“France-38” тооны хэлээр
Үргэлжилсэн хугацаа: 1938 оны зургадугаар сарын 4-19
Оролцсон баг: 15 (Европоос 12, Хойд Америкаас хоёр, Өмнөд Америкаас нэг)
Тоглолт: 18
Гоол: 84 (дунджаар 4.67)
Автогоол: 1
11 метрийн цохилт: 4 (үүнээс гурвыг нь амжилттай гүйцэтгэсэн)
Хот: 9 (Парис, Тулуза, Гавр, Реймс, Марсель, Страсбур, Лилль, Антиб, Бордо)
Цэнгэлдэх хүрээлэн: 10 (“Велодром”, “Велодром Мюнисипаль”, “Виктор Буке”, “Каве Верт”, “Мено”, “Олимпик”, “Парк Лескюр”, “Парк де Пренс”, “Стад де Фор Карре”, “Шапу”)
Үзэгч: 483 000
Хамгийн олон гоол орсон тоглолт: 6:5
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 8:0
Мэргэн бууч: Леонидас(Бразил) – 8 бөмбөг
Сонирхолтой баримтууд:
-Дэлхийн аварга баг цолоо хамгаалсан анхны тохиолдол болжээ. Хожим бразилчууд 1958, 1962 онд “Скуадра Аззура”-гийн амжилтыг давтсан юм.
-Анх удаа талбайн эзэн баг түрүүлж чадсангүй.
-“World Cup-30”-д Уругвай 15 тоглогчтойгоор аваргалж байсан бол Виторио Поццо бүхэл тэмцээний турш 14-хэн тоглогчоо үр дүнтэйгээр ашиглан түрүүлж, өвөрмөц дээд амжилтыг тогтоожээ. Тэдгээрийн 60 хувь нь буюу найман тоглогч нь дөрвөн жилийн өмнө дэлхийн аварга болж байв.
-Өнөө хэр Поццо шиг ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн дасгалжуулагч алга.
-Бразилийн Леонидас, Польшийн Вилимовски нар ДАШТ-ий түүхэнд анх удаа нэг тоглолтод дөрвөн бөмбөг буюу покер хийсэн юм.
-Сорилгыг амжилттай туулан шигшээ тэмцээнд оролцох эрхээ аваад байсан Австрийн шигшээ баг аргагүйн эрхэнд фашист Германтай нэгдэн, тэдний нэрийн өмнөөс “Франц-38”-д оролцжээ.
-Тэмцээнд оролцсон хөлбөмбөгчдөөс хамгийн залуу нь 18 нас, 42 хоногтой Голландын Йон де Хардер, ахмад нь түүний нутаг нэгт 34 нас, 190 хоногтой Петер Андерссон байв.
-15 оролцогчоос Голландын Энэтхэг (одоогийн Индонези), Голландын шигшээ багууд гоол оруулж чадсангүй нутаг буцжээ.
-Италийн “Интер” багаас хамгийн олон буюу дөрвөн хөлбөмбөгч ДАШТ-д оролцжээ. Өмнөх ДАШТ-д Миланы клуб зургаан тоглогчоо илгээж байв.
-Зохион байгуулагчид тасалбарын худалдаанаас нийт зургаан сая франкийн орлого олжээ.
Шилдэг довтлогч Леонидас (Бразил)
Бразилийн “Хар алмаз” хэмээх суут довтлогч Леонидас да Силва 1913 оны есдүгээр сарын 6-нд Рио мужийн Сан-Криставао хотод төржээ. Тэрбээр хөлбөмбөгт олон шинэ техникийг нэвтрүүлсний дотор хамгийн алдартай нь унаж татах цохилт нь байв. Леонидас 1932 онд Өмнөд Америкийн АШТ-ий Бразил-Уругвайн тоглолтын үеэр энэхүү үзүүлбэрээ анх хийсэн бөгөөд нэрийн хуудас болсон цохилтыг нь үзэхийн тулд алс хол нутгаас торсида нар Рио-Де-Жанейрог зорьж байсан баримт бий.
Леонидас 1938 онд Францад болсон мундиа¬лиар авьяас чадвараа дэлхий дахинд таниулсан юм. Шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө тоглолтод бразилчууд Польшийн багийг 6:5-аар хожиход мань эр дөрвөн бөмбөг оруулсан нь “World Cup”-ын анхны покер болжээ. Харамсалтай нь хагас шигшээд аварга болох ерөөлтэй Италитай учраа таарахад дасгалжуулагч Адемир Пимента түүнийг талбайд гаргаагүй гэдэг. Энэ та¬лаар цөөнгүй таамаглал байдаг ч Леонидас өмнөх тоглолтод гэмтсэн, эсвэл дасгалжуулагч нь финалд тоглуулахаар гамнаад амраасан гэсэн хоёр хувилбар л арай үнэмшилтэй нь.
Хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн “Хар алмаз”-д үнэндээ багадаж байсан юм. Шведтэй хийсэн тэрхүү тоглолтод тэрбээр хоёр бөмбөг хийн тэмцээний мэргэн бууч болсон юм. Леонидас 1932-46 оны хооронд Бразилийн шигшээд 24 удаа тоглохдоо 25 гоол оруулжээ. Нэрт довтлогч маань зодог тайлсныхаа дараа телеви¬зийн тайлбарлагч болж, чамгүй амжилтад хүрсэн билээ. “Хар алмаз” Леонидас да Силва 2004 онд 91 насандаа саа өвчнөөр хорвоог орхижээ.
***
1930-аад оны төгсгөл бол Дэлхийн II дайны харанга дэлдэж байсан үе. Мөн Испани зэрэг улсууд дотроо иргэний дайнтай байв. Гэхдээ FIFA-гийн гишүүн 57 орноос Дэлхийн цомыг хүлээж авахыг хүсэгчид цөөнгүй байлаа. 1934 оны ДАШТ, 1936 оны олимпийн наадмыг хүчээр авсан Итали, Герман энэ удаа нэг их шамд¬сангүй. Ингээд 1936 оны наймдугаар сарын 15-нд Берлинд болсон конгрессоор Франц ялалт байгуулжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны үе үеийн удирдагчид нь франц хүмүүс байсан нь ч үүнд нөлөөлсөн.
Тэдэнтэй хамгийн ширүүн өрсөлдсөн нь Аргентин. Өмнөд Америкчууд ДАШТ хуучин, шинэ тивд ээлжлэн зохиогдох ёстой гэж үзэж байсан учраас “World Cup-38”-ыг нутагтаа зална гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч төлөвлөгөө нь хэрэгжээгүй учир Уругвайн адилаар ДАШТ-ийг хясан боожээ. Аргентинчуудын эл бойкот 20 жил үргэлжилсэн юм.
Тэмцээний сонгон шалгаруулалт 1937 оны зургадугаар сараас 1938 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн бөгөөд тэндээс шалгарсан 14 улс дээр зохион байгуулагч Франц, өмнөх дэлхийн аварга Италийн шигшээ нэ¬мэгдэн, нийт 16 баг шигшээ тэмцээнд олимпийн системээр өрсөлдөхөөр болов. Гэвч Европын хэд хэдэн орныг эзлээд байсан фашист Герман Австрийн шилдэг тоглогчдыг өөрийн багтаа нэгтгэн, “Вундертим”-ийг тараасан учраас тэдэнтэй оноолт таарсан шведүүдийн аз болж, тоглолгүйгээр дараагийн шатанд шалгарчээ. Маттиас Шинделарж нарын зарим хөлбөмбөгчид Германы багт тоглохоос татгалзсаныхаа дараа учир битүүлгээр нас барсан билээ.
Гэвч агуу хэмээх тодотголтой Германы баг эхний учраагаа ч давж чадсангүй. Тэс ондоо тоглолтын аpга барилтай хөлбөмбөгчид ийм богинохон хугацаанд хоорондоо яаж ч ойлголцох вэ дээ. Тэд “амны хүүхэд” Швейцарьтай эхлээд 1:1-ээр тэнцээд, нэмэлт тоглолтод 2:4-өөр дийлдсэн юм.
Удаах сенсаацыг далайн чанадаас ирсэн кубачууд тарив. Тэд харьцангуй туршлагатай Румыний багтай 3:3-аар тэнцэн, хоёр дахь тоглолтод 2:1-ээр хожжээ. Зохион байгуулагч Франц Бельгийг 3:1-ээр, “Итали-34”-ийн мөнгөн медальт Чехословак анх удаагаа оролцож буй Голландыг 3:0-ээр, Унгар Голландын Энэтхэгийг 6:0-ээр тус тус хожиж, шөвгийн наймд төвөггүйхэн шалгарсан аж.
Тэгвэл дэлхийн аварга Итали Норвегийг зовж байж, нэмэлт цагт Пиолагийн оруулсан гоолын ачаар буулгаж авсан юм. Уг тоглолтыг нүдээр үзсэн хүмүүс үндсэн цаг дуусах мөчид Норвегийн довтлогч Брустад гоол оруулсан ч шүүгч түүнийг нь тооцоогүй гэж дурсан ярьсан байдаг.
Харин Бразил-Польшийн тулаан эсрэгээр маш үзүүштэй болж, 6:5-аар бразилчууд хожсон юм. Тэд тоглолтын турш 1:0, 3:1, 4:3 мэтчилэн тэргүүлж байсан ч ДАШТ-д анх удаагаа оролцож буй польшууд 90 дэх минутад тоог тэнцүүлжээ. Нэмэлт цагт Бразилийн довтлогч, “Хар алмаз” хочит Леонидас хоёр бөмбөг хийснээр латин америкчууд дараагийн шатанд шалгарсан. “Мено” цэнгэлдэхэд болсон эл тоглолтод Леонидас, Эрнест Вилимовски нар тус бүр дөрвөн гоол оруулсан нь ДАШТ-ий түүхэн дэх анхны покер ажээ. Гэхдээ зарим сурвалжид Леонидасыг дөрөв бус гурван бөмбөг оруулсан хэмээн тэмдэглэсэн байдаг.
Дээрх хүнд хэцүү тоглолтын дараа 1/4 шигшээд өмнөд америкчууд Чехословактай тулав. Шавь нар нь өмнөх тоглолтод хамаг хүч чадлаа шавхчихсан учраас Бразилийн дасгалжуулагч Адемир Пимента зоримог шийдвэр гаргаж, хаалгач Валтер, довтлогч Леонидас нараас бусад үндсэн бүрэлдэхүүний тоглогчдоо амраажээ. Энэ сайхан бо¬ломжийг Планичка, Неедлы, Пуч нарын ододтой чехүүд ашиг¬лаж чадсангүй, 1:1-ээр тэнцжээ. Хоёр хоногийн дараах нэмэлт тоглолтод чехүүд эхний бөмбөгийг оруулсан ч 57 дахь минутад өнөөх Леонидас тоог тэнцүүлж, улмаар таван минутын дараа Роберто хожлын бөмбөгийг оруулжээ. Чехословакийн шигшээ тэр оройдоо нутаг буцсан гэдэг.
Шөвгийн 16-д Германы хүчтэй багийг сөхрүүлсэн швейцарьчууд Унгарын эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар 0:2-оор хожигдон, мөн тэмцээнээс хасагдлаа. Дунд шөвгийн бас нэ¬гэн тоглолт Швед-Кубын хооронд өрнөж, скандинавчууд өрсөлдөгчөө 8:0-ээр бутниргэв. Хэрэв Кубын хаалгыг Бенито Карвахалес манаагүйсэн бол ахиад 6-7 бөмбөг ч орж мэдэхээр байлаа. 14 жилийн өмнө Парисын олипоос хүрэл медаль хүртэж байсан Шведийн довтлогч Келлер харих болоогүйгээ харуулан хет-трик хийсэн аж.
Дунд шөвгийн хамгийн сонирхол татаж байсан тоглолт нь мэдээж Итали-Францын тулаан.
Ширүүн салхитай өдөр болсон энэхүү тоглолтыг 60 мянган хүн үзсэн бөгөөд тасалбараас 888 171 франкийн орлого олсон нь тухайн үедээ дээд амжилтад тооцогдож байв. Дөнгөж ес дэх минутад италичууд салхийг хагалсан бол ердөө 30-хан секундын дараа “Гурван өнгөтнүүд” 1:1 болгожээ. Гэвч хоёрдугаар үед Италийн довтлогч Сильвио Пиола хоёр гоёмсог гоол хийснээр талбайн эзэн баг дэлхийн аварга болдог уламжлал тасарсан юм.
Ийнхүү италичууд хагас шигшээд Бразилийн гайхамшигт багтай учраа таарав. Зоримог шийдвэр гаргадгаараа зартай Бразилийн дасгалжуулагч Пимента өрсөлдөгчөө дутуу үнэлсэн үү яасан, гол довтлогч Леонидасаа талбайд гаргаагүйн улмаас Италид 1:2-оор дийлджээ. Пиментагийн өндөр ур чадвартай тоглогчдыг Поццогийн хамгаалалт сайтай баг ялсан юм. Нөгөө талд Унгар Шведийг 5:1-ээр бутниргэсэн байна. Шведүүд эзэн хаан V Густавынхаа 80 насны ойд ялалтаар бэлэг барих зорилготой талбайд гарсан ч…
Ийнхүү 1938 оны зургадугаар сарын 19-нд Парисын “Стад де Фор Карре” цэнгэлдэхэд Итали, Унгарын багууд аваргын төлөө өрсөлдлөө. Францчууд тэмцээнээс ха¬сагдсан болохоор финалын тоглолтыг санаснаас цөөхөн хүн буюу 45 мянган үзэгч л сонирхжээ. Шиг¬шээ тоглолтын өмнө дарангуйлагч Муссолинигоосоо “Ялалт, эсвэл үхэл” гэсэн тушаал авсан италичууд өрсөлдөгчөө 4:2-оор илүүрхэн хожиж, “Ариун Нике” цомыг хоёр дахиа хүртжээ.
Агуу тактикч Витторио Поццо¬гийн “Төмөр легион” чингэж 1934, 1938 оны ДАШТ, 1936 оны олимпийн наадамд нэг амьсгаагаар түрүүлэн, дахин давтагдашгүй хосгүй амжилтыг үзүүлсэн юм. “Скуадра Аззура”-гийн энэхүү ялалтаас жилийн дараа Дэлхийн II дайн эхэлсэн тул италичууд алтан цомоо 12 жил гэртээ хадгалсан юм.
1/8 ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Швейцарь-Герман 1:1
Гоол: Абегглен 43-Гаухель 23
Швейцарь: Юбер, Минелли, Леманн, Шпрингер, Вернати, Лертшер, Амадо, Валашек, Бикель, Абегглен, Эби
Герман: Рафтль, Янес, Шмаус, Купфер, Мок, Китцингер, Ленер, Геллеш, Гаухель, Ханеманн, Пессер
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.4. Парис, “Парк де Принс”, 27000 үзэгч
Швейцарь-Герман 4:2 (нэмэлт тоглолт)
Гоол: Валашек 42, Биккель 65, Абегглен 76, 79-Ханеманн 9, Лертшер 22 автогоол
Швейцарь: Юбер, Минелли, Леманн, Шпрингер, Вернати, Лертшер, Амадо, Валашек, Биккель, Абегглен, Эби
Герман: Рафтль, Янес, Штрайтле, Купфер, Гольдбрюннер, Скоумал, Ленер, Штрох, Сепан, Ханеманн, Ноймер
Шүүгч: Эклинн (Швед)
VI.9. Парис, “Парк де Принс”, 20000 үзэгч
Куба-Румын 3:3
Гоол: Сокорро 40, Фернандес 87, Туньяс 111-Биндя 30, 100, Баратки 88
Куба: Карвахелес, Баркин, Чоренс, Ариас, Родригес, Бергес, Оливейра, Фернандес, Сокорро, Туньяс, Соса
Румын: Павлович, Бюргер, Кирою, Винтила, Рэшинару, Рафинши, Биндя, Ковач, Баратки, Бодола, Добаи
Шүүгч: Скарпи (Итали)
VI.5. Тулуз, “Шапу”, 7000 үзэгч
Куба-Румын 2:1 (нэмэлт тоглолт)
Гоол: Сокорро 50, Оливейра 55-Добаи 35
Куба: Айра, Баркин, Чоренс, Ариас, Родригес, Бергес, Оливейра, Фернандес, Сокорро, Туньяс, Соса
Румын: Садовши, Бюргер, Фелекан, Бэрбулеску, Рэшинару, Рафинши, Богдан, Молдовяну, Баратки, Прасслер, Добаи
Шүүгч: Бирлем (Герман)
VI.5. Тулуз, “Шапу”, 8000 үзэгч
Чехословак-Голланд 3:0
Гоол: Кошталек 92, Неедлы 110, Земан 115
Чехословак: Планичка, Бургр, Даучик, Кошталек, Боучек, Копецки, Ржига, Шимунек, Земан, Неедлы, Пуч
Голланд: ван Мале, Вебер, Калденхове, Пауве, Андерисен, ван Хел, Велс, ван дер Вен, Смит, Венте, де Хардер
Шүүгч: Леклерк (Франц)
VI.5. Гавр, “Каве Верт”. 11000 үзэгч
Швед-Австри +/-
Франц-Бельги 3:1
Гоол: Вейнант 1, Никола 12, 69-Исемборгс 20
Франц: ди Лорто, Казанаве, Маттлер, Бастьен, Жордан, Дианье, Астон, Эйссерер, Никола, Дельфур, Вейнант
Бельги: Бажу, Паверик, Сейс, ван Алфен, Стейнен, де Винтер, ван де Ваувер, Ворхофф, Исемборгс, Брэн, Бейле
Шүүгч: Вютрих (Швейцар)
VI.5. Парис, “Олимпик”, 30000 үзэгч
Унгар-Голландын Энэтхэг 6:0
Гоол: Кохут 12, Толди 14, Шароши 20, 79, Женгеллер 35, 63
Унгар: Гада, Керань, Биро, Лазар, Турай, Балог, Шаш, Женгеллер, Шароши, Толди, Кохут
Голландын Энэтхэг: Тан Мо Хенг Хуком, Самуэлс, Навир, Менг, Анвар, Тан Хон Диен, Судармадий, Зомерс, Паттивал, Таихутту
Шүүгч: Конрие (Франц)
VI.5. Реймс, “Велодром Мюнисипаль”, 9000 үзэгч
Итали-Норвег 2:1
Гоол: Феррарис 2, Пиола 94-Брустад 83
Итали: Оливьери, Мондзельо, Рава, Серантони, Андреоло, Локателли, Пазинати, Меацца, Пиола, Феррари, Феррарис
Норвег: Юхансен, Юханнесен, Хольмсен, Хенриксен, Эриксен, Хольмберг, Францен, Кваммен, Брюнильсен, Исаксен, Брустад
Шүүгч: Беранек (Герман)
VI.5. Марсель, “Велодром”, 19000 үзэгч
Бразил-Польш 6:5
Гоол: Леонидас 18, 72, 104, Ромеу 25, Перасио 44, 71-Шерфке 23 пен, Вилимовски 53, 59, 89, 118
Бразил: Бататаис, Домингос, Машадо, Зезе Прокопио, Мартим Силвейра, Алфонсиньо, Лопес, Ромеу, Леонидас, Перасио, Эркулес
Польш: Мадейски, Щепаняк, Галески, Гора, Ныч, Дытко, Пец, Пьянтек, Шерфке, Вилимовски, Водарц
Шүүгч: Эклинн (Швед)
VI.5. Страсбур, “Мейно”, 13000 үзэгч
1/4 ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Итали-Франц 3:1
Гоол: Колаусси 9, Пиола 51, 72-Эйссерер 10
Итали: Оливьери, Фони, Рава, Серантони, Андреоло, Локателли, Бьявати, Меацца, Пиола, Феррари, Колаусси
Франц: ди Лорто, Казенаве, Маттлер, Бастьен, Жордан, Дианье, Астон, Эйссерер, Никола, Дельфур, Вейнант
Шүүгч: Барт (Бельги)
VI.12. Парис, “Олимпик”, 59000 үзэгч
Швед-Куба 8:0
Гоол: Келлер 13, 48, 49, Веттерстрём 27, 30, 43, Келлер 60, Нюберг 86, Х.Андерссон 88
Швед: Абрахамссон, Эрикссон, Келльгрен, Альмгрен, Якобссон, Сванстрём, Веттерстрём, Келлер, Х.Андерссон, Юханссон, Нюберг
Куба: Карвахелес, Баркин, Чоренс, Арьяс, Родригес, Бергес, Феррер, Фернандес, Сокорро, Туньяс, Алонсо
Шүүгч: Крист (Чехословак)
VI.12. Антиб, “Фор Карре”, 7000 үзэгч
Унгар-Швейцарь 2:0
Гоол: Шароши 43, Женгеллер 90
Унгар: Сабо, Корань, Бире, Лазар, Тураи, Салаи, Шаш, Женгеллер, Шароши, Винче, Кохут
Швейцарь: Юбер, Штельцер, Леманн, Шпрингер, Вернати, Лертшер, Амадо, Валашек, Бикель, Абегглен, Грасси
Шүүгч: Барлассина (Итали)
VI.12. Лилль, “Виктор Букей”, 15000 үзэгч
Бразил-Чехословак 1:1
Гоол: Леонидас 14-Неедлы 41 пен
Бразил: Валтер, Домингоc, Машадо, Зезе Прокопио, Мартим Силвейра, Алфонсиньо, Лопес, Ромеу, Леонидас, Перасио, Эркулес
Чехословак: Планичка, Бургр, Даучик, Кошталек, Боучек, Копецки, Ржига, Шимунек, Лудл, Неедлы, Пуч
Улаан хуудас: Зезе Прокопио 14, Машадо 89-Ржига 89
Шүүгч: фон Гертцка (Унгар)
VI.12. Тулуз, “Шапу”, 19000 үзэгч
Бразил-Чехословак 2:1 (нэмэлт тоглолт)
Гоол: Леонидас 56, 60-Копецки 23
Бразил: Валтер, Жау, Нарис, Бритто, Брандан, Аржемиро, Роберто, Луизиньо, Леонидас, Тим, Патеско
Чехословак: Буркет, Бургр, Даучик, Кошталек, Боучек, Копецки, Кройц, Горак, Лудл, Сенецки, Рулц
Шүүгч: Капдевилль (Франц)
VI.14. Тулуз, “Шапу”, 22000 үзэгч
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Унгар-Швед 5:1
Гоол: Женгеллер 20, 39, 86, Шаш 37, Шароши 66-Нюберг 1
Унгар: Сабо, Корань, Бире, Салаи, Тураи, Лазар, Шаш, Женгеллер, Шароши, Толди, Титкош
Швед: Абрахамссон, Эрикссон, Келльгрен, Альмгрен, Якобссон, Сванстрём, Веттерстрём, Келлер, Х.Андерссон, Юханссон, Нюберг
Шүүгч: Леклерк (Франц)
VI.16. Парис, “Парк де Принс”, 20000 үзэгч
Итали-Бразил 2:1
Гоол: Колаусси 56, Меацца 60 пен-Ромеу 87
Итали: Оливьери, Фони, Рава, Серантони, Андреоло, Локателли, Бьявати, Меацца, Пиола, Феррари, Колаусси
Бразил: Валтер, Домингос, Машадо, Зезе Прокопио, Мартим Силвейра, Алфонсиньо, Лопес, Ромеу, Луизиньо, Перасио, Патеско
Шүүгч: Вютрих (Швейцар)
VI.16. Марсель, “Велодром”, 33000 үзэгч
III БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Бразил-Швед 4:2
Гоол: Ромеу 42, Леонидас 52, 70, Перасио 80-Юханссон 13, Нюберг 23
Бразил: Бататаис, Домингос, Машадо, Зезе Прокопио, Брандан, Алфонсиньо, Роберто, Леонидас, Ромеу, Перасио, Патеско
Швед: Абрахамссон, Эрикссон, Нильссон, Альмгрен, Линдерхольм, Сванстрём, Перссон, А.Андерссон, Х.Андерссон, Юханссон, Нюберг
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.19. Бордо, “Парк Лескюр”, 12000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Итали-Унгар 4:2
Гоол: Колаусси 6, 35, Пиола 19, 82-Титкош 8, Шароши 70
Итали: Оливьери, Фони, Рава, Серантони, Андреоло, Локателли, Бьявати, Меацца, Пиола, Феррари, Колаусси
Унгар: Сабо, Полгар, Биро, Салаи, Сюч, Лазар, Шаш, Винче, Шароши, Женгеллер, Титкош
Шүүгч: Капдевилль (Франц)
VI.19. Парис, “Олимпик”, 45000 үзэгч
0 Санал хүсэлт:
Post a Comment