Эрик Кантонаг МанЮ-гийн фенүүд хаан Эрик хэмээн хүндэлдэг. Яагаад тэд клубын түүхэнд хамгийн олон цом хүртсэн багийн ахлагч Рой Кийнийг ч юм уу, хамгийн удаан багийн ахлагч байсан Бриан Робсон ч юм уу эсвэл клубын бүх цаг үеийн агуу тоглогч гэгддэг Сер Бобби Чарльтоныг хаан гэж өргөмжилдөггүй юм бол.
Тэдгээр тоглогчидтой харьцуулахад Кантона харьцангуй цөөхөн жил буюу ердөө 5 жил л Улаан чөтгөрүүдийн төлөө тоглосон. Гэхдээ энэ таван жилийнхаа хугацаанд Эрик 4 премьер лигийн түрүү, 2 ФА цом хүртэж чадсан нь бахархмаар үзүүлэлт. Хамгийн гол нь эдгээр цом шагналыг хүртэхэд Эрик багтаа гол үүргийг гүйцэж жинхэнэ лидер байж чадсан учраас л түүний нэрийг Хаан Эрик хэмээн Олд Траффордод цуурайтуулдаг юм.
1990-ээд оны эхэн үе бол Английн хөлбөмбөгт олон өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан үе. Танхрайрал хулиганизмтай тэмцэх хөдөлгөөн идэвхтэй өрнөж, шинээр дээд лиг үүсгэн байгуулагдсан тэдгээр жилүүдэд Улаан чөтгөрүүд өөрийн ноёрхлоо тогтоож чадсан нь яах аргагүй Эриктэй л холбоотой. Хожим Сер Алекс багийн гол тоглогчдоо зарж академийн хөвгүүддээ итгэл хүлээлгэх үед ч Эрик багийн амин сүнс болж туршлага нимгэн залуу хөвгүүдийн үлгэр дууриал болж байлаа.
Гэхдээ Эрик Кантонаг хөлбөмбөгийн ногоон талбайд алдар нэр, ялалт амжилтаас гадна шүүмжэл, хэрүүл маргаан үргэлж сүүдэр шиг дагасаар ирсэн нь нууц биш. Бага байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулж зовлон үзсэн болохоор ч тэр үү Кантона аливаа юманд эрс шийдэмгий, ширүүн дориун зан араншинтай болон төлөвшжээ. Түүний аавынх эцэг Жофеф Сардиний арлаас цагаачилж ирсэн цагаач байсан бөгөөд харин ээжийн талынхан нь Испаний иргэний дайны үеэр Генерэл Франкогийн эсрэг тулалдаж байсан тэрслүү үзэлтнүүд байсан гэдэг.
Иймэрхүү энд тэднээс цугларсан цагаач гэр бүлд Эрик 1966 оны 5 сард мэндэлжээ. Марселийн ойролцоох хөдөө тосгоны хүн амьдрах аргагүй уурхайн нүхэн гэрт Кантонагийн гэр бүл амьдардаг байлаа. Үргэлж бусдад ядуу тарчигаараа дээрэлхүүлж, бусын элэг доог болдог байсан нь бяцхан Эрикийг хурцалж хэний ч дор орохгүй гэсэн омог бардам занг суулгаж, юуны өмнө ч үл сөхрөх сэтгэлийн их тэнгээг хайрлажээ. Эрикийн анхны хөлбөмбөгийн мэдлэг олж авсан орон нутгийн SO Caillolai клубээс хожмоо олны танил болсон хэд хэдэн хөлбөмбөгчид төрөн гарсан байдаг.
Тухайлбал Францын шигшээ багт наяад оны сүүлээр тоглож байсан Жан Тигана, Рожер Жове, Кристоф Галтьер зэрэг тоглогчид энэ тосгоны багт Эриктэй хамт хүмүүжиж байсан байна. Кантона эхэндээ аавынхаа адил хаалгачын байрлал дээр тоглодог байсан ч яваандаа довтлох, гоол оруулах чадвар нь илэрч эхэлсэн тул илүү урагшаа тоглож, довтолгоо хагас хамгаалалтад зүтгэх болжээ. 1986 онд Эрик 20 настайдаа Осер багтай мэргэжлийн гэрээ байгуулж дээд дивизионд томчуудтай хамт хүч сорох боломжтой боллоо.
Тухайн үед түүнийг Францын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд альхэдийнэ анхааралдаа аваад байсан бөгөөд Осерийн залуучуудын багт үзүүлсэн амжилт нь олны анхаарлыг маш их татаж байсан гэдэг. Нэгэнт л түүнд бурхан авьяас чадварыг хангалттай заяасан болохоор Францын шигшээн дасгалжуулагч Анри Мишель залуу эрийг удаан хүлээлгэлгүй 1987 оны 8 сард шигшээ багийн бүрэлдэхүүндээ анх багтаажээ.
Баруун Германтай хийсэн энэ тоглолтоос Эрикийн алдрын оргил мацах зам эхэлсэн ч сурсан занг сураар боож болохгүй гэгчээр элдэв янзын хэрэг төвөгт орооцолдож өөрийгөө муу талаас нь харуулж эхлэх нь тэр. Өмнө нь Осерт байхдаа багийн андуудтайгаа муудалцаж жил гаран доод лигийн багт зээлээр тоглон ”шийтгүүлж” байсан учраас Осерийн удирдлагуудад түүний энэ үйлдэл нь шинэ зүйл байсангүй.
Шигшээ багийн анхны дебутээ хийсэн жилээ Эрик Осерийн хаалгач Бруно Мартинигийн нүүр лүү цохиж томоохон шийтгэл хүлээж байсан бол дараа жил нь Нантегийн хамгаалагч Мишель дер Закарайнийг санаатайгаар жийж унаган 3 тоглолтоор торгуулжээ. Мөн өөрийг нь сэлгээнд суулгасан шигшээн менежер Анри Мишель рүү цамцаа шидэж, телевизийн шоугаар ”Мишель бол хогны хүүдий” хэмээн шуугиан дэгдээж байв. Энэ бүхний эцэст танхай Эрикийг бүтэн жилийн турш олон улсын ямар ч тоглолтонд оролцуулахгүй байхаар Францын хөлбөмбөгийн холбоо шийтгэжээ.
Хэдийгээр хүн болгон залуу насандаа эрч хүчтэй, халуун омголон зантай байдаг ч Эрикийн энэ үйлдлүүд нь түүний карьерийг сүйтгэж байгаа гэдгийг мань эр өөрөө ойлгох сөхөөгүй байсан бололтой.
1988 онд Эрикийн амьдралын гурван чухал үйл явдал тохиосон юм. Эхнийх нь тэрээр 21 хүртэлх насны Европын аваргад түрүүлсэн бөгөөд дараа нь Олимпик Марсель түүнийг Францын хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө нь дуулдаж байгаагүй их үнэ буюу 22 сая франкаар худалдан авч эгнээндээ нэтгэсэн байна. Мөн энэ жил Эрик аав болж анхныхаа хүү Рафаелийг өлгийдөн авсан юм. Шинэ багт өндөр үнэээр ирээд түүнийг арай засрах болов уу гэж хүмүүс найдаж байсан ч Эрикийн маапаантай явдлууд бас л үргэлжилсээр байлаа. Торпедо Москва багтай хийсэн нөхөрсөг тоглолын үеэр бөмбөгөө үзэгчид рүү өшиглөж, сэлгээнд суухаасаа өмнө өмсгөлөө урж шидсэн хэрэг тарилаа.
Дээр өгүүлсэн шигшээ багтаа тоглох эрхээ хасуулаад хэдхэн сар өнгөрөөд байхдаа ийм хэрэг тарьсан тул Франц даяар түүнийг шүүмжилж засаршгүй этгээд гэх зэргээр шүүмжилж байлаа. Энэ явдлаас болж Кантонаг нэг сар хөлбөмбөг тоглох эрхийг хассан бөгөөд одоо бол нилээд хөнгөн шийтгэлд тооцогдох байх. Марсельд байр сууриа олоход хүндрэлтэй болж эхэлсэн тул тэр зунаа Эрик Бордо баг руу зээлээр явж дараа нь нэг улиралыг Монпельед лооноор өнгөрүүүлэхээр болов.
Очсон газар болгондоо хэрэг тарьж явдаг мань эр ч сурсан зангаараа Монпельегийн тоглогчидтой зодоон үүсгэж 10 гаруй хоног бандуулж “санаа амарчээ”. Түүний шийтгэл үүнээс хүнд байж болох байсан ч Лоран Блан, Карлос Вальдеррама нар зодооныг Эрик эхлүүлээгүй хэмээн мань хамгаалсан учраас клубын удирдлага түүнийг ийнхүү харж үзсэн хэрэг. Тэрхүү улиралд Монпелье Франц цомын тэмцээнд түрүүлж муугүй амжилт үзүүлсэн ч Кантонагийн оролцоо нэг их байгаагүй гэдэг.
1990 онд Эрикийг Марсельд эргэн ирэхэд дасгалжуулагч солигдож Германы алдарт Беккенбауэр тус багийг удирдаж байв. Шинэ дасгалжуулагчтайгаа Эрик амархан хэл амаа ололцож дажгүй тоглолтыг үзүүлж байсан ч улиралын дундуур багийн эзэн Беккенбауэрийг Раймонд Геоталсаар сольсноор эргээд бүх зүйл хэвэндээ орж эхэллээ.
Эрик Раймондтой нүүр уулздаггүй байснаас гадна түүний гаргасан шийдвэрийг юман чинээ тоодоггүй байсан тул хүйтэн дайны харилцаа дасгалжуулагч – тоглогчдийн хооронд тогтсон байсан гэдэг. Мэдээж хэрэг ийм хөндий харилцаатай хүмүүс нэг тогоон дотор хамт тогтохгүй нь ойлгомжтой учир 1991 оны улиралын дара Эрик багаа сольж Олимик Ним багтай гэрээ байгуулжээ. Түүнийг Марселиас явдаг жил баг нь Францын лигт түрүүлсэн ч Эрикийн оруулсан 8 гоол тийм ч их нөлөө үзүүлээгүй юм.
Олимпик Ниме Марселийг бодох юм бол нэр хүнд доогуур амжилт тааруу ч баг ч гэсэн Эрик өөрийгөө тэнд байгаа гэдгээ сайн муу аль аль талаас нь харуулсаар байв. 1991 оны 12 сард лигийн тоглолтын үеэр Кантона шүүгч рүү бөмбөг шидэж дахиад л Францын хөлбөмбөгийн холбооноос 1 сар тоглох эрхээ хасууллаа. Дараа нь Францын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар орохдоо зөвлөлийн гишүүнийг тэнэг хэмээн доромжилж “давтан” хэpэг үйлдсэнээр 1 сарын торгуулиа 3 сар болгон сунгуулжээ.
Энэхүү дуулиантай явдлын дараа Эрик хөлбөмбөгөөс зодог тайлах бодолтой байгааагаа зарласан нь бас л бөөн шуугиан. Хэвлэлийн бага хурлын үеэр Эрик ”Намайг тойрсон энэ олон худал хуурмаг ярианаас залхаж байна. Одоо надад хөлбөмбөг тоглох ямар ч хүсэл эрмэлзлэл алга. Магадгүй энэ миний хийх ёстой зүйл биш байх. Тиймээс би дахиж ногоон талбай дээр гарахгүй” хэмээн ярьж байв
Харин Францын түүхэн дэх хамгийн авьяаслаг хөлбөмбөгчийг их спортоо орхихоос нь өмнө аварсан хүн бол алдарт Мишель Платини байсан гэдэг. Тухайн үед Францын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Платини түүний авьяас чадварыг ингээд шороонд булуулахыг хүсээгүй тул Жерар Ульегийн тусламжтайгаар Эрикийг Английн премьер лигт тоглохыг ятгаж чадсан байна.
1991 оны 11 сард болсон УЕФА-гийн цомын 2-р шатны Ливерпуль – Осер багуудын тоглолтын дараа Мишель Платини Эрикийг Ливерпульд тоглох хүсэлтэй байгаа хэмээн хэлжээ. Гэвч Грем Сунесс (Ливерпулийн менежер байсан) түүний саналыг хүлээж авалгүй хувцас солих өрөөний уур амьсгал манай багийн хувьд илүү чухал хэмээн хариулсан гэдэг.
Хэдийгээр Хотон шувуунуудтай хийсэн хэлэлцээр нь бүтэлгүйтсэн ч Мишель Эрикийг Шеффилд Уэндсэй багт долоо хоногийн бэлтгэлд оролцуулахаар зөвшөөрүүлж чадсан байна. Төлөвлөсөн хугацаанаасаа нэг долоо хоногийг сунгасны Эрик шийдвэр гаргах цаг боллоо. Гэтэл мань эр Шеффилдэд бус харин тэдний заналт өрсөлдөгч нэг хотын Лидс Юнайтед багтай гэрээ байгуулж орхих нь тэр. Хожим Кантона түүнийг Ёоркшрт бэлтгэл хийж байхдаа Лийдсийн менежертэй уулзаж тэдний саналыг хүлээж авсан гэдгээ зарласан юм.
1992 он бол Английн хөлбөмбөгт хөл хөдөлгөөн ихтэй жил байсан гэдгийг дээр өгүүлсэн билээ. Эрикийг Лидст ирсэн жил буюу 1992 онд Лидс Английн хөлбөмбөгийн 1-р дивизионы сүүлчийн аваргаар тодорч түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Тэрхүү улиралд Лидсээс Ли Чапман хэмээн довтлогч цоорч багийнхнаа мэргэн бууч, ашигтай дамжуулалт өгсөн тоогоороо тэргүүлж байсан бөгөөд Эрик Кантонагийн оролцоо Лидсийн энэ амжилтанд тийм ч их байгаагүй.
Эрик нийт 15 тоглолтонд оролцож 3 гоол л оруулсан байдаг. Кантона тэр зунаа 1992 оны Европын аваргад оролцсон ч Францчууд нэг ч тоглолтонд ялалт байгуулж чадсангүй. Энэ тэмцээний дараа Мишель Платини шигшээ багийн дасгалжуулагчаас халагдаж түүний орыг хожмоо Ливерпулийн менежер болсон Жерьер Улье залган авчээ.
Шинээр үүсгэн байгуулагдсан Премьер лиг өмнөх 1-р дивизионтой харьцуулахад олон зүйлээрээ өөрчлөгдсөн байсан ч багуудын чанар чансаанд ямар нэгэн өөрчлөлт оруулж чадаагүй юмдаг. Өмнөх улиралд нь Лидсийн ард аман хүзүүдэж 2-р байр эзэлсэн Манчестер Юнайтед шинэ улиралын эхэнд уламжлал ёсоор Ливерпулийн хамт аваргын төлөө өрсөлдөх гол багаар нэрлэгдэж байлаа.
МанЮ-гийн захиралаар ажиллаж байсан Мартин Эдвардс руу Лидсийн дасгалжуулагч Ховард Вилкинсон утасдаж Деннис Ирвинийг зарахгүй биз хэмээн асууж байсан нь улиралын эхэнд болсон явдал.
Эдвардс бас ч шууд үгүй гэж хэлж чадаагүй учраас Сер Алекс Фергусонтой уулзаж энэ талаар ярилцаад Ирвинийг явуулах боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Тухайн үед МанЮ урд эгнээндээ нилээс сул байсан учраас финиш сайтай, хүчирхэг довтлогч хайж байсан бөгөөд Дэвид Херст Бриан Дин, Мэтт Ле Тиссьер зэрэг довтлогч нартай нэр холбогдоод байлаа. Ингээд эцэст нь Эдвардс Вилкинсонтой уулзаж Эрикийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр Кантона Улаан чөтгөрүүдийн гишүүн болох нөхцөл бүрдсэн гэдэг.s
МанЮ өөрийнхөө түүхэн дэх хамгийн агуу тоглогчдийн нэгээ 1.2 сая фунтээр худалдан авсан гэхээр танд итгэмээргүй санагдаж байж болох юм. Гэхдээ тэр үеийн 1 сая фунт ч бас чамгүй их мөнгөд тооцогддог байсан юм.
Эрикийг МанЮ-д элсэн ороод жирийн нэгэн тоглогч болсон гэвэл эндүүрэл болно. Олд Траффордод анхны тоглолтоо хийсэн цагаасаа л Эрик бусад тоглогчдоос огт өөр гэдгээ харуулж эхэлсэн гэхэд болно. Талбай дээр үзүүлж байгаа тоглолт, ааш аяг, омог бардам байдал гээд бүх зүйл нь МанЮ-гийн фенүүдийн хүндлэлийг хүлээж маш богино хугацааны дотор Эрик Олд Траффордын хаан болж чадсан байна.
Анхны улирал
Үнэндээ премьер лигийн анхны улиралын эхлэл хөлбөмбөг сонирхогчдийн бодож байсан шиг өрнөсөнгүй. Аваргын төлөө өрсөлдөх ёстой МанЮ тээр доор хаягдаж, наймааны зах дээр идэвхтэй ажилласан Астон Вилла, Блакберн багууд хүснэгтийн дээд хэсэгт заларч, араас нь Норвич сити, QPR гэсэн битүү морьд хурдалж байв. Марк Хьюз, Бриан Маклайрын формгүй тоглолт, дээрээс нь шинээр ирсэн Дион Дублин хөлөө хугалж 6 сар тоглохгүй болсон зэргээс болж МанЮ-гийн довтолгоо үндсэндээ уналтанд орсноос ийм байдал үүсжээ. Чухам энэ үед л Эрик Кантона хэн гэдгээ харуулж зөвхөн өөрөө гоол оруулаад зогсохгүй гоолын боломжуудыг багийнандаа хайр найргүй олж өгч байлаа.
Юнайтедийн төлөө оруулсан Эрикийн анхны гоол нь Стенфорд Брижэд Челсигийн эсрэг хийсэн тоглолтонд тохиосон. Харин дараачийн гоол нь бүүр ч гайхамшигтай. Хилсборо цэнгэлдэхэд явагдсан тоглолтонд МанЮ Шеффилдэд эхний хагаст 3 : 0-ээр ялагдаж байгаа дараагийн үед 3 : 3-аар тэнцэж 1 оноо салгаж байлаа. Боксин дэй буюу английн багуудын хамгийн ачаалалтай байдаг 12 сарын сүүлээр МанЮ чухам л Эрикийн гоолуудын ачаар тоглолт болгоноос оноо зулгаасаар 1993 онтой золгосон байна.
Гэхдээ Англид ирээд ч Эрикийн хэрэг төвөг тарьдаг зан нь өөрчлөдсөнгүй. Улиралын дундуур Лидс Юнайтедтэй хийсэн тоглолтонд эсрэг багийнхаа хөгжөөн дэмжигчийг цохиж ФА -ээс 1,000 фунт стерлингээр торгуулжээ.
Тэр улиралдаа Эрик үүнээс өөр ямар нэгэн хэрэг тариагүй бөгөөд нийт 23 тоглолтонд 9 гоол оруулсан дүнтэйгээр улиралыг дуусгасан байна. Кантонагийн хичээл зүтгэл болон бусад тоглогчдийн гайхалтай тоглолтын ачаар Улаан чөтгөрүүд 1993 онд шинээр үүсгэн байгуулагдсан Премьер лигийн анхны аваргаар тодорсон юм.
1967 оноос хойш МанЮ лигийн аварга авч чадаагүй байсан нь ч тэдний энэхүү түрүүг улам амттай болгож байсан нь ойлгомжтой. Энэ цагаас эхлэн Эрик Кантона Манчестерийн нэгэн үеийн домог болох эхлэлээ тавьж эхэслэн билээ.
Дашрамд сонирхуулахад Эрик Кантона английн дээд лигт 2 өөр багтай хамт 2 улирал дараалан түрүүлсэн анхны (одоогоор цорын ганц) тоглогчоор тодорчээ.
Хоёр дахь улирал
1993 – 1994 оны улиралд МанЮ премьер лигийн аваргаа хамгаалснаас гадна ФА цомын финалд торгуулийн цохилтоос хоёр гоол оруулж баг нь Челсиг 4 : 0-ээр бутниргэн цомын эзэн болж байлаа. Мөн тэр улиралд Карлинг цомоор шагналынхаа цуглуулгыг арвижуулж болох байсан ч харамсалтай нь Астон Виллад 3-1-ээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.
Өмнөх улиралд оролцсон тоглолтын тоогоо хоёр дахин ахиулж 49 тоглолтонд оролцсоноос гадна бүх тэмцээнд 25 оруулж багийнхнаа манлайлсан тэрээр улиралын төгсгөлд премьер лигийн оны шилдэг тоглогчоор тодорчээ. Гэхдээ мэдээж Кантона л болсон хойно хэрэг төвөг тариад л амжсан.
Аваргуудын лигт Галатасарайтай хийсэн тоглолтонд улаан хуудас хүртэж хөөгдөөд долоо хоног ч өнгөрөөгүй байхад лигийн тоглолтоос хөөгдөж, дараагийн тойрогт нь дахин улаан хуудас хүртэх зэргээр бараг 3, 4 тоглолт дараалан торгуулах бүдүүн зүрхтэй хүн Кантонагоос өөр хэн байх билээ дээ.
Гурав дахь улирал
Харин үүний дараах улиралд Кантона өмнө нь тарьж байсан хэргүүдээсээ илүү дуулиан шуугиан дагуулсан үйлдлийг хийж орхисон гэдэг. Та бүхэн бараг гадарлаж байгаа байх. Кантонагийн алдарт Кун-фу үсрэлтийн талаар энд өгүүлэх гэж байна. 1995 оны 2 сарын 25 -нд МанЮ Кристэл Пэлэсийн талбайд зочлон тоглож байлаа. Хоёрдугаар хагасын дундуур Эрик эсрэг багийнхаа хамгаалагч Ричард Шауг санаатайгаар өшиглөж талбайгаас хөөгдөв.
Улмаар талбайгаас гарч явах үед нь Пэлэсийн фен Матью Симонс гэх тавьтаргүй эр ”Франц гахай минь эндээс тонил” хэмээн хашгирч дараа нь Эрик Кантонагийн хүнд нударганы амтыг мэдэрсэн билээ. Энэ явдлаас үүдэлтэй олон янзын сонирхолтой түүх өрнөсний нэгийг сонирхуулахад Хойд Ирландын алтернатив рок хамтлаг Ash-ийн Кун-фу хэмээн дуу Британи даяар хит болж дээрхи хамтлагыг алдар нэртэй болоход тусалсан хөгжилтэй ч гэмээр түүх бий.
Харин Кантонаг доромжилсин Кристэл Пэлэсийн фанатын хувьд нилээд бүтэлгүй нөхөр болохыг нь хожмоо хэвлэлийнхэн илчилсэн бөгөөд гадаадын иргэдийг хавчин гадуурхдаг тэрслүү үзэлтэй нэгэн байсан бололтой.
Кунфу үсрэлтийнхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Эрик Кантона ердөө 10 хэдхэн үг хэлсэн ч хожмоо түүний хамгийн алдартай ишлэл болон үлджээ. ”Яагаад цахлай шувуунууд загасчны завийг дагадаг вэ гэвэл тэд сардини загасыг тэнгис рүү унах вий гэж боддог учраас тэр. Баярлалаа” “When the seagulls follow the trawler, it’s because they think sardines will be thrown into the sea. Thank you very much”
Ийнхүү хэлээд Эрик гайхширсан олон сэтгүүлчдийг орхин хэвлэлийн бага хурлаас гарч явсан гэдэг. Арбитрийн шүүхээс Кантонад 120 цаг нийгэмд тустай ажил хийх, 2 долоо хоног шоронд хоригдох шийтгэл хүлээлгэсэн бол Английн хөлбөмбөгийн холбооноос түүнийг 10,00 фунт, 8 сар хөлбөмбөгийн ямар ч тоглолтонд оролцуулахгүй байхаар шийтгэсэн байна.
Мөн ФИФА тэдний шийтгэлийг баталгаажуулж олон улсын тавцанд хүчинтэй болгосноор өөр орны клубт очсон ч гэсэн Эрикийн шийтгэл хэрэгжих нөхцөл бүрдсэн байна. Францын шигшээн шинэ менежер Эме Жаке Эрикийг багийн ахлагчаар томилоод байсан ч энэхүү явдлаас болж олон улсын ямар ч тоглолтонд оролцох боломжгүй болсон учраас тэрээр ахлагчын туузаа хүлээлгэн өгч шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан юм.
Тэгээд ч тухайн үед Зинедин Зидан хэмээх авьяаслаг найруулагч гарч ирсэн учраас Францын хөлбөмбөг сонирхогчид үргэлж хэл аманд өртөж байдаг Эрикийг бага багаар мартаж эхэлсэн гэхэд болно. Одоо ч гэсэн Францчууд Кантонад таагүй хандах үзэгдэл ажилагддаг бөгөөд 2004 оны Европын аварга, 2006 оны дэлхийн аваргын үеэр улсынхаа багийг бус Английн шигшээ багийг дэмжиж байснаас нь болж энэ байдал улам ч даамжирсан гэдэг.
Одоо эргээд 1995 он луу буцацгаая. Кантонагийн эзгүйд МанЮ-гийн тоглолт эрс муудаж улиралын төгсгөлийг тааруухан хийснээр премьер лигийн аваргын титмээ Блекбернд алдаж хоёрдугаар байр эзэлсэн амжилтаар улиралыг дуусгасан байна. Хэвлэл мэдээллийнхэн ч өдөр шөнөгүй Эрикийг шүүмжилж Английн хөлбөмбөгийг тэр гутааж байна гэсэн утгатай нийтлэлийг бараг дугаар болгондоо хэвлэж байв.
Түүнийг шүүмжлэгсэд зөвхөн хэвлэлийн мэдээллийнхнээр зогсоогүй бөгөөд хөлбөмбөгийн холбооны ерөнхий захирал Грахам Келли хүртэл Эрик хөлбөмбөгийн гутамшиг гэж хэмэн нэрлэж байжээ. Энэ бүх хүнд үед Кантонаг өмөөрч түүний талд зогсож байсан хүн бол Сер Алекс Фергусон байсан юм. Тэвчээр хатуужил муутай, сулбагар нэгэн бол дээрхи хэл амнаас дайжиж өөр улсад очихын түүс болох байсан байж ч магадгүй юм. Гэхдээ Кантона тийм хүн биш учраас шийтгэлээ дуустал тэвчээртэй хүлээж дараа нь хөлбөмбөгийн ногоон талбайдаа омог бардамаар эргэн ирсэн билээ.
Дөрөв дэх улирал
Тийм ээ Хаан эргэн ирлээ. 8 сар хөлбөмбөгөөс хол байсан түүнийг дахиж өндөр түвшний тоглолтоо үзүүлж чадахгүй болов уу хэмээн айж байсан МанЮ-гийн дэмжигчдийн зовнил Эрикийг эргэж ирсэн эхний тоглолтоос алга болсон гэхэд болно.
Cер Алекс Фергуон тэрхүү улиралын эхэнд Пол Инс, Марк Хьюз, Андрей Канчельски гэсэн багийн 3 гол тоглогчоо зарж оронд нь академийн залуу хөвгүүдээ үндсэн бүрэлдэхүүнд багтаасан нь нилээд шүүмжлэл дагуулсан. Дэвид Бекхэм, Гэри Невиль, Никки Батт, Пол Скоулз гэсэн шижигнэсэн залуус өмнө нь өсвөрийн багт байхдаа муугүй амжилтыг үзүүлсэн ч энэ бүрэлдэхүүнээрээ бүтэн улиралыг өнгөрөөнө гэхэд хэн ч үнэмшмээргүй сонсогдож байв.
Улиралын эхний тойргийн тоглолтонд Астон Виллад 3 : 1-ээр ялагдсаны дараа ч энэ яриа улам бүр газар авч ”чи хүүхдүүдтэй хамт юу ч хожиж чадахгүй” хэмээн Фергусоныг тохуурхаж байв. Гэхдээ тэд нэг хүнийг мартсан байлаа. Ногоон талбайдаа эргэн ирсэн Эрик Кантона багийн лидерийн үүргийг нэр төртэйгээр биелүүлж Юнайтедийг шүүмжилж байсан хүмүүсийн амыг тас цохисон гэхэд болно.
Улиралын хоёрдугаар хагаст МанЮ ихэнхи тоглолтдоо 1 : -0-ээр ялалт байгуулж байсан бөгөөд МанЮ-гийн дэмжигчдийн хувьд хэн гоол хийсэн нь үргэлж тодорхой байдаг байлаа. 1 : 0-ээр ялсан л гол Эрикээс өөр хэн гоол оруулсан байх билээ.
Юнайтед тогтвортой амжилтынхаа ачаар 3 сараас эхлэн лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд улиралын төгсгөл хүртэл тэр байрандаа үлдэж чадсанаар 3 дахь удаагаа Премьер лигийн аварга хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Тэр улиралын хамгийн алдартай 1 : 0-ээр өндөрлөсөн тоглолт бол яах аргагүй ФА цомын финал гэж МанЮ-гийн фенүүд одоо ч дурсдаг. Вемблеид болсон шигшээ тоглолтонд МанЮ заналт өрсөлдөгч Ливерпулийг Эрик Кантонагийн гайхалтай гоолоор буулган авч цомын эзэн болж байсан түүхтэй.
Юнайтедийн ахлагч Стив Брюс бэртэлтэй байсан учраас энэ тоглолтонд оролцоогүй бөгөөд Эрик багийн ахлагчын туузыг зүүн МанЮ-г ялалтын оргил өөд хөтлөн аваачжээ. Ийнхүү Улаан чөтгөрүүдийг түүхэнд бичигдэх амжилтад хөтөлсөн Эрикийг улиралын төгсгөлд Английн сэтүүлчид санал нэгтэйгээр оны шилдэг тоглогчоор тодруулсан байна.
Нэг жилийн өмнө бараг хөлбөмбөгөө орхих дээрээ тулж байсан түүнийг эргээд ийм өндөрлөгт хүрч чадсаныг нь үнэхээр өндөрөөр үнэлэх хэрэгтэй.
Сүүлчийн улирал
1996-97 оны улиралд Эрикийн гайхалтай форм мөн л үргэлжилж шилдэг тоглолтоо үзүүлж байснаас гадна Бекхэм, Невиль, Скоулз зэрэг залуу тоглогчдийн амжилт ч мэдэгдэхүйц сайжирсан байлаа. Стив Брюс Бирмингэм лүү зарагдсан учраас багийн ахлагчийн үүрэг Кантонад ноогдсон тул тэрээр энэ үүргээ ухамсарлаж элдэв янзын хэрэг төвөгт орооцолдохоо больсон байна. МанЮ 75 оноогоор Ньюкэлсийг ардаа орхин премьер лигийн аваргаар 4 дэх удаагаа тодорсон бөгөөд Эрик Кантона 15 гоолоор багийнхандаа тус болжээ.
Гэвч Аваргуудын лигт амжилтгүй тоглож шөвгийн дөрвөөс хасагдсаны дараа Кантона хөлбөмбөгөөс зодог тайлх хүсэлтэй байгаагаа зарлаж хөлбөмбөг сонирхогчдыг гайхшралд орууллаа. Зарим нэгэн тоглогчдын ид гялалзаж байдаг 30 насан дээр их спортоо орхино гэдэг дэндүү харамсалтай боловч Эрик хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө хэн гэдгээ ямархуу чадалтай тамирчин вэ гэдгээ хангалттай харуулж чадсан учраас пүүзээ хананд өлгөхдөө сэтгэл хангалуун байсан нь дамжиггүй.
Хожмоо 1999 онд өөрийнхөө намтар номоо гаргахдаа Эрик ”Би зодог тайлах шийдвэрээ Юнайтедийг Аваргуудын лигээс хасагданы дараа л гаргасан. Гэхдээ үүнийгээ олон нийтэд зарлалгүй нилээд бодсоны эцэст энэ л хамгийн зөв шийдвэр юм байна гэдэг шийдвэрт хүрсэн юм.
Зодог тайлсны дараа надад Испаниас олон санал ирж байсан ч гэсэн би зөвхөн МанЮ-гийн домог хэвээр хөлбөмбөгөө орхихийг хүссэн учраас тэдгээр саналуудаас татгалзсан юм” хэмээн бичсэн байдаг.
Кантонагийн МанЮ-гийн өмсгөлтэй оролцсон сүүлчийн тоглолт 1997 оны 5 сарын 16-нд Ковентри ситигийн эсрэг тохиосон бөгөөд тэрхүү тоглолтонд Кантона гоол оруулж 2 : 2-ийн харьцаатай тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.
2004 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Кантона ”МанЮ-гийн фенүүд одоо ч гэсэн миний нэрийг дуулсаар байгаад би баярлдаг. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэд дуулахаа болих вий гэж би бас давхар айдаг юм. Яагаад гэвэл би тэдэнд хайртай учраас энэ баг миний сэтгэл зүрхэнд байдаг учраас энэ бүхнийг алдахыг хүсдэггүй юм. Ер нь хэн ч гэсэн хайртай зүйлээсээ салахыг хүсдэггүй шүү дээ” хэмээжээ.
Зодог тайлсных нь дараа Эрикийг МанЮ-гийн дасгалжуулагч болгох хүсэлтэй фенүүд цөөнгүй байлаа. Гэвч Сер Алекс Фергусон 2002 онд зодог тайлахаа хойшлуулснаас Кантонагийн Олд Траффордод эргэн ирэх хүсэл нь биелсэнгүй. Магадгүй яагаад туслах дасгалжуулагчаар ажиллаж болохгүй гэж та гайхаж магадгүй.
Тэгвэл энэ асуултанд чинь Эрик өөрөө ингэж хариулсан юм. ”Би хэзээ ч МанЮ-гийн фенүүдэд хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдэхийг хүсэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цаг Олд Траффордод эргэн ирж бусад ямар ч багтай харьцуулахааргүй тийм гайхалтай багийг бүрдүүлэх болно”
Одоогоор Эрик Кантона Францын элсний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. МанЮ-гаас зодог тайлсныхаа дараа тэрээр элсний хөлбөмбөгт нэг хэсэг хүчээ сорьсон бөгөөд 2005 онд Францын элсний хөлбөмбөгийн багийг удирдан дэлхийн аварга болгож байсан юм.
Хөлбөмбөгөөс гадна Эрик кино урлаг, бизнес, телевизийн шоу гээд олон төрөлд хүчээ сорьж үзсэн бөгөөд дэлхийн шилдэг бренд Nike.-тэй хамтран үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон сонирхолтой рекламанд тоглосон юм. Мөн Францын кино бүтээгчидтэй хамтран бараг 10 гаран кинонд туслах болон гол дүр бүтээгээд амжсан байгаа…
Ярилцлага
Сүүлчийн тоглолтоо хийгээд талбайгаас гарч явахад танд ямар мэдрэмж төрж байсан бэ ?
Э.К : Юу ч бодогдоогүй. Яагаад гэвэл би хангалттай тоглосон учраас энэ тоглоомноос гарахыг хүссэн учраас л тэр. Тэгээд би өөртөө хүссэн үедээ эргээд ирж болно шүү дээ гэж хэлж байсан. Талбайгаас гарч явахдаа ”Чи залуу байна ш дээ. Нэг хэсэг амарч байгаад 2 сар бэлтгэл хийгээд л дахиад тоглоод эхлэхэд юу ч өөрчлөгдөхгүй” хэлж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би 2 сар бэлтгэл хийсэн ч би дахиж өмнөх шигээ тоглож чадахгүй гэдгээ мэдсэн дээ.
Францын шигшээ багтай хамт амжилт гаргаагүй дээ харамсаг уу ?
Э.К : Хэрвээ МанЮ 1997 оны Аваргуудын лигт түрүүлсэн бол зодог тайлахгүй л байсан. Тэгээд 1998 оны ДАШТ-д оролцоод түрүүлэх ч байсан юм бил үү. Гэхдээ хувь заяа ингэж шийдсэн болохоор одоо яах ч билээ дээ.
Зодог тайлах шийдвэр гаргахад чинь эргэн тойрны хүмүүс эсвэл хөлбөмбөг нөлөөлсөн юм болов уу ?
Э.К : Намайг хүрээлэх хүмүүс энэнд их нөлөөлсөн. Манчестер бол үргэлж олны анхаарлын төвд байдаг баг. Заримдаа чи бичлэгэнд орох, зураг даруулах,ярилцлага өгөх, гарын үсгээ өгөх гээд л маш олон зүйлийг хийх шаардлатай болдог. Тэд хаа сайгүй миний зургийг наагаад л энд тэндгүй миний талаар бичээд л тэгсэн хэрнээ хэзээ ч намайг хүндэлж байгаагүй. Тэгээд би нэг өдөр Сер Алекс дээр очоод энэ бүхэн сайн юм дагуулахгүй шүү гэж хэлсэн. Тоглолт эхлэхийн өмнө би өглөөний ундаа ууж байхдаа өөрийгөө сониний эхний нүүрэнд гарсан байхыг харсан л даа. Зарим хүмүүс олны анхаарлын төвд байхыг илүүд үздэг бол харин би тийм биш. Энэ бүхэн миний сэтгэл санааг үймрүүлж эхэлсэн. Тэгээд л би клубын удирдлагад би зодог тайллаа гэж хэлсэн дээ.
Манчестерт байхдаа олж авсан дадлага туршлага чинь одоо хэрэг болж байна уу. Жишээлбэл Сер Фергусоны өгч байсан зөвлөгөө одоо Францын шигшээ багийг удирдахад чинь хэр их хэрэг болж байна ?
Э.К : Фергусон багийнхаа тоглолтын хэв маягийн талаар тийм ч их ярьдаггүй байсан. Манай багийн тоглолт өрсөлдөгчийнхөө тоглолт дээр тулгуурладаггүй, харин тэднийг өөрсдийнхөө хэмнэлд оруулах зорилготой байдаг байлаа. Сер Алекс ихэнхидээтоглолтын нарийн ширийн деталийг бидэнтэй ярьдаг байсан. Жишээлбэл хаалгач намаар ирсэн бөмбөгийг хааж чадахгүй бол тэр жигүүрийнх нь хамгаалагч юу хийх ёстой вэ гэх зрэг. Тэгээд эцэст нь Алекс ”За одоо бүгдээрээ сайхан тоглоорой. Хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэдэг байлаа. Энэ үг нь бидэнд маш их урам зориг эрч хүч өгдөг байсан. Яагаад гэвэл долоо хоногийн турш бид тоглолтонд бэлдэж тэгээд эцэст нь ялалт байгуулах гэж хөгжилдөж байгаа юм шиг санагддаг байсан юм.
Нутгийнхаа лигийн талаар та юу гэж боддог вэ ?
Э.К : Францын хөлбөмбөгт бусад улсын лигээс илүү хамгаалалт зонхилдог. Жишээлбэл танай баг 5 довтолгооны тоглогчтой тоглох юм бол эсрэг баг чинь зөрүүлээд 7 хамгаалагч тавих ч юм уу. Эсвэл өрсөлдөгч чинь ганц довтлогчтой байсан ч гэсэн дор хаяж 6 хамгаалагчтай тоглох нь энүүхэн. Хамгийн сайн хамгаалалт бол довтолоо гэдгийг тэнд мэддэггүй. Францын лигт тийм юмыг харна гэдэг тун хэцүү дээ.
Та 2006 оны ДАШТ-ий финалыг цэнгэлдэхэд үзэж байсан Зиданы үйлдлийн талаар юу гэж бодож байна ?
Э.К : Би яг юу болсныг харж чадаагүй л дээ. Цэнгэлдэхэд хүүтэйгээ байсан болохоор яг тэр үед анхаарал сарничихсан байсан. Дараа нь л энэ талаар мэдсэн. Зидан тэр тоглолтонд яг л гэрийнхээ гадаа тоглож байгаа хүүхэд шиг л байсан. Торгуулийн цохилт нь гайхалтай байсан ч гэсэн Матерацциг мөргөж унагаадаг нь арай л хэтэрсэн үйлдэл. Гэхдээ тэр ийм зүйл болно гэдгийг мэдээгүй, ердөө хэдхэн секундын л сэтгэл хөдлөл байсан юм. Гэхдээ би лав тэр үйлдлийг нь уучлахгүй.
Хэрвээ Франц түрүүлсэн бол байдал арай дээр байх байсан юм болов уу ?
Э.К : Францын ялагдлын шалтгааныг би Раймон Доменетэй холбож үздэг. Хоёрдугаар хагаст Италичууд бараг довтлохгүй байхад Домене төвдөө бөмбөгөө бариад урд хэн ч байгаагүй. Магадгүй нэмж довтлогч оруулж ирсэн бол үндсэн агаас өмнө бид ялж болох байсан ч юм билүү. Зиданы мөргөлтөөс илүү Доменегийн тактикийн алдаа ялагдалд нөлөөлсөн гэхэд болно.
Кун-фу үсрэлтийнхээ маргааш өглөө юу бодож байв ?
Э.К : Маргааш өглөө нь надад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар юу ч бодогдоогүй. Бодохыг ч хүсээгүй. Би хэзээ ч ямар нэгэн юмнаас айж байгаагүй. Энэ л миний гол алдаа. Тэр үед би ердөө л бага зэрэг уурлаг эрчүүд шиг энэ бүхнийг шийдэхийг хүссэн юм. би өвдөлтийг тэсэж чадна. Харин намайг доромжилсон үед хэзээ ч биеэ барьж чаддагүй.
Таны энэ үйдлийг Франц даяар маш их шүүмжилж байсан. Харин Зиданы мөргөлтийг Франц чууд тийм ч их шүүмжилж хүлээж аваагүй
Э.К : Энэ би ард түмэндээ юу өгсөн, тэдний төлөө юу хийснээс шалтгаалж байгаа юм л даа. Би Манчестерт сайхан жилүүдийг өнгөрөөсөн учраас тэд намайг уучилсан, харин Зидан бол өөр. Тэр Францын ард түмэнд аз жаргалыг бэлэглэсэн учраас Францад түүнийг хэн ч шүүх эрх байхгүй.
Мэдээж хэрэг хөлбөмбөгийн ертөнцөд та өөрийнхөө нэрийг үлдээсэн шилдэг тамирчин. Гэхдээ ирээдүйд таны алдар гавьяаг дурсахаасаа илүү хийсэн муу зүйлсийг чинь дурсана гэхээс та айдаг уу
Э.К : өнгөрсөн бүхнийг өөрчилж чадахгүй болохоор би одоо яаж ч чадахгүй. Миний хийсэн бүхэн тэр чигээрээ л үлдэнэ. Тиймээс хүмүүс намайг ямар хүн байснаар минь л дурсаж яваасай гэж би хүсдэг.
0 Санал хүсэлт:
Post a Comment