20-р зууны шилдэг дасгалжуулагч Ринус Михэлс

Oct 31, 2011

Rating: 10.0/10 (1 vote cast)
rinus_michelsТэрээр 1928 оны 2 сарын 28-нд Амстердамд төржээ. 12 настайдаа Аяксын хүүхдийн багт ороод 4 жилийн дараа А багт анх удаа тоглосон аж. Энэ цагаас хойш 30 нас хүртэл Аяксын бүрэлдэхүүнд тоглохдоо 257 тоглолтод 120 гоол хийжээ. Толгойгоороо сайн тоглодог байсан тэр мөргөхдөө бүгдээс илүү байв.

Зодог тайлсныхаа дараа спортын шинжлэх ухаанаар суралцсан Михэлс 60-аад оны эхээр Холландын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн сургалтыг дэмжих бодлого барьж эхлэх үед хөлбөмбөгийн багшийн лиценз авчээ. Лицензээ авуут Аяксын сонирхогчдын багийг дасгалжуулах болов. А баг нь заналт Фэйеноордод 4:9-өөр гутамшигтайгаар хожигдон түүхэн дэх хамгийн том ялагдлаа хүлээн, доод лиги руу унах аюул нүүрлэсэн үед Михэлс А багийн дасгалжуулагчаар нэрлэгдэв. Сахилга батыг дээд зэргээр эрхэмлэдэг тэр ирэнгүүтээ салан задгай байсан багийн хэмнэлийг орвонгоор нь өөрчлөн тоглогчдын шар шүүсийг шахаж эхэлснээс гадна 1915-1949 оны үед Аяксын дасгалжуулагч байсан Жэк Рэйнолдсын үндэс суурийг нь тавьсан “Нийтийн хөлбөмбөг”(недерландаар Totaalvoetbal)-ийг гол онолоо болголоо. Рэйнолдс хэдийн үндэслэсэн ч энэ зарчимдаа тохирох тоглогчдыг сонгож чадахгүй байснаар амжилт олоогүй юм. Михэлс Тотэл Фүтболд өөрийн гэсэн аргуудыг нэлээдгүй нэвтрүүлснээс гадна түүний хамгийн том аз нь Иохан Кройфф түүний багт байлаа. Кройффоос гадна Нээскэнс, Крол, Рэп, Сварт, Суурбиер зэрэг олон талт тоглолт гаргадаг авьяаслаг хөлбөмбөгчид түүний тактикийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан юм.
“Нийтийн хөлбөмбөг”-ийн гол зарчим нь тун энгийн. Тогтсон байрлал гэж үгүй. Хагас хамгаалагч урагш довтолгоонд оролцвол хамгаалагч түүний байрыг нөхнө. Хэрэв хамгаалалтад орвол довтлогч хойшоо ухарч түүний байранд очих ёстой. Өөрөөр хэлбэл довтлогч хүн довтлохоос гадна төвд бас хаалганы өмнө ч очиж тоглох ёстой. Энэ зарчмаар багийн бүх 10 тоглогч бүх 10 байрлалд тоглодог байв. Хамгаалалтад зэрэг орохоос гадна довтолгооны үед 10-уулаа зэрэг дайрдаг байв. Ингэж байгаад контр алдсан тохиолдолд бүгд маш хурдан нэгэн зэрэг ухарч хориг хамгаалалтыг хийх ёстой байлаа. Үүний тулд хамгийн гол нь бөмбөгөө бат эзэмшиж чаддаг техник сайтай тоглогчид хэрэгтэй байв. Михэлс ийм тоглогчдыг олж чадсан юм.
“Нийтийн хөлбөмбөг”-т хамгийн гол шаардагдах зүйл нь хурд байлаа. Бэлтгэл дээрээ тэд хурдаа сайжруулах дасгал дээр онцгой анхаарал тавьдаг байв. Ринусын тактикийг төгс болгож чадсан Кройфф багийнхандаа тоглолтын үеэр хаашаа гүйж очихыг үргэлж зааварладаг байжээ. Энэ тактик ойлгоход хамгийн энгийн хэрнээ хамгийн хүнд хувилбар байлаа. Тухайн үед Аякс болон Аяксаас гол цөм нь бүрдсэн Холландын шигшээ л энэ аргыг эзэмшиж чаддаг байлаа.
rinus-michels2Ринус Аякст ирүүт амжилт олсон тактикийнхаа хүчээр доош унах гэж байсан багийг лигийн аварга болголоо. Дараагийн 4 жилд нь 3 удаа аваргалснаас гадна лигийн цомыг гурвантаа хүртлээ. Тотэл Фүтболын амт шимтийг хамгийн анх мэдэрсэн нь Английн фэнүүд байлаа. 1967 оны Европын аваргаар Ливерпүүлтэй таарч тэднийг 5:1-ээр бут ниргэсэн юм. 2 жилийн дараа бусад улс үндэстнүүдийг толгой эргэм зарчмаараа сэнсрүүлсээр финалд үлдсэн ч Миланыг барсангүй. Гэсэн ч дахин 2 жилийн дараа Панатинаикосыг ялснаар аваргалж чадлаа. Жилийн дараа Барселон уруу одсон Михэлсийн орыг авсан Ковакс тактикт огтхон ч гар хүрэлгүйгээр Интерийг финалд 2-0-оор ялан аваргаа хамгаалав. Энэ үед Европын хэвлэлүүдээр Тотэл Катеначчио Тотэл Фүтбол-ын өмнө өвдөг сөхөрлөө хэмээн шуугиж байжээ. Удаах жил нь мөн л хамгаалалтаараа алдаршсан Ювентусыг хожин 3 дараалан Европын тавцанд босоо үлдлээ. Гурвууланд нь клийн шийтээр аваргалсан гэдэг нь хамгаалалтын арга нь ямархуу сайн байсныг илтгэнэ. 20-оод жилийн тэртээ л 3 дараалан аваргалсан явдал тохиолдож байв. Бэкэнбауэрын гаргасан довтолгооны либеро хэмээх тактик нь амжилт олж, удаах 3 жилд нь Бавари Мюнхэн дараалан аваргалсан юм.
Кройфф Барселонд очоод Тотэл Фүтболын зарчмыг мэдэхгүй тоглогчидтой таарснаар хүндрэл учирч байлаа. 1973 онд араас нь Кройфф очсоноор Барса ирэх жилд нь лигийн аварга боллоо. 1974 оны дэлхийн аваргаар Ринус шигшээгийнхээ багийг дасгалжуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээв. Тэмцээн эхлэхээс өмнө л хөлбөмбөг сонирхогчид, экспертүүдийн дийлэнх нь Холланд аваргална хэмээн эргэлт буцалтгүй дүгнэж байлаа. Тэдний таамгийг батлан Холланд финалд очих замдаа 1-р тойрогт Болгарыг 4:1-ээр хожихдоо ганц гоол алдсаныг эс тооцвол клийн шийт хийлээ. Хийх хийхдээ бүр мундагуудыг замаасаа авч хаяв. 2-р тойрогт Аргентиныг 4:0, 1-р тойрогт Холбооны Германы урд гишгэн хэсгээ тэргүүлсэн Ардчилсан Германыг 2-0, Бразилыг 2-0-оор хожин финалд үлдлээ. Нөгөө талаас 2-р тойрогт клийн шийтээр хэсгээ тэргүүлсэн Холбооны Герман зогсож байлаа. Тоглолтын өмнө зарим хэвлэлүүд Тотэл Фүтбол Тотэл Дисциплины эсрэг – Зууны шилдэг тулаан хэмээн бахархан бичиж байв. Тоглолт ч эхэллээ.
michelscruff_pr275
Кройфф багийн нөхөртөө бөмбөгөө өгөөд бөмбөг цааш бараг бүх тоглогчдоор 13 байрлалаар дамжин эргээд өөрт нь ирэх үед өөрийг нь манах үүрэгтэй Берти Фогтсыг хуураад довтлох үед торгуулийн талбайд Ули Хөнэсс алдаа гарган унагав. Нээскэнс пеналтиг цохиод 1-0 болголоо. Тоглолт эхлээд ердөө 80 секунд болж байхад гайхамшигт хувилбараас эхтэй тэрхүү гоол эсрэг багийн нэг ч тоглогчдод бөмбөг очилгүйгээр орсон юм. Харамсалтай нь эцэст нь Герман аваргалсан.
Дэлхийн аваргын дараа Михэлс Аякст буцан очсон ч удалгүй Барса уруу 2 дэх удаагаа явж Испаний лигийн цомыг авлаа. Удаах 2 жилд нь өөрийнх нь хошигнон хэлснээр “Цалинтай амралт” хийн Лос Анжелос Азтекс-т ажиллав. 1980 онд Бундэслигийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болон Көлнд ирлээ. Эхний улиралдаа лигид 8-р байрыг эзлэв. Хэд хэдэн томоохон сэлгээ хийснээр ирэх улиралд нь Бавариг 4-0-оор бут ниргэн намрын аваргаар тодорсон ч улирал дуусах үед Хамбургээс 3-хан онооны зөрүүтэй дэд аварга боллоо. Дараагийн жилд нь холбооны цомын аваргыг хүртсэн.
Германд өнгөрүүлсэн 3 жилийн дараа 1984 онд шигшээгийнхээ техникийн захирлаар очоод 2 жилийн дараа дасгалжуулагчаар томилогдов. 1988 оны Европын аварга эхэллээ. Ван Бастен, Гуллит Райкаард нарын шилдэг тоглогчдыг Ринус удирдан амжилттай тоглосоор хагас шигшээд эртний заналт дайсантайгаа учирлаа. Лотар Маттеус эхэлж гоолдон Герман тэргүүлж байсан ч “Их буу” Куман, ван Бастен нар гоолдсоноор финалд үлдэж байсан түүхтэй. Ринус үүнийгээ Мюнхены өшөө авалт гэсэн байдаг. Шигшээ тоглолтод ЗХУ-тай тааран Гуллит, ван Бастен 2-ын гоолоор аваргалав.
Дараа нь тэр дахин Бундэслигт очив. Амжилт тааруу байсныгаа тайлбарлахдаа тэр “Көлнд би од тоглогчид дээр унтарсан. Лэвэрзузэнд бол од тоглогч алга, тоглогчид хөлбөмбөгт дэндүү зоригтой хандаж байлаа” гэжээ. 1992 оны Европын аваргаар дахин шигшээдээ очлоо. Аварга болох хувьтай байсан Данид 11 метрээс хожигдсоны дараа дасгалжуулагчийн алдар суут замналаа бүрмөсөн орхисон юм. Түүнийг Недерландын хөлбөмбөгийн эцэг гэдэг. Кройфф хожим дурсахдаа “Тоглогчийн хувиар ч, дасгалжуулагчийн хувиар ч хамгийн ихийг би түүнээс л сурсан” гэсэн байдаг. Кройффээс эхлээд өдгөөгийн ван Бастен хүртэл түүний 4-3-3 байрлалд тууштай байгаа билээ. Орчин цагийн хамгаалалт голлосон уйтгартай хөлбөмбөгт харууштай тоглолт гаргадаг энэ багийн үндсийг чухамхүү Ринус Михэлс л “Нийтийн хөлбөмбөг”-ийнхөө үрээр бий болгосон билээ. Тэрээр 2005 онд 77 насандаа насан өөд болсон юм.
1999 онд ФИФА түүнийг “Зууны шилдэг дасгалжуулагч”-аар тодруулсан ажгуу.

0 Санал хүсэлт: