1985 оны 1 сарын 20. Сан сирод Милан – Удинезе багуудын тоглолтын 2-р хагас эхлэх гэж байв. Серхио Батистини бэртэл авсан тул Нилс Лиедхольм залуу хүү Малдиниг талбайд гаргахаар шийджээ. Цэнгэлдэхэд суусан үзэгчид ‘Бурхан минь, яг Чесаре байна шүү”, ”адилхан гэж жигтэйхэн юм”, ”сайн жаал гэсэн, аавынхаа шийрийг хатаана байх” хэмээн ярилцаж байв. Энэ бол Паологийн милан дахь анхны тоглолт байсан юм. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч тэр цагаас хойш 24 жил өнгөрчээ. Өнөөдөр тэр энэ цэнгэлдэхдээ, 24 жилийг хамт үдсэн үнэнч дэмжигчидтэйгээ салах ёс хийх гэж байна. ”Агуу, шилдэг гэсэн тодотголтой тоглогчид түүхэнд зөндөө л байдаг. Гэхдээ тэдгээрээс нэг алхамын өмнө явдаг хэдхэн тоглогчид байдгийн нэг нь Малдини” гэсэн Дель Пьерогийн магтаал ч оргүй зүйл биш. Өдгөө 41 насыг зооглож яваа энэ эрхмийн туулсан он жилүүдээс хөлбөмбөгийн үе үеийн түүхийг харж болно. Тэр 1990 оны ДАШТ-н хагас шигшээд Аргентиний эсрэг Донадони хэрхэн пеналти алдахыг, 1994 оны ДАШТ-н финалд Бажжог хэрхэн ”шувуу буудахыг” бас 2005 оны тэр нэгэн үдэш Истанбулд Жеррардыг хэрхэн цом өргөхийг нулимстай нүдээр харж байсан. Мөн 1988 оны Европын аваргад Зөвлөлтийн шигшээ, Италийг ялахад , 1994 оны Аваргуудын лигийн финалд Милан, Барсаг 4 : 0-р бутниргэхэд, 2003 оны финалд Ювентусыг пеналтиар буулган авахад ч байж л байсан. Ер нь Паолог хөлбөмбөгийн түүхийн нэвтэрхий толь гэчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Мөнхийн лидер …
Хөлбөмбөгтэй амьдралаа холбосон 20 жилийнхээ карьерт тэр нийт 7 удаа скудетто өргөж, 5 удаа Аваргуудын лигийн цомыг хүртэж байсан. Үүн дээр жижиг сажиг цомуудыг нь нэмэх юм бол тоймгүй их тоо гарна. Гэхдээ миний бодлоор тухайн тоглогчыг хэр зэрэг аугаа, шилдэг нэгэн байсан бэ гэдгийг авсан цом шагналаар нь бус хөгжөөн дэмжигч фенүүдийн хайр талархлыг хэр зэрэг хүлээдгээр нь дүгнэх ёстой мэт санагддаг. Зарим тоглогчид карьерийнхаа туршид авч үзээгүй шагналгүй хэрнээ, хамгийн чухал зүйл болох фенүүдийн хүндлэл хэмээх зүйлээр дутагддаг. Харин Малдинигийн хувьд бол зөвхөн милан, италийн фенүүд гэлтгүй дэлхий дээрх бүх хөлбөмбөг сонирхогчдын хүндлэлийг хүлээдэг нь түүнийг ямархуу энтэй тоглогч вэ гэдгийг бага ч гэсэн тодруулж байгаа байх. Паоло ногоон талбайд лидер байж чаддаг шигээ талбайн гадна ч багийнхнаа удирдан чиглүүлж, залуу тоглогчдод заавар зөвлөгөө өгч , шинээр ирсэн тоглогчдыг багийнхантайгаа дасан зохицоход тусалж дэмждэг. Өдгөө Миланы амин зүрх болоод байгаа Кака нэгэнтээ ”Анх италид ирээд хэцүүхэн л байсан. Харин малдини намайг багийнхантай танилцуулж, шинэ орчиндоо хурдан дасан зохицоход минь тусалсан. Тэр бол үнэхээр удирдагч байхаар заяагдсан хүн” хэмээн өгүүлсэн удаатай. Малдинигийн тогтоосон рекорд амжилтуудыг энд өгүүлэх юм бол цаг цаас дэндүү их орно. Тиймээс тоймтой хэдээс нь дурьдахад 2007 оны 5 сард Паоло Миланы төлөө 600 дахь тоглолтоо хийсэн бөгөөд Дино Зоффын эзэмшдэг байсан Сери А-н хамгийн олон тоглолт хийсэн амжилтыг 571 дэх тоглолт дээрээ эвдчихсэн гэж байгаа.
Одоогоор түүний Сери А, болон италийн шигшээд (126) хамгийн олон тоглолт хийсэн амжилтыг эвдэх нь байтугай ойртож очиж самбаатай аавын хүү алга л байна. Шигшээ, болон клубт хийсэн нийт тоглолтыг нь нийлүүлвэл бараг 1000 давах байх. Бас л сүрдмээр үзүүлэлт шүү.
Энэ аугаа эрхэмийн шагналын цуглуулганд ФИФА-н оны шилдэг болон европын шилдэгийн шагнал байдаггүй нь харамсалтай . 1995 онд тэр оны шилдэгт ойртож ирсэн ч Либери довтлогч Жорж Вийд алдчихсан. 1994 он буюу Аваргуудын лигт түрүүлж, ДАШТ-н финалд шалгарсан жил нь ч гэсэн Баллон Д’ор-ыг өгөөгүй нь олон Миланиста нарыг гонсойлгож байсан. Энэ талаар тэрээр ”хамгаалагчид бид үргэлж довтлогчдын сүр дуулианд дарагдаж ,ард нь хоцордог. Гэтэл үнэн яг үнэндээ бид чинь тэднээс ч илүү хөдөлмөрлөж тоглолтын хүндийг үүрч байдаг юм шүү дээ. Франко Бареси бол энэ шагналыг гарцаагүй хүртэх эрхтэй тоглогч’ байсан’ гэжээ.
Малдинигийн түүх үргэлжилсээр
Паоло төрсөн цагаасаа л Милантай амьдралаа холбосон. Түүний аав Чесаре Малдини 1954–1966 оны хооронд Хар-улаануудын бүрэлдэхүүнд багтан дөрвөн скудетто, 1 европын цом хүртэж байсан домогт тоглогчдын нэг байсан болохоор арга ч үгүй биз. Эцэг нь хүүдээ Миланы домогт тоглогчдын талаар, гайхалтай амжилтуудын талаар ярьж өгч, Сан сирод дагуулад очиж тоглолт үзүүлдэг байсан гэдэг. Энэхүү Малдинигийн гэр бүлийн уламжлалыг өдгөө Паологийн том хүү Кристиан үргэлжлүүлэхээр зүтгэж буй. ”Хүүгийн маань нас балчир байна. Тиймээс түүний ирээдүйн тухай ярихад арай л эртдэх байх. Гэхдээ мэдээж тэр мэргэжлийн тоглогч болвол миний явсан замналаар яваасай л гэж би хүснэ” хэмээн Малдини нэгэнтээ өгүүлжээ. Магадгүй ирээдүйд Кристианы нуруун дээр эцгийнх нь 3 дугаар гялалзахыг үгүйсгэх аргагүй. Ингээд эцэст нь түүний тухай хамт хүчин зүтгэж явсөн нөхдийнх нь хэлсэн үгийг сонирхуулья.
Массимо Агостини (Милан)
Хэдийгээр би түүнтэй ганц хан улирал хамт тоглосон ч энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Түүний хөлбөмбөгт хийж бүтээсэн бүхнийх нь төлөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Түүн шиг тоглогч 100 жилд нэг л төрнө.
Стефана Нава (Милан)
Паоло бол миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн ухаалаг нь. Зөвхөн талбай дээр ч биш, талбайн гадна ч тэр жинхэнэ жентельмен байж чаддаг. Бид хоёр хамтдаа өсөн торниж, хамт тоглож өдий хүрсэн. Одоо ингээд их спортоо орхих гэж байгаа нь хэдий харамсалтай ч, тэр өөрийн хийх ёстой зүйлээ бүгдийг хийсэн.
Алесандро Мели (Милан)
Зодог тайлаад ч амжилт ялалтын цуваагаа тэр үргэлжлүүж чадах байх. Миний бодлоор Паолод шилдэг дасгалжуулагч болох авьяас чадвар бий. Яг л Анчелотти шиг эргээд Миланд эргээд ирнэ гэдэгт иртэж байна.
Блиц анкет
Бүтэн нэр : Паоло Чесаре Малдини
Төрсөн огноо : 1968.6.26 (Милан/Итали)
өндөр : 186 см
Байрлал : хамгаалагч
Дугаар : 3
АС Милан : 1983 – 2009 (645 тоглолт 29 гоол)
Италийн шигшээ багт : 1988 – 2002 (126 тоглолт 7 гоол)
Шагнал : Сери А-д 7 удаа түрүүлсэн. (1987-88, 1991-92, 1992-93, 1993-94, 1995-96, 1998-99, 2003-04)
Аваргуудын лигт 5 удаа түрүүлсэн (1988-89, 1989-90, 1993-94, 2002-03, 2006-07)
УЕФА-н супер цом 5 удаа хүртсэн (1989, 1990, 1994, 2003, 2007)
1994 оны ДАШТ, 2000 оны Европын аваргын мөнгөн медальт
Хувийн амжилт
Сери А-гийн шилдэг хамгаалагч 2004
УЕФА оны шилдэг багт багтсан : 2003, 2005
Пелегийн нэрлэсэн шилдэг 100 тоглогчийн нэг
2007 оны аваргуудын лигийн шилдэг хамгаалагч
0 Санал хүсэлт:
Post a Comment