Тэр бол Онцгой нэгэн - 1-р хэсэг

Oct 30, 2011

Энэхүү түүх жирийн нэгэн португал гэр бүл католик шашны хамгийн том баярыг
тэмдэглэхээр өргөн ширээний ард гэр бүлээрээ цуглаад байсан зул сарын нам гүм үдшээс
эхлэлтэй бөлгөө. Лаа асч, баярын ширээ амттанаар бялхаж, бүгд аз жаргалтай байлаа.
Гэр бүлийн тэргүүн, шинэхэн дасгалжуулагч Жозе Мануэль Феликс ч инээмсэглэх аж.
Гурван өдрийн өмнө түүний баг дахиад л хожигдсон ч энэ удаа тэр талаар санахгүйг
хичээж байлаа. Өөрийн зовлонгоор үзэсгэлэнт эхнэр Мария, бяцхан хүү Зегээ зовоох
хэрэггүй шүү дээ. Учир нь тэд энэ баярыг удаан хүлээсэн.

Оройн хоол идэж байтал утас дуугарав. Феликс утсыг аваад хэдэн секундын дараа
харилцуурыг тавилаа.
-Юу болоо вэ? Таагүй зүйл үү? гэж Мария лавлав.
-Намайг халчихлаа. Зул сараар ийм бэлэг ч авах гэж дээ гэж Феликс Моуриньо
бувтналаа.
Түр завсарлая. Та ингэхэд “Реал”-ын шинэ дасгалжуулагчийн талаар юу гэж боддог вэ?
Би таах гээд үзэх үү! “Тэр мэдээж байж болох бараг бүх тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ тэр
ааш муутай, хөлбөмбөгчидтэйгээ хэрэлддэг, зөвхөн өөрийнхөө тухай боддог, баг нь
үзүүштэй тоглолт үзүүлдэггүй. Хөөрхий мадридчууд, түүнийг урьж байхдаа юу бодож
байсан юм бол доо” гэх зэргээр та боддог байх.
Тийм ээ, сэтгүүлчид хүмүүст яг ийм Моуриньог дүрсэлж өгдөг юм. Тийм ч учраас маш
олон хүн түүнийг ааш муутай, шуугианы эзэн гэж эн түрүүнд боддог бөгөөд үүний дараа л
түүнийг орчин үеийн дэлхийн шилдэг дасгалжуулагч гэж үздэг байна. Хэвлэл мэдээллийн
хүч, нөлөө гэж энэ шүү дээ! Чин үнэнийг хэлэхэд хэвлэлийнхэн анхнаасаа л Моуриньод
гомдож ирсэн юм. Энэ нь тэр өөрсдөд нь дургүй гэдгээс ч бас тийм их хамааралтай биш.
Өөрсдийнх нь бараг дуулж сонсоогүй нэг нөхөр гэнэт цоорч тааруухан баг удирдан
“Аваргуудын лиг”-т түрүүлснийхээ дараа шуудхан “Челси”-д очиж дэлхийн хамгийн өндөр
цалинтай дасгалжуулагч болж чадсанд сонины “мэргэжилтнүүд” асар их гомдож, уурлаж
байлаа. Тэд түүнийг анзааралгүй “од болгочихлоо” гэж үү!
Гэхдээ мэдээж Жозе өөрөө ч гэсэн хувийн имижээ иймэрхүү маягаар бүрдүүлэхэд чамгүй
хувь нэмэр оруулсан нь үнэн. Учир нь түүнд ойр тойрных нь хүмүүсийн бодол санаа
падлий байхгүй. Бүр огт хамаагүй. Заримдаа тэр үүнийгээ харуулахын тулд албаар
дуулиан шуугиан үүсгэж, хэл амаа билүүдэхийг нь яана. Заримдаа өөрийн тоглогчдоо,
тухайлбал Макелелег тогтоосон хэм хэмжээг давж гарч хамгаална. Цаг хугацаа өнгөрөх
тусам сэтгүүлчдийг өдөж, хорыг нь малтах нь Моуриньод таалагдах болжээ. Түүнээс
гадна Моуриньо өөртөө итгэлтэй хүн. Заримдаа бүр хэтэрхий итгэнэ. Амьдрал түүнийг
ийм болгосон болохоор аргагүй л дээ. Амьдрал хүнийг олонтаа шалгаж, сургадаг боловч
ихэнх хүн үүнийг ойлгодоггүй, сургамж, ухаарал авдаггүй. Харин Моуриньо өөрийгөө
онцгой нэгэн гэж хэлсэн нь аргагүй ажээ, тэр амьдралаас маш их зүйлийг ойлгож авсан,
үүгээрээ бусдаас содон нэгэн.
Ирээдүйн нэрт дасгалжуулагчийн аав ажлаасаа халагдсан зул сарын тэр өдрөөс эхлэн
Моуриньо хатуужил, тэсвэртэй нэгэн болж эхэлсэн юм. Бяцхан Зед (хүүг эцэг эх нь тэгж
дууддаг байжээ) энэ явдал хүнд цохилт болжээ. Хүү аавыгаа хүндэлж, үргэлж түүнээс
үлгэр жишээ авдаг байсан бөгөөд хэн нэгэн аавд нь сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг
мэдэж авсан нь түүнд жинхэнэ шок болсон билээ.
Гэвч хүүгийн аавдаа итгэх итгэл өчүүхэн ч буурсангүй. Харин ч эсрэгээр хүү анхны
ухаарлаа олж авчээ: хэн нэгэн чамд сэтгэл дундуур байгаа бол энэ нь тэр хүний зөв гэсэн
үг биш.
Саяхан 72 нас хүрсэн Феликс Моуриньо үнэхээр хүндлэл хүлээх эрхтэй хүн. Тэрбээр загасчны гэр бүлд төрсөн ч чамгүй сайн хаалгач болж, Сетубалын “Витори”,
“Белененсеш” багуудад тоглож байсан төдийгүй Португалийн шигшээ багт нэг удаа
тоглоод үзжээ. Хөгжөөн дэмжигчид түүнийг ихэд хүндэлдэг байлаа. Хаалттай цохилтоор
өөрийн багийн талбайгаас эсрэг багт гоол оруулж байсан тухай нь одоо ч Сетубалд
ярьсаар байгаа гэдэг.
Зе хүү хөлбөмбөг сонирхох болсон нь мэдээж аавтай нь холбоотой. Тэрбээр эцгийнхээ
бэлтгэлийг харахаар Сетубалын цэнгэлдэх рүү олонтаа очиж, талбай руу гаран бэлтгэл
үймүүлдэг байв. Жозег сургуульд ороход аав нь ийм болзол тавьжээ: “Зөвхөн сайн
сурсан тохиолдолд л бэлтгэл дээр ирж болно”.
Жозе “Белененсеш”-ийн бүх хөлбөмбөгчидтэй найз болсон төдийгүй Португалийн лигийн
бараг бүх тоглогчдийг мэддэг болжээ. Заримдаа Феликс хүүгээсээ хөлбөмбөгчдийн
талаар асуулт асууж, бяцхан шалгалт авах бөгөөд хүү ч торолгүй хариулдаг байлаа. “Хм,
биологийн хичээлээ ингэж мэддэг байсан ч болоосой” гэж аав нь шогширдог байв. Гэвч
үнэндээ бага-Моуриньо үргэлж зүрх сэтгэлээрээ хичээлдээ ханддаг байлаа. Түүнд тов
тодорхой шинжлэх ухаанууд, тэр дундаа математик гойд таалагддаг байсан юм. Эцэг эх
нь ч үүнд сэтгэл хангалуун байжээ. Мөн сурагч Жозегийн цүнхэнд ном дэвтэр нь дандаа
эмх цэгцтэй байдаг байсан нь ээж Марияг нь гайхуулдаг байсан гэдэг.
-“Шинэ жилээр эсвэл төрсөн өдрөөрөө тэр ердөө ганц л юм, хөлбөмбөгийн бөмбөг л
авахыг хүсдэг байж билээ. Мэдээж тэр өөр тоглоом авахуулдаг байсан л даа, гэхдээ
бэлгэнд зөвхөн бөмбөг авахыг хүсдэг байлаа. Хэрэв түүнд бөмбөг биш өөр ямар нэг
тоглоом бэлэглэвэл тэр өөрийгөө бэлэггүй үлдлээ гэж чин сэтгэлээсээ гоморхдог байсан”
гэж Феликс өгүүлсэн удаатай.
Жозе 14 нас хүрээд аавтайгаа хамт автобусаар мөн замын машинаар Португал даяар
явж, тоглолтод оролцох болжээ. Тэрбээр аавыгаа шалсаар байгаад тоглолтын үеэр
бөмбөг авч өгдөг бүлэг хүүхдүүдийн нэг болсон төдийгүй удалгүй тэднийхээ ахлагч нь
болсон аж.
1970-аад оны сүүлээр Феликс Моуриньогийн ажлаасаа халагдсан гунигт түүр мартагдаж
тэрбээр өөрийгөө дасгалжуулагчийн ажилд бүрэн зориулах боллоо. Хүү нь ч түүнд
тусласан хэвээр. Анхандаа Жозе ганцхан үүрэгтэй байж. Энгийн боловчиг тун чухал.
Тэрбээр нөөц тоглогчдийн суудлын хажууд жижүүрлэж, аав нь хэн нэгэн тоглогчод
заавар өгөх хэрэг гарвал гүйн очиж дасгалжуулагчийн үүргийг дамжуулдаг байлаа.
Үүнийхээ хажуугаар хүү “Белененсеш”-ийн хүүхдийн багт тоглож байсан ч төдий л
амжилт олсонгүй. Хөлбөмбөгийн тактик, стратегийн талаар ярилцаж, тоглогч,
дасгалжуулагчдийн яриаг сонсох нь түүнд хамаагүй сонирхолтой байв.




0 Санал хүсэлт: