Бурхан

Nov 1, 2011

Үс насны хяруунд дарагдсан
Зүс намрын навч шиг гундсан
Үйлт нэгэн эх өвдөг сөхрөн суужээ
Үрийн аз жаргалыг бурханд даатган залбирчээ
Өмнөө өөдсөн зул өргүүлсэн
Өөртөө өөхөн тахил өрүүлсэн
Амьгүй бурханы хөлд нь амьд бурхан сөгджээ

Агуу хүний нүнжиг далдын шидэнд биширчээ
Бурхан чи хуруун чинээ хүүг минь ивээж хайрла
Буруу зөв явбал өршөөж хайрла
Арван цагаан буянд ойртуулж хайрла
Арван хар нүглээс холдуулж хайрла
Шивнэсэн үг хоосон зайд тархана
Шившлэг уншлага харанхуй тэнгэрт замхарна
Хөөрхий эх худлын тамыг огоорч
Хувь заяаны догшин сахиуст итгэнэ
Будант хорвоод бурхан байхгүй ээ
Будаг нийлсэн хөх тэнгэрээ сүслэн
Бурхантай хорвоог бурхангүй гээд
Буурай дорой ээжийгээ шүтнэ
Гэвч бурхан минь бурхан биш
Бөгтөр нуруутай буурал эмгэн
Цагаа болохоор тэр чимээгүй орчлонд одно
Цагаан сүүгээр үдүүлж
Орчлонгоос үүрд халина
Бор гэрийнхээ хойморьт гэгээн дүрээ үлдээгээд
Бурхан минь тэгээд бурхадын бурхан болноо
Бурхандаа би бурхан болтолоо залбирнаа

0 Санал хүсэлт: