өнгөтэй буй Аргентин хөрш Уругвайг тус бүр 1:0-ээр буулган авчээ. Германчуудын тактикийн алхмыг сайн ойлгоогүй Дани Испанийн хүчтэй довтолгооны “золиос” болж, 1:5-аар бутниргүүлэв. “Нугасны муухай дэгдээхэйнүүд” салхийг хагалсан ч нэгдүгээр үе дуусахын алдад Э.Бутрагеньогийн сулхан цохилтыг хааж чадсангүй. Зепп Пионтекийн цэргүүд тэр нервнээсээ гарч чадахгүй байсаар нэмж дөрвөн гоол алдсан юм. Мөн энэ тойрогт Англи Парагвайг 3:0-ээр, Бразил Польшийг 4:0-ээр давамгайлан хожжээ.
Тэмцээний дунд шөвгийн дөрвөн хосын гурвынх нь хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн нь хөлбөмбөг дэлхий дахинд жигд хөгжиж, багуудын хүч тэнцүү болсны баталгаа буюу. Тэдгээрээс Франц-Бразилийн тулаан онц сонирхолтой болсныг тэмдэглүүштэй. Үзүүштэй, өрсөлдөөнтэй эл тоглолтын эхний бөмбөгийг Карека оруулсан бөгөөд нэгдүгээр үе өндөрлөхөөс таван минутын өмнө төрсөн өдөр нь тохиож буй Мишель Платини тэнцээний бөмбөгийг оруулжээ. Энэ нь тэмцээний туршид бразилчуудын хаалгандаа алдсан анхны гоол байлаа.
Улмаар өмнөд америкчууд 76 дахь минутад 11 метрийн цохилт гүйцэтгэх эрх олж авав. Цохилтыг Бразилийн лидер Зико гүйцэтгэсэн ч хаалгач Батс байрлалаа зөв эзэлснийхээ ачаар аюулыг зайлуулжээ. Улмаар үндсэн ба нэмэлт цагт ахин гоол орсонгүй 1:1-ээр тэнцэж, пенальти цохих болов. Энэ удаа Зико алдаагаа залруулсан ч “Доктор” хочит Сократес болон Жулио Сезар нар нь багаа хөөджээ. Ийнхүү Бразилийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг шигшээгийн нэгд тооцогдох Теле Сантана дасгалжуулагчтай гайхамшигт баг их шөвөгт үлдэж чадсангүй.
Мексик-ХБНГУ, Бельги-Испанийн тоглолт ч 1:1-ээр өндөрлөж, торгуулийн цохилт хэмээх аз туршсан ”сугалаа татахад” Баруун Герман, Бельгийн хөлбөмбөгчдөд аз тохиосон юм.
20 жилийн өмнө өс зангидаж, Фолклендийн арлын төлөө дайтаад авсан Аргентин-Английн уулзалт ч энэ ДАШТ-ий гол тоглолтуудын нэг байлаа. Тоглолтын 51 дэх минутад намхан Марадона Английн хаалгач Питер Шилтонтой хийсэн агаарын
дуэльд ялалт байгуулав. Сайтар харвал Диего гарцаагүй гараараа гоол оруулсан нь тодорхой байлаа. Гэвч тунис шүүгч Бен Насеур гоолыг хүчинтэйд тооцож, бөмбөгийг талбайн төвөөс тоглолтод оруулахыг тушаажээ. Төдий л удалгүй “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан 114.580 үзэгч нэгэн гайхамшигт гоолын гэрч болсон юм. Мөнөөх Марадона Английн зургаан тоглогчийг хаалгачтай хуураад хоёр дахь бөмбөгөө оруулах нь тэр. Цаг дуусахаас есөн минутын өмнө Гари Линекер оновчтой мөргөж, тооны харьцааг ялимгүй оройтуулсан ч энэ нь англичуудын сүүлийн амжилт байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Марадона “Энэ бол бурхны гар. Англичууд олон зуун аргентин хөвгүүдийг шувуу шиг л буудаж алсных нь төлөө бурхан тэднийг гэсгээлээ” хэмээн мэдэгдэж, хоёр орны таагүй харьцаанд тос нэмсэн билээ. Латин Америкийн ихэнх багууд тэмцээнээс хасагдсан тул Мексикийн үзэгчид Марадона тэргүүтэй Аргентинийг балиашиглах болов.
“Цагаан-цэнхрүүд” энэ эрчээрээ хагас шигшээд Бельгийг 2:0-ээр хожлоо. Энэ удаа Марадона мөн л гайхалтай хоёр гоолоор “Улаан чөтгөрүүд”-ийн хаалгыг мялаасан бөлгөө. Нөгөө талд Баруун германчууд Европын аварга Францыг буулган авсан юм. Энэ удаа тэд дөрвөн жилийн өмнөх шигээ зүдэрч хожсонгүй, Андреас Бреме, Руди Феллерийн 9, 89 дэх минутад оруулсан гоолын ачаар ялсан. Финалд гарах мөрөөдлөө биелүүлж чадаагүй францчууд хүрэл медалийн төлөөх тоглолтод Бельгийг 4:2-оор давамгайлсан аж.
Шигшээ тоглолт бүгдийн хүлээж байсан шиг со¬нирхолтой болсонгүй. Арген¬тинчууд тоглолтын эхнээс л санаач¬ла¬гыг аван довтолсоор 23 дахь минутад Браун, 55 дахь минутад Вальдано тус бүр гоол хийв. Гэвч олон удаа иймэрхүү хүнд нөхцлөөс гарч байсан немцүүд характераа ха¬руулж, 25 минутын дотор тоог 2:2 болгон тэнцүүлсэн. Эхлээд Руммениге булангаас цохисон бөмбөгийг “чихэж”, дараа нь Фел-лер мөргөж орууллаа. Гэвч Германы балиашгуудыг баяраа тэмдэглэж дуусаагүй байхад шахуу Марадонагийн оновчтой дамжуулалтаар Бур-ручаго хожлын бөмбөгийг хийсэн юм. Ингэж “Бурхны гар”, Марадонагийн авьяас чадварын хүчээр аргентинчууд дэлхийн хошой аварга болсон түүхтэй.
Аргентиний хөлбөмбөгийн холбоо профессор Дель Монтегийн зааварчилгааны дагуу тэмцээн болохоос сарын өмнө Мексикийн өндөр ууланд шигшээ багийнхаа бэлтгэлийг базаасан нь ийн ашиг тусаа өгчээ.
Дасгалжуулагч Карлос Билардо хожим дуртгалдаа “Марадона яахын аргагүй манай гол зэвсэг байсан учраас түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгайлан бэлтгэсэн. Өрсөлдөгч нарынх нь хувьд Диегог дэгээдэж унагаж байж л зогсоох ганцхан арга бий. Үүнд бэлэн байхын тулд түүнийг нэг метрийн өндөртэй саадан дээгүүр тогтмол харайл¬гаж байлаа. Ингэсний дүнд тэр Аполлон шиг л хурд, хүч нь тэгшхэн тоглогч болон төлөвшсөн юм. Мэдээж дээр нь түүний авьяасыг нэмэх ёстой. Тэр бол жинхэнэ “Хөлбөмбөгийн Микеланжело” хэмээн өгүүлсэн удаатай.
0 Санал хүсэлт:
Post a Comment