Антонио бол хөлбөмбөгийн түүхэн дэх хаалттай цохилтын шилдгүүдийн нэг байсан ба байсаар ч байх болно. Аугушто – Францын 7 удаагийн аварга. Рибеиро эхлээд заалны хөлбөмбөг тоглодог байгаад дараа нь том хөлбөмбөгт урважээ. Бяцхан Жуниорийг өхөөрдөн Жуниньо гэдэг байв. Эдгээр бүх нэрс нэг л хүнд хамаатай болохыг дэлхийгээрээ мэддэг болгохоор дээр нь Пернамбукано хэмээн нэмжээ.
Антонио Аугушто Рибеиро Жуниньо Пернамбукано = Жуниньо – Лионы алдартай, мартагдашгүй агуу тоглогч.
34 настай тэрээр Катар явлаа. Өмнө нь сайн таниж мэдэхгүй, ойлгомжгүй, төрөлх Бразил нутгаас нь алс хол, хүнийх мэт санагдаж байсан Лионоо орхиж байна. Тэр цагт Францын хөлбөмбөгт хэн ч биш байсан Лион хотын багаа орхилоо. Тэр үед Бразилдаа хүртэл олонд танигдаж амжаагүй байсан Жуниньо, Европт байр сууриа хэдийнэ олж Монако, Барселонад тоглож амжаад Лионд ирээд байсан Сонни Андерсон руу залгасан нь гайхамшигтай амжилтынх нь эхлэл байжээ. Сонни Андерсон түүнд “хүрээд ирээ, эргэлзэх хэрэггүй…энд бразилчүүд бас амбици ч хангалттай байна” гэж зөвлөжээ.
Тэрээр ачаагаа бэлдэж аваад, хаалттай цохилтын мастерүүд цохилт гүйцэтгэхийн өмнө амьсгаагаа дардаг шиг гүнзгий амьсгалаад хүүхэд насаа дурсав…Төрөлх хот Ресифедээ үеийнхээ найзуудтайгаа заалны хөлбөмбөг тоглож эхэлсэн тэдний үеийг алтан үе хэмээн нэрлэж байв. Алтан үеийг тэрээр “том” хөлбөмбөгт амталсан. Спорт Ресифед түүнийг “том” хөлбөмбөгийн ачааллыг дааж чадна гэдэгт итгэж байсан хүмүүс байсан юм. Тэд нарын үр дүнд сонголтоо хийсэн жаалхүү хэдхэн жилийн дараа алдарт Васку Да Гама багт тоглож байлаа.
Тэнд байнга хожилын амтыг мэдэрч улсын аварга, Либертадоресын цомын аварга болов. Цом авсан жил хагас шигшээд Аргентины Ривер Плеиттэй хийсэн тоглолтонд Жуниньо хаалттай цохилтоос шийдвэрлэх гоолыг оруулсан юм. Шигшээ багтай дебют хийж амжсан ч удаан хугацаанд үндэсний шигшээ багт түүний тусламж хэрэг болсонгүй…Харамсалтай нь довтлох чиглэлийн төвийн хагас хамгаалагчид Бразилд үргэлж л хангалттай байдаг байлаа.
Үндэсний шигшээ багт байхдаа гайхалтай нэг амжилтыг тэр үзүүлсэн нь 1999 оны 9 сарын 7нд Порту Алегрид болсон Бразил Аргентины шигшээ багийн тоглолтонд 15 минут тоглосон тэрээр шууд нисэх буудал руу явж, хэдийгээр онгоц саатсан ч Уругвайн Монтевидео хот руу нисэж очин тэндхийн Насьонал багтай хийсэн Меркосурийн цомын төлөөх тэмцээнд Васку Да Гама багийнхаа тоглолтонд оролцож амжжээ. 2 өөр улсад 1 өдөр болсон олон улсын чанартай тэмцээнд 2уланд нь тоглож амжсан тоглогч хайгаад нэг их олохгүй л болов уу.
Дараа жил нь Жуниньо багийнхаа хамт Меркосурийн цомд түрүүлсэн бөгөөд шигшээ тоглолтын нэгэнд тэрээр гоол хийсэн юм. Тэр үеийн Васку Да Гама их сайн байлаа. Хаалгач Элтоноос гадна Жуниор Байано, Жуниньо Паулиста / түүнээс болж тэрээр нэрэндээ нэмэлт оруулахаар болсон / , Ромарио нар тоглож байв. Нэг үгээр хэлэхэд төрөлх багаа орхиход хүнд байсан бөгөөд болельшикууд ч түүнд хайртай байв… Ингээд тэрээр Франц руу нисэх 3 билет захиалсан нь 2001 он байлаа.
Лионтой гэрээ байгуулах үед гэр бүлтэй болчихсон байсан бөгөөд эхнэр охины хамт хамаатан саднаа орхин алс орныг зорилоо. Васку Да Гама шилдэг тоглогчоо алдахгүй гэж нэлээн үзсэн ч барсангүй. Түүний өмгөөлөгчид шүүхийн өмнө гэрээ хү*** төгөлдөр болсон гэдгийг баталж чаджээ. Амбицаар дүүрэн Жан Мишель Ола / багийн ерөнхийлөгч / хэрэгтэй хүмүүсээ өөрийн болгож чадсанаар эхнийхээ жилд л Жуниньо Францын аварга болж Европын цомд оролцов. 8 жилийн хугацаанд 7 удаагийн аварга болж тоолж баршгүй олон торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэн болельшикуудын хайр хүндэтгэлийг хүлээж чадсан байна.
Улсынхаа шигшээ багт үндсэн тоглогч болж чадаагүй тэрээр 2002 оны аварга болсон жилд бүрэлдэхүүнд нь ч багтаагүй юм. Хэдийгээр дараагийн 2006 оны ДАШТ-д оролцсон ч баг нь амжилт үзүүлж чадсангүй. Гэвч хувь заяандаа гомдох *a*рдлага байсангүй. Тэрээр хүмүүст, хөгжөөн дэмжигчдэд баяр баясгалан бэлэглэхээр талбайд гардаг байсан төдийгүй энэхүү үүргээ ч хангалттай биелүүлж байсан юм.
Лионд өнгөрүүлсэн 8 жилд Жуниньо яг 100 гоол хийсний 44-ийг нь хаалттай цохилтоос оруулжээ. Бөмбөгөө байрлуулж бай би та бүхэнд торгуулийн цохилтын тухай ойлголтыг мэдрүүлж өгье гэсэн мэт гайхалтай үзүүлэлт нь түүнийг энэ тал дээр мастер болохыг нь баталж байна. Түүний Барселонагийн хаалганд хийсэн гоолыг хараад Гвардьола “Ийм цохилтыг хаах хаалгач дэлхийд байхгүй” хэмээн үнэн хэлжээ. Агуу бразил эр бэлтгэл болгоны дараа үлдэж техникээ улам сайжруулан бараг төгс болтол нь эзэмшсэн юм.
Хүний хувьд ч тэр муу хүн бишээ. Лионоос явахаар болсоноо зарлах хэвлэлийн бага хурал дээр тэр дуустал нь байж чадаагүй. Учир нь насанд хүрсэн эрийн эмоци дээд цэгтээ тулж, олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө нулимсаа үзүүлэхийг хүсээгүйд байлаа. Энэ бол багтаа, дасал болсон хотдоо хайртай хүний үйлдэл биш гэж үү…? Түүний хэрэгжүүлдэг буяны үйл ажиллагаануудад хэрэг болох мөнгийг тэрээр Дохад олох нь дамжиггүй. Төрөлх муждаа олон олон хүүхдүүдийг тэжээж тэдэнд туслах бодол нь түүнд улам их хүч энергийг өгч байна.
Жуни Катарын дараа хөлбөмбөгтөө дасгалжуулагчаар эргэж ирэх болов уу? Сонни Андерсон Лиондоо довтлогчдын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд шавь нараас нь ганц Бенземаг дурдахад л хангалттай болов уу. Жунид ч гэсэн бусадтай хуваалцах, зааж сургах авьяас мэдлэг хангалттай байгаа гэдэг нь эргэлзээгүй. Гэвч энэ бүхэн дараа болох биз ээ. Амьдрал үргэлжилж байгаа хэдий ч алдарт хагас хамгаалагчын үе өнгөрсөн гэдэгтээ маргах зүйлгүй ээ…Хаан тэтгэвэртээ суулаа…хааны титмийн төлөө хэн хэн өрсөлдөх бол ?
0 Санал хүсэлт:
Post a Comment