ДАШТ-ий түүх #14 Уйтгартай “ИТАЛИ-90”

Nov 3, 2011

Rating: 9.7/10 (3 votes cast)


"Итали -90" ДАШТ-ий лого
“Итали-90” тооны хэлээр
ҮРГЭЛЖИЛСЭН ХУГАЦАА: 1990 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8
ОРОЛЦСОН БАГ: 24 (Европоос 14, Өмнөд Америкаас дөрөв, Хойд Америк, Африк, Азиас тус бүр хоёр)
ТОГЛОЛТ: 52
ГООЛ: 115 (дунджаар 2,21)
ҮЗЭГЧ: 2,525,243
ХАМГИЙН ИХ ҮЗЭГЧТЭЙ ТОГЛОЛТ: 75.000

УЛААН ХУУДАС: 16
11 МЕТРИЙН ЦОХИЛТ: 18 (үүнээс 13-ыг нь амжилттай гүйцэтгэсэн)
ХОТ: 12 (Ром, Флоренц, Милан, Бари, Неаполь, Турин, Генуя, Болонья, Верона,  Удине, Кальяри, Палермо)
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН: 12 (“Олимпико”, “Коммунале”, “Жузеппе Меацца”, “Сан-Никола”, “Сан-Пауло”, “Делле Альпи”, “Луижи Феррарис”, “Ренато Даль’Ара”, “Марк Антонио Бентегоди”, “Фриули”, “Сант’Элья”, “Делла Фаворита”)
ХАМГИЙН ОЛОН ГООЛ ОРСОН ТОГЛОЛТ: 5:1 (хоёр удаа)
ОЛОН БӨМБӨГНИЙ ЗӨРҮҮГЭЭР ХОЖСОН ТОГЛОЛТ: 5:1 (хоёр удаа), 4:0
АЛТАН ШААХАЙ” ШАГНАЛ: Сальваторе Скилаччи (Итали) – 6 бөмбөг
“АЛТАН БӨМБӨГ” ШАГНАЛ: Сальваторе Скилаччи (Итали)
FIFA FAIR PLAY TROPHY: Английн шигшээ баг

Сонирхолтой баримтууд
§    Өмнөх тэмцээний аваргын төлөө өрсөлдсөн багууд дараагийн ДАШТ-ий финалд ахин үлдсэн нь анхны тохиолдол болжээ.
§    Баруун Германы хөлбөмбөгчид гурав дахиа дараалан (1982-90) алтан медалийн төлөө тоглов.
§    Аргентиний шигшээ баг хоёр дахь удаагаа аваргаа хамгаалахаар ирээд нээлтийн тоглолтод ахиад л хожигджээ. “Цагаан-цэнхрүүд” 1982 онд Бельгид эхний тоглолтдоо 0:1-ээр дийлдэж байсан бол энэ удаа Камерунд мөн дээрх тоогоор хожигдсон юм.
§    1958 оноос эхлэн шигшээ тэмцээнд тогтмол оролцож ирсэн ЗХУ-ын хөлбөмбөгчид анх удаа хэсгээсээ шалгарч чадсангүй.
§    “Итали-90”-д нэг тоглолтод дунджаар 2.21 бөмбөг орсон нь хамгийн цөөхөн гоолтой ДАШТ болжээ.
§    ХБНГУ-Аргентиний тоглолт 1:0-ээр өндөрлөж, хамгийн цөөхөн гоол орсон шувтаргын тоглолт хэмээх нэрийг зүүжээ.
§    Хагас шигшээгийн хоёр ялагч тоглолтын дараах 11 метрийн цохилтоор тодорсон байна. Аргентин-Итали, ХБНГУ-Английн тоглолт үндсэн болон нэмэлт цагт 1:1-ээр дуусч, “Мексик-86”-гийн түрүүг булаацалдагчид өрсөлдөгчөө пенальтиар тус бүр 4:3-аар буулгаж авсан бөлгөө.
§    Мундиальд анх удаагаа оролцсон АНЭУ-ын шигшээ багийн зургаан тоглогч Мубарак гэсэн нэртэй байсан нь тэмцээнийг сурвалжилж байсан сэтгүүлчдийн “толгойны өвчин” болсон аж.
§    “F” хэсэгт тоглосон Ирланд, Голландын багууд хоорондоо эвийн гэрээ байгуулж, оноо, оруулсан, алдсан бөмбөгнийх нь тоо тэнцсэн тул сугалаагаар байр эзлүүлжээ. Үүний дүнд Ирланд хэсгээсээ хоёроор шалгарч шөвгийн 16-д Италитай, Голланд гурваар гарч аварга болох ерөөлтэй ХБНГУ-тай оноолт таарчээ.
§    Дэлхийн аварга Аргентинийг хожин гараагаа урамтай эхэлсэн камерунчууд явсаар шөвгийн наймд хүрэн, Африкийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу амжилтыг үзүүлсэн юм. “Номхрошгүй арслангууд”-ын эл амжилтыг 2002 онд Сенегалын хөлбөмбөгчид давтсан билээ.
§    ДАШТ-ий 1400 дахь бөмбөгийг Шведийн довтлогч Жонни Эктрём оруулсан байна.
§    “World Cup-90” ЗХУ, ХБНЮУ, Чехословакийн хувьд сүүлчийн ДАШТ байлаа. Социалист систем задран унаж, эдгээр багууд ОХУ, Чех, Серб, Хорват, Словен нэрээр дараагийн тэмцээнүүдэд оролцжээ.


Сальваторе Скилаччи (Итали)
Шилдэг довтлогч
Сальваторе Скилаччи (Итали)
1964 оны арванхоёрдугаар сарын 1-нд Палермо хотод төрсөн. То­то хочит түүнийг дасгалжуулагч сүүл­чийн мөчид багийн бүрэл­дэхүүн­дээ багтаасан гэдэг. Удахгүй мэндлэх хүүхдэдээ зориулж тоглолт бүрт гоол хийнэ гэж эхнэртээ амласан Скилаччи хэл­сэндээ бараг хүр­сэн юм. Тэрбээр Австритай хийсэн эхний тоглолтод сэл­гээгээр гарч ирээд хожлын бөм­бөг оруулсан бөгөөд энэ амжил­таараа Ж.Виал­лигийн байр суурийг эзэлж, үлдсэн бүх тог­лолтод үндсэн бүрэлдэхүүнд гарсан аж. Сицили нутгийн хүү улмаар Чехословак, Уругвай, Ирланд, Аргентин, Английн хаалгыг тус бүр нэжгээд бөмбөгөөр мялааж мэргэн буучид олгодог “Алтан шаахай” шагналыг шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналтай хамт хүртсэн юм.
“Мессина”, “Ювентус”, “Интер” багуудад тоглож байсан Сальваторе карьерийнхаа сүүлчийн жилүүдэд Японы “Жубило Ивата” клубт алба хашиж байгаад 1992 онд зодог тайлсан. Тэрбээр Италийн шигшээ багт нийтдээ 16 тоглолт хийж, долоон гоол оруулжээ.
БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ
Хаалгач: Серхио Гойкоэчеа (Аргентин), Луис Габело Конехо (Коста-Рика)
Хамгаалагч: Андреас Бреме (ХБНГУ), Гвидо Бухвальд (ХБНГУ), Франко Барези (Итали)
Хагас хамгаалагч: Диего Марадона (Аргентин), Лотар Маттеус (ХБНГУ), Драган Стойкович (Югослав), Роберто Донадони (Итали)
Довтлогч: Сальваторе Скилаччи (Итали), Роже Милла (Камерун), Юрген Клинсманн (ХБНГУ)
ДЭЛХИЙН АВАРГА ХБНГУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Бодо Иллгнер (Кельн), Раймонд Ауманн (Бавари), Андреас Кёпке (Нюрнберг)
Хамгаалагч: Штефан Ройтер (Бавари), Андреас Бреме (Интер.Итали), Юрген Колер (Бавари), Клуас Аугенталер (Бавари), Гвидо Бухвальд (Штутгарт), Томас Бертольд (Рома.Итали), Паул Штейнер (Кельн), Ханс Пфлюглер (Бавари)
Хагас хамгаалагч: Пьер Литтбарски (Кельн), Томас Хёсслер (Кельн), Лотар Маттеус (Интер.Итали), Уве Байн (Айнтрахт), Андреас Мюллер (Борусси.Д), Олаф Тон (Бавари), Гюнтер Херманн (Вердер)
Довтлогч: Руди Фёллер (Рома.Итали), Франк Милл (Борусси.Д), Карл-Хайнц Ридле (Вердер), Юрген Клинсманн (Интер.Итали),
Дасгалжуулагч: Франц Беккенбауэр
***
XIV ДАШТ-ий төлөө ЗХУ, Итали улсууд өрсөлдөж, FIFA моодны эх оронд эл эрхийг өг­чээ. Уг нь манай хойд хөршид хөлбөмбөгийн их баярыг нутагтаа залах боломж байсан боловч 1984 оны Лос-Анжелесийн олимпийг бой­кот­лосныхоо горыг амссан юм. “Бага ДАШТ” хэмээгддэг дэлхийн хамгийн хүчирхэг лигтэй, хөлбөмбөг ¹1 спорт нь болох Итали орон зургаан жил чамбай бэлтгэсний эцэст үл­гэр жишээ зохион байгуулалттай тэмцээнийг зохиосон. Хэдий тийм ч Апениний хойгт болсон энэхүү ДАШТ-ийг бүх цаг үеийн хамгийн уйтгартай тэмцээнүүдийн нэг гэж үздэг билээ.
“World Cup-90”-ийн нэг тог­лол­тод дөнгөж хоёр бөмбөг орсон нь багууд хамгаалалтдаа дэн­дүү их анхаарах болсныг илт­гэж байлаа. Бараг л бүх багууд “Гоол оруулахдаа бус хаалгандаа бөмбөг алдахгүй байх нь чухал” гэсэн уриатай Италид ирсэн мэт. “Хөлбөмбөгийн шидтэнүүд” хэмээн цоллуулдаг бразилчууд хүртэл таван хамгаалагчтай тоглосон гээд бод доо. Дээр нь шүүгчид картыг харамгүй цацаж, 173 шар, 16 улаан хуудас өргөсөн нь өмнөх хоёр тэмцээнийхийг нийлүүлснээс ч (1982 онд тав, 1986 онд найман тоглогч талбайгаас хөөгдөж бай­жээ) илүү байв. Аргентиний Педро Монсон, Густаво Дезотти нар финалын тоглолтод улаан жав­тий хүртсэн нь урьд өмнө гарч бай­гаагүй үзэгдэл юм.
Тэрчлэн “Итали-90”-ийн үеэр тоглолтын дундуур 18, тоглолтын дараа 38 удаа пенальти цохисон нь талбайд хэр зэрэг бохир, уйтгартай тэмцлүүд өрнөснийг бэлхнээ харуулна. Шувтар­гын тулааны 85 дахь минутад Бремегийн хий­сэн гоол, хүрэл медалийн төлөөх тоглолтод Скилаччигийн Английн хаалганд оруулсан хож­лын бөмбөг, дунд шөвөгт Че­хосло­вакийг буулгаж авахдаа Маттеу­сын хийсэн цорын ганц гоол, “Номхрошгүй арслангууд”-ыг номхруулсан Линекерийн хоёр бөмбөг… бүгдээрээ 11 метрийн цохилтын үр дүн байлаа. Тоймлон хэлбэл Италийн дэвжээнд уран гоё тоглолттой, довтолдог багууд бус, хамгаалсан тактик баримталсан нь илүү амжилт гаргасан юм. Энэ бүхнийг орхиод урьдчилсан болон шигшээ тэмцээний тоймоо танилцуулъя.
“Итали-90”-ийн сорилгод 103 улс оролцож, Европоос Ру­мын, Швед, Англи, ЗХУ, Австри, Голланд, ХБНГУ, Югослав, Шотланд, Испани, Ирланд, Бельги, Че­хословак, зохион байгуулагч Ита¬ли, Өмнөд Америкаас Уругвай, Ко­лумб, Бразил, аварга цолыг эзэм­шигч Аргентин, Хойд Америкаас АНУ, Коста-Рика, Африкаас Египет, Камерун, Азиас БНСУ, АНЭУ шигшээ тэмцээний визээ өвөр­төлсөн юм. Франц, Дани, Португал зэрэг шилдэг багууд энэ удаа гэртээ хоцорч, олон жил завсарласан Голланд, Швед, АНУ эргэн иржээ. Харин FIFA-гийн дүрэм журмыг зөрчсөн Чили, Мек¬сикийг урьдчилсан тэмцээнд ч оролцуулсангүй.
Италийн нэрт жүжигчин Софи Лорений татсан сугалаагаар зо¬хион байгуулагчид харьцангуй зөөлөн өрсөлдөгчидтэй буюу Авст­ри, Чехословак, АНУ-тай “А” хэсэгт хуваарилагдсан юм. Ад­зельо Вичини дасгалжуулагчтай “Скуад¬ра Аззура” төвөггүйхэн гурав хожиж, хэсгээ манлайлсан бол Чехословакийн шигшээ хоёроор шалгарчээ. Талбайн эзэд хэсгийн тоглолтын явцад үзүүлсэн үр дүнг нь харгалзан Карневале-Виал­ли хэмээх довтолгооны хос­лолоо Бажо-Скилаччи хэмээх дуэтээр сольсон байна.
Харин “В” хэсэгт дэлхийн аварга Аргентин ЗХУ, Румын, Камерун зэрэг “хатуу боорцогнууд”-тай оноолт таарчээ. Сугалааны дараа багийн ах¬лагч Диего Марадона “Зохион бай­гуу­лалттайгаар Италид зөөлөн, би¬дэнд хатуу учраанууд оноолоо” хэмээн заргалдаж, нэр төрдөө сэв суулгасан аж. FIFA-гийн боссууд болон Марадона нарын хоорондох таагүй харьцаа үүнээс үүдэлтэй гэдэг. Заргач аргентинчууд нээл­тийн тоглолтод хоёр ч хүн дутуу Камеруныг барсангүй, 0:1-ээр дийлд­сэн бөгөөд үлдсэн учраа Ру­мын­тай 1:1-ээр тэнцэж, ЗХУ-ыг 2:0-ээр хожсоныхоо хүчинд хэс­гээсээ арай гэж гурваар шал­гарсан байна. Энэ группийг “юу ч санадаггүй” орос эрээр (Камеруны шигшээг Зөвлөлтийн мэргэжилтэн Валерий Непомнящий дасгалжуулж байв) удирдуулсан “Хар тив”-ийн төлөөлөгчид дөрвөн оноогоор тэр­гүүлжээ. Гэхдээ “Номхрошгүй арс­лангууд”-ыг тэрнээс ч хол яв­на гэдгийг тухайн үед яахин мэдэх билээ. 1958 оноос хойш оролцсон ДАШТ бүртээ шөвгөрч байсан оросууд энэ удаа сүүлийн байрыг эзэллээ. Уг нь тэд сүүлийн тойрогт Роже Милла болон түүний нөхдийг 4:0-ээр бутниргэж, бяц­хан найдвараа хадгалж үлдээд байв. Даанч Аргентин-Румыний тог­лолтод ялагч тодроогүй тул тэдний мөрөөдөл замхарсан юм.
“С” хэсгээс урьдчилан таамаглаж байсан ёсоор Бразилийн шиг­шээ бүх өрсөлдөгчөө хожин гарч ирлээ. Хэдийгээр трикампеонууд нэг ч оноо алдаагүй боловч дас­гал­жуу­лагч Себастьяно Лаза­ронигийн хамгаалах тактик бүг­дэд таалагдахгүй байлаа. Шар цамцтанууд хэсгийн гурван тог­лол­тод ердөө дөрөвхөн гоол оруул­cан нь шүүмжлэлийн бай болоход хүргэжээ. Харин югослав мэр­гэжилтэн Б.Милутиновичийн Коста-Рикаг хоёроор шалгарна гэж төсөөлж байсан хүн үгүй биз ээ. Мексик FIFA-гийн шийтгэлийг амс­саны ачаар Дэлхийн цомын тэм­цээний утааг анх удаагаа үнэрлэж буй латин америкчууд Шотландыг 1:0, Шведийг 2:1-ээр буулган авсан юм. Бора ч өөрөө багийнхаа амжилтад тийм ч итгэлтэй байгаагүй нь тэмцээний өмнө “Хэрвээ манай баг хэсгээсээ гардаг юм бол би Генуягаас Ром хүртэлх замыг галуун цуваа явалтаар туулахад бэлэн” гэж хэлснээс нь харагдана. Мэдээж тэр амлалтандаа хүрээгүй нь тодорхой. Тэгвэл “D” хэсгийг Франц Беккен­бауэрын цэргүүд итгэл төгс тэр­гүүллээ. Югославыг 4:1-ээр, АНЭУ-ыг 5:1-ээр давамгайлсан эх­¬ний хоёр тоглолтоос нь ажихад л германчууд аваргын хэмжээний тог­лолт үзүүлж буй цорын ганц баг байлаа.
“Е” хэсгийг Испани өнгөлж, Бельги, Уругвай удаалсан. Өмнөд Солонгосчууд бүх тоглолтдоо хожигдож, дэлхийн аваргаас анхны оноогоо авах мөрөөдлөө ахиад л хойшлуулах болов. Ялангуяа хам­гаа­лалт, довтолгоо жигдхэн Бель­гийн баг онцгой сэтгэгдэл төрүүлсэн. “Улаан чөтгөрүүд”-ийн хаалгач Ми­шель Прюдомм үүр­гээ сайн гүй­цэтгэхийн зэрэгцээ жен­тельмен чанараараа үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн юм. Уругвайтай хийсэн тоглолтод шүүгч эсрэг багийн тоглогчийг шар хуудсаар тор­гох гэж байхад тэрбээр гуйж болиулсан аж.
“Евро-88”-ынх шиг оноолт “F” хэсэгт тохиож Англи, Ирланд, Голланд нэг хэсэгт орсон. Тэдэн дээр Египет нэмэгдсэн бөгөөд Британийн хоёр баг хэсгээ толгойлж, Голланд гурваар шалгарав. Сонирхуулахад Голланд, Ирландын оруулсан болон алдсан бөмбөгнийх нь тоо яг тэнцэж, хоорондын тоглолтод эвийн гэрээ байгуулсан тул сугалаагаар байр эзлүүлсэн юм.
Камерунчуудын гайхамшиг шөвгийн 16-д ч үргэлжилж, хэсэг­тээ Баруун Германтай тэнцсэн Колум¬бийн хүчтэй багийг хаалгач Рене Игитагийнх нь бүдүүлэг алдааг ашиглан 2:1-ээр хожлоо. “Хи­лэнцэт хорхой” хаалтаараа нэрд гарсан шоучин Игита эсрэг багийн довтлогч Роже Миллаг хуурах гэж бай­гаад бөмбөгөө таслуулсан юм. Энэ даваанд Чехословак Коста-Рикаг 4:1-ээр, Итали Уругвайг 2:0-ээр, Аргентин Бразилийг, Англи Бельгийг тус бүр 1:0-ээр, ХБНГУ Голландыг, Югослав Испанийг тус бүр 2:1-ээр хожиж, Ирланд Румы­нийг торгуулийн цохилтоор ялжээ.
Эдгээрээс хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгд зүй ёсоор “мөн­хийн өрсөлдөгч” Бразил-Ар­ген­тиний тулаан тооцогдож бай­лаа. Бразилчууд тоглолтын турш санаачлагыг аван довтолсон ч гэм­тэлтэй Нери Пумпидогийн оронд хаалган дээр зогссон залуухан хаалгач Серхио Гойкоэчеа найдвартай байж, заримдаа бүр хаах боломжгүй гэмээр цохилтуудыг ня¬цааж байв. Аргентинчууд ийн хам­гаалсаар цаг дуусахаас найман минутын өмнө Италийн “Аталанта” багт алба хашдаг урт үст довтлогч Клаудио Канижиа хожлын гоолыг оруулах нь тэр. Аргентиний лидер Марадона Бразилийн гурван ч хамгаалагчийг өөр дээрээ татаж байгаад оновчтой дамжуулалт өг­сөн юм. Энэ тоглолтыг цэнхэр дэлгэцээрээ үзэж байсан цөөнгүй торсида (Бразилд хөгжөөн дэм­жигчдийг ингэж хэлдэг) эм­нэлэгт хүргэгдэж, арав гаруй хүний зүрх зогссон баримт бий.
Үүнээс дутахааргүй сонирхолтой тулаан ХБНГУ-Голландын хооронд бол­сон. Улбар шарууд хэдийгээр “Евро-88”-д түрүүлсэн шигээ гялалзсан тоглолтыг үзүүлэхгүй бай­сан ч Германы дасгалжуулагч Беккенбауэр Лео Бенхаккерын шавь нараас ихэд эмээж байлаа. Уг

Райкаард (Голланд) Руди Фёллерийг (Герман) нулимаж байна
тоглолтын 22 дахь минутад Германы гол довтлогч Руди Фёллер шударга бусаар талбайгаас хөөгдсөн ч (тэрбээр Франк Райкаардтай мар­галдаж, үс рүү нь нулимсан аж) “Интер”-ийн гурвал Клинсманн-Бреме-Маттеус нар “Милан”-ы гур­вал Гуллит-ван Бастен-Райкаард нараас илүү байж 2:1-ээр ялсан билээ. Хүнд хэцүү 90 минутын дараах хэвлэлийн бага хурал дээр Кайзер “Гол өрсөлдөгчөө буулгаж авсан бидэнд саад болох баг одоо байхгүй” хэмээн ил тод мэдэгдэж байв. Англичууд Бельгийг нэмэлт цагт хожсон бөгөөд пенальти цохихоос ганцхан минутын өмнө Дэвид Платт хожлын бөмбөгийг хийжээ.
Дунд шөвөгт англичууд тэм­цээний нээлт Камеруныг туршлага зааж хожсон бол немцүүд Югос­лавыг эргэлзээтэй пенальтиар, Ита¬ли Чехословакийг од нь гийсэн Скилаччигийн гоолоор, Аргентин Югословыг торгуулийн цохилтоор буулгаж авсан. Хагас шигшээгийн хоёр тоглолт ч мөн л тоглолтын дараах 11 метрийн цохилтоор ший­дэгдсэн. Талбайн эзэн Итали Аргентинтай таарч, уламжлал ёсоор Скилаччи өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаан тэргүүлж эхлэв. Гэвч тэдний давамгайлал тийм ч удсангүй, 67 дахь минутад Канижиа мөргөж гоолдов. Энэ нь тэмцээний туршид Вальтер Зенгагийн хаалгандаа алд­сан анхны бөмбөг байлаа.
Хиусти талбайгаас хөөгдсөний дараа шүүгч талбайн эздэд давуу тал олгож, найман минут гаруй цаг сунгасан ч “цагаан-цэнхрүүд” үр дүнгээ хад­галж дөнгөлөө. Улмаар 11 метрийн цохилтод Гойкоэчеа багаа дахин аварч, финалд шалгаруулав. Хагас шигшээгийн нөгөө тоглолтод ХБНГУ-Англи 1:1-ээр тэнцэж, хэзээд сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байдаг германчууд пенальтиар 4:3-аар хожсон юм. Уг нь хөлбөмбөгийн эх орныхон 120 минутын турш илүүрх¬сэн ч шийдвэрлэх мөчид Пирс цохилтоо хаалгуулж, Уоддл гадуур цохижээ.
Хүрэл медалийн төлөөх тог­лолтод мөнөөх италичууд 2:1-ээр ялалт байгуулсан юм. Шийдвэрлэх бөмбөгийг Скилаччи пенальтиар оруулсан бөгөөд энэ гоол түүнд ДАШТ-ий мэргэн буучийн алдрыг шилдэг тоглогчийн өргөмжлөлтэй нь хамт авчирчээ.
1990 оны долдугаар сарын 8-нд Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон шигшээ тог­лолт германчуудын илэрхий давам­гайллаар өндөрлөллөө. Үндсэн бүрэл­дэхүүний дөрвөн ч тоглогчгүй тал­байд гарсан аргентинчууд тэдэнд олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй байсаар хожигдсон юм. Хожлын бөмбөгийг Италийн “Ин­тер” багт алба хашдаг Андреас Бреме 85 дахь минутад торгуулийн цохилтоор оруулснаар германчууд гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон билээ. Германы дас­гал­жуулагч Франц Беккенбауэр Бразилийн Марио Загало шиг тоглогч, дасгалжуулагчийн хувиар дэлхйин аварга болсон хоёр дахь хүн болон түүхэнд тэмдэглэгдсэн билээ.

0 Санал хүсэлт: