Петер Болеслав Шмейхель

Nov 8, 2011


Данийн шигшээ багийн ахлагч П.Б. Шмейхель 2001 оны 4-р сарын 25-ны өдөр шигшээ багийнхаа хаалгыг сүүлчийн удаа манажээ.
Словен улсын шигшээтэй Копенгаген хотод хийсэн нөхөрсөг тоглолт нь түүний хувьд үдэлтийн бөгөөд 129 дэх тоглолт болжээ.  Нийт 129 удаа шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөж талбайд гарахдаа тэрээр 55 тоглолтонд хаалгаа цэвэр манасан гайхалтай хаалагч юм. 

  Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ арилашгүйгээр мөнхөлсөн энэ эрхэм хүүхэд насандаа хөгжимчин болохыг хүсдэг байсан гэхэд олон хүн гайхна. Тэрээр бага байхаасаа л хөгжмийн урлагт элэгтэй хандаж хөгжмийг хайрлаж дээдэлдэг байжээ.  Дунд сургуулийн рок хамтлагт гитар тоглож байхдаа сонгодог хөгжим, тэр тусмаа Норвегийн суут хөгжмийн зохиолч Эдвард Григийн бүтээлүүдийг үргэлж сонсдог байв. Идэр насандаа хөлбөмбөгийнг өөрийн мэргэжлээрээ сонгож бүх зүрх сэтгэлээ хөлбөмбөгт зориулдаг байсан хэдий ч хөгжмийн урлагаа орхилгүй 1996 онд Англид болж байсан европийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж өөрийн анхынхаа пянзыг гаргаж тэр пянз нь ч олон хувь борлогджээ.
Залуухан Петерийн олон талын авъяас хөлбөмбөгийн ногоон талбайд ч илэрч байжээ. Ютландын хагас арлын Гладсакс хотхонд төрсөн хөвгүүн хүүхдийн хөлбөмбөгийн багт орон довтолгоон, хамгаалалт гээд бүх байрлад тоглодог байж. Харин түүний хувьд хамгийн их таалагдсан байрлал бол хаалгачийн байрлал ажээ. Хожим энэ талаар дурсахдаа: “Надад хаалганд зогсмоор санагддаг байлаа. Тэндээс талбай бүхэлдээ харагдана, хэн хаана яаж тоглож байгаа нь алган дээр тавьсан юм шиг үзэгддэг байлаа” хэмээн дурссан байдаг.
Байгаль эх ч түүнд хаалгач байх бие цогцосыг харамгүй хайрлажээ. Хүндэр том бие, өндөр нуруу,  тэсрэлттэй хурд, хөдөлгөөний эвсэл түүнд бий.

1984 онд “Хвидовре” клүбтэй анхныхаа гэрээг үзэглэн 3 жил тоглосон байна. Заримдаа хамгаалагчаар, зарим үед бүр довтлогчоор ч тоглодог байж.  Үүний тухай сүүлд дурсахдаа: “Хаалгач чухамдаа талбайд гарч тоглож байж хөлбөмбөгийн спортын  мөн чанарыг улам гүнзгий ойлгодог болдог юм билээ” гэсэн байдаг.
Талбайд тоглож байсан үе нь түүнд их зүйлийг зааж өгчээ. Эсрэг багийн довтлогчийн санаа бодлыг ойлгодог болж цаашдын хаалагчийн байрлалд тоглоход түүнд хэрэгтэй олон чадварыг эзэмшсэн байна.
3 жилийн дараа Данийн “Брондбю” клүбийн эгнээд очсон залуухан авъяаслаг хаалгач эл клүбтэйгээ улсын аваргын тэмцээндээ 4 түрүүлж 1 удаа цомын төлөөх тэмцээнд түрүүлсэн байна.
Залуухан хэрнээ өөрийн авъяасаа олон нийтэд харуулж чадсан хаалагч улсынхаа шигшээд анхныхаа тоглолтын 1988 онд л хийсэн ажээ. Хэдий Европийн аваргаар Данийн шигшээ дорвитой амжилт үзүүлж чадаагүй ч гэлээ өөртөө итгэлтэй тоглолт, бусдад мартагдахааргүй дүр төрх,шаргал үс, зан авираараа Шмейхель мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байна.
Данийн хөлбөмбөг тухайн үедээ Итали, Испани, Германы хөлбөгтэй адил өрсөлдөөнтэй байдаггүй байсан тул Данийн чадварлаг хөлбөмбөгчид улсдаа бус хилийн чанадад очиж нэр алдарт хүрдэг байв. Энэ хувь заяг Шмейхель ч тойрсонгүй туулж өнгөрсөн юм.
1987 онд "Брондбю" клүбийн 24 настай хаалгачийг Английн "Ньюкасл Юнайтед" сонирхож байсан хэдий ч түүний ур чадвар Английн хөлбөмбөгт гологдоно хэмээн үзээд больсон байна. Харин үүнээс 4 жилийн дараа "МанЮ" түүний 800 мянган паундаар өөрийсдийн эгнээнд нэгтгэжээ.Тэрээр "Юнйтед"-ийн бүрэлдэхүүнд 8 улирал тоглохдоо 296 тоглолт хийж жинэхэнэ хаалгач болон төлөвшжээ. Манчестер Юнайтедийн үнэнч шүтэн бишрэгчид одоо ч түүнийг тус клүбийн түүхэн дэх аугаа хаалгач хэмээн бахархан дээдэлдэг билээ. Чухамдаа Шмейхель бат найдвартай тоглолтоороо тус клүбийг үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа түрүүлж, Лигийн цомын тэмцээнд 3 удаа, Английн сүпер цомын тэмцээнд 4 удаа түрүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан юм.
Манчестер Юнайтедийг 1986 оноос хойш дасгалжуулж буй Сэр Алекс Фергусон  түүний тухай ярихдаа: "Манай баг байнга Шмейхель шиг аугаа хаалгачтай байдаг бол мөн сайхнаа. Гэвч түүн шиг дээд зэрэглэлийн хаалагч хуруу дарам цөөхөн юм даа" хэмээн дурсан ярьсан байдаг.
Улсынхаа нэрийн өмнөөс Европийн аварга шалгаруулах тэмцээнд 1992 онд түрүүлж, мөн тэр ондоо Дэлхийн шилдэг хаалгачаар шалгарсан Шмейхель зар суртачилгааны онцгой төлөөлөгч болж хувирав. Тэр үедээ  "Манчестер Юнайтед"-н бусад андуудын хамтаар "Пепси Кола" брэндийн нүүр царай болсон юм.
1999 онд "Манчестер Юнайтед" Аваргуудын лигийн шувтаргын тэмцээнд "Баерн Мүнхен"-тэй таарлаа. Баерны довтлогч Баслер торгуулийн талбай руу дөхөж ирэхэд, Шмейхель алсын булан руу цохих нь хэмээн тааж байрлалаа эзлэхэд яг зогсож байсан байрлалд нь цохиж гоол хийчихлээ. Үүний дараачаас Манчестер хотын баг дайралтаа эрчимжүүлж байсан хэдий ч Оливер Кан хаалгаа цэвэр манасаар л байв. Тоглолт дуусахад ойрхон хугацаа үлдлээ. Яг энэ үед Англид булангийн цохилт хийх эрх олдоход хаалгач Шмейхель хаалгаа орхин айлын торгуулийн талбайд гүйж ирэв.
Булангийн цохилт гүйцэтгэхэд Шмейхель агаарын тулаанд ялж бөмбөгийг Тедди Шеригемд дамжуулахад сэлгээгээр орж ирсэн довтлогч өөрт олдсон боломжоо ашиглан тооны харьцааг тэнцүүллээ. Үүнээс ердөө минутын дараа Сулшер ялалтын гоол оруулснаар "Манчестер Юнайтед" Европийн аваргуудын лигт түрүүлсэн юм.

Аваргуудын лигийн тэмцээний дараа мөн энэ ондоо Шмейхель Португалийн "Спортинг" клүбт шилжин очсон юм. Энэ гэнэтийн бөгөөд бусдыг гайхшруулсан шийдвэрийнх нь тухай сэтгүүлчид түүнээс асуухад: " Нас явж байнгын өндөр ачаалал, шахуу бэлтгэл сургуулилт, хурдтай хэмнэлийг даах надад хэцүү болсон, иймд арай тайван багт очиж байгаа юм" хэмээн хэлсэн байдаг.
2001 онд тэрээр Данийн үндэсний шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлсан хэдий ч тийм ч амархан хөлбөмбөгийн спортоосоо хагацаж чадсангүй. Энэ ондоо Англид буцан ирж "Астон Вилла", "Манчестер Сити" клүбүүдэд тус бүр нэг улирал тоглож 2003 онд сая нэг зодог тайлжээ.

Ийнхүү тэрээр спортын замналдаа цэг тавьсан юм. Өөрийнхөө залуу насыг хөлбөмбөг гэгч эл спортод харамгүй зориулж Манчестер Юнайтед клүбт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэрээр зодог тайлсныхаа дараа хөгжмийн зохиолчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мөн тэрээр нутагтаа фермерийн аж ахуй эрхэлж нам тайван байдлыг эрхэмлэх болжээ.

0 Санал хүсэлт: