Бяцхан ногоон вандуй

Oct 30, 2011



Хавиер Эрнандес Балкасар – буюу Чичарито. Тэрээр Мексикийн хөлбөмбөгийн түүхэнд маш хурдан тодрон гарч ирсэн хурц оддын нэг бөгөөд Мексикийн примера дивизионы мэргэн буучдын тэргүүнд 17 гоолтойгоор бичигддэг юм.

Чичарито 1988 оны 6 сарын 1-нд Мексикийн Халиско мужийн Гвадалахара хотод төрсөн бөгөөд 7 настайгаасаа эхлэн хөлбөмөбөг тоглож эхэлжээ. Түүний аав Хавиер Эрнандес Гуттиерез нь Мексикийн анхны довтлогч байсан бөгөөд хүүгээ мэргэжлийн хөлбөмбөгч болно гэдэгт итгэдэггүй нэгэн байв. Хүү Эрнандес  9 настайдаа төрөлх хотынхоо Club Deportivo Guadalajara  багт элсэн орж, 15 настайдаа анхныхаа мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээг тус багтайгаа байгуулсан байна. 2005 онд 17-оос доош насны улсынхаа шигшээ багт багтан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон боловч гэмтэл бэртлийн улмаас талбайн хажуугаас тэмцээнийг үзэх болсон нь харамсалтай. Гэсэн хэдий ч Мексикийн шигшээ баг Перуд болсон тэмцээнд аваргалж түүнийг баярлуулжээ.
Хавиер Эрнандесийн клубийн карьер Чивас буюу Гвадалахара багаас эхэлсэн бөгөөд энэхүү баг нь Мексикийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилттай багуудын нэг юм. 2005-2006 оны улирлыг “ бяцхан ногоон вандуй” хочит Чичарито маань доод дивизионд өнгөрүүлжээ. Чивас дахь дебют нь 2006 онд Estadio Jalisco (Эстадио Халиско) цэнгэлдэхэд Necaxa  багийн эсрэг хийж хожил авсан тоглолт байв. Тоглолтын  тооны харьцаа 3-0 байхад 82 дахь минутад тэрээр Омар Бравогоор сэлгэгдэн талбайд гарч 5 минутын дараа тоглолтын 4 дэх гоолыг оруулсан юм. Энэ гоол түүний 2006 – 2007 оны улиралд нийт 7 тоглолтод оруулсан цорын ганц гоол байв. 2008 онд тэр Apertura– д нийт 10 тоглолтод орсон боловч нэг ч гоол хийж чадалгүй улирлыг дуусгасан бол түүний дараа жил Clausura-д 4 гоол оруулж амжижээ. Харин 2009 онд Apertura –д Чичарито нийт 17 тоглолтод 11 удаа гоолдон лигийн мэргэн буучдын жагсаалтын 3-рт бичигдэв. 2010 оны Torneo Bicentenario буюу Мексикийн дээд лигт (Apertura, Clausura систем хэрэгжиж эхэлсэнээс хойш) тэрээр 5 тоглолтод 8 гоолоор эсрэг багийн хаалгыг мялаажээ.
2009 оны 10-р сард Английн Примьер Лигийн супер клуб Манчестр Юнаетэд  өөрийн скаутыг Мексикт илгээсэн бөгөөд тухайн оны 12-р сард буюу хэдэн тоглолтын дараа Мексикээс сайн мэдээ хүлээн авчээ. Энэ үед багийн зүгээс Чичарито-г өөр баг руу явуулах асуудлыг тодорхой шийдээгүй, хүлээлтийн байдалтай байлаа. Үүнд түүний улсынхаа шигшээ багт цаашид эзлэх байр суурь ч нөлөөлсөн тал бий. Манчестер Юнайтедийн тэргүүн скаут Жим Лаулор (Jim Lawlor) тун удалгүй буюу дараа хавар нь Мексик-т очиж Чичаритогийн тоглолтыг үзэж сонирхоод түүний тоглолтын ур чадвар болон насны талаар манай багт байх ёстой тоглогч мөн байна хэмээн эргэн клубруу мэдэгджээ.
2010 оны 4 сарын 8-нд Чичарито Манчестер Юнайтед багтай албан ёсны гэрээг (£7 сая ) үзэглэсэнээр тэрээр дэлхийд танигдаж эхэлсэн юм. Гэрээнд гарын үсэг зурахын өмнөх өдөр түүний нэр Аваргуудын лиг-ийн хэсгийн шатны 2 дахь тоглолт Байерн Мюнхений эсрэг тоглох багийн барэлдэхүүнд багтсан байсан нь түүний ур чадварт Сэр Алекс Фергюсон хэрхэн итгэсэнийг харуулж байв. Хөлбөмбөгч хүн бүрт тохиогоод байдаггүй аз завшаан түүнд тохиосон нь хуучин багийнхаа бүрэлдэхүүнд багтан шилжиж очиж байгаа багийнхаа эсрэг гоолдсон явдал юм. 2010 оны EPL –ийн амралтын үеэр Манчестер Юнайтед клуб хойд болон төв Америкаар аялан тоглолт хийсэн нь Чичаритод сайхан боломжуудыг олгов. 2010 оны 7 сарын 30-ны өдөр түүний шинэ хуучин багууд нөхөрсөг тоглолт хийхэд тэрээр хуучин баг Чивасийн өмнөөс шинэ баг Манчестер Юнайтедийн хаалганд гоол хийн ямаршуухан тоглогч тэдэнтэй нэгдэж байгааг харуулсан бол түүнээс 2 өдрийн өмннө шинэ баг Манчестер Юнайтедийн төлөөх дебют гоолоо оруулсан нь Мэжор Лиг Соккер-ийн бүх оддын эсрэг тоглолт байлаа. Энэ хоёр өдөр түүний амьдралын хувьд хэзээ ч мартагдахааргүй өдрүүд байсан нь тодорхой юм. Ийнхүү түүний Англи дахь гялалзсан өдрүүд эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл тэрээр олон удаа гараанд гараагүй боловч лигийн сүүлийн тойргийн болон Карлин капийн сүүлийн тоглолтуудад клубийн хамгийн асуудалтай байгаа урд шугамыг нэр төртэйгээр бүрдүүлж багаа аварсаар байна. Түүний лигийн сүүлийн тойргийн тоглолтод Стоукийн эсрэг хийсэн эхний гоолыг лигийн энэ улирлын хамгийн шилдэг гоолуудад зүй ёсоор орох гоол байна хэмээн бахархан ярьж байсан тайлбарлагчийн үгс тод санагдаж байна. Түүнд Rooney, Berba  нартай хоршин бүтээх асар их амжилт өмнө нь байна.
Чичарито Мексик улсынхаа үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо 2009 оны 9 сард Колумбийн эсрэг хийсэн юм. Хэдийгээр түүний баг энэ тоглолтод хожигдол хүлээсэн ч багийнхаа оруулсан цорын ганц гоолийн дамжуулалтыг тэр өгсөн нь шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа багтсан түүний хувьд том амжилт байлаа.
2010 онд ӨАБНУ-д зохиогдсон Дэлхийн Цомын тэмцээний нээлтийн тоглолтод эзэн орон ӨАБНУ- ын эсрэг хийсэн тоглолт түүний анхны дэлхийн цомын тоглолт байлаа. Францийг 2-0-ээр хожсон тоглолтод түүний анхны дэлхийн аваргын гоол орсон нь түүнийг дэлхий даяар таниулж өгсөн бөгөөд тэр гоол тун гайхалтай гоол байлаа. Сонирхолтой нь түүний өвөө Томас Балказар (Tomas Balcazar) 1954 оны дэлхийн цомын тэмцээнд Францийн эсрэг гоолдсон байдаг. Тэр тоглолтын дараа Чичарито Аргентиний эсрэг бас нэгэн гоол оруулсан ч харамсалтай нь Мексикчүүд энэ удаа хожигдсон юм. Тэмцээний үеэр ФИФА-ийн статистик шинжилгээгээр Чичарито Дэлхийн Цом – 2010 – ын хамгийн хурдан тамирчнаар тодорсон бөгөөд түүний хурдыг 32.15 km/h гэж тогтоосон байдаг.
Ийнхүү энэ удаагийн дэлхийн цомын тэмцээн түүний хувьд амжилтаар дүүрэн өнгөрч эрч хүч, урам зоригоор дүүрэн хүү EPL эхлэхийг хүлээв. Ийн хүлээж байх зуур шинэхэн дэлхийн аваргууд болох Испаничуудтай нөхөрсөг тоглолт хийх болов. Нөхөрсөг тоглолт 2010 оны 8 сард болсон бөгөөд Чичарито уламжлал ёсоор гоолдсоноор тоглолотыг Мексикчүүд тэргүүлж эхэлсэн бол Давид Сильва  тэнцээний гоолийг хийсэнээр тоглолтын үр дүн нөхөрсөгөөр өндөрлөжээ.
EPL эхэлснээс хойш Чичарито төдийлөн олон удаа гараанд гараагүй боловч орлцсон тоглолтууддаа муугүй тоглолтыг үзүүлж байлаа.
Сүүлийн 2 тоглолтод хийсэн түүний гоолууд үндсэндээ Манчестер Юнайтедийг аварсан, тэдний нэр хүндийг өсгөсөн, тэдэнд итгэл урам хайралсан гоолууд байсан, ялангуяа Стоукийн эсрэг хийсэн сүүлийн гоол. Карлин кап-д Чононуудын эсрэг 90 дэх минутад оруулсан хожлын гоолын дараа менежер Сэр Алекс Фергюсон түүнийг ийнхүү магтсан байна.
Тэр гайхалтай байлаа (absolutelty brilliant), түүний гоол бол үнэхээр гайхалтай, гүйцэтгэл ч бас маш сайн байлаа. Хүмүүс ямар нэгэн баатарыг эрж хайдаг, харин Чичарито тэдний магтаал сайшаалыг цуглуулж чадаж байна. Тэр бэлтгэл дээр ч мэргэжлийн байдаг, түүний гоолдох чадварыг хүмүүс магтсаар байна. Түүнд гоолдох боломж олдох бүрт тэр ашиглахыг хичээдэг. Түүний бөмбөгөнд хүрэх хүрэлт, бөмбөг эзэмшилт, хараа зэрэг нь маш хурдан сайжирч байна гэжээ. Цааш нь Сэр Алекс хэлэхдээ Чичаритогийн англи хэл гайхалтай сайн байгаа гэжээ.
Одоо 23 настай Мексик одын цаашдын ирээдүй гэрэлтэй байна. Түүнд багийн лидерүүдээс сурах зүйл их байгаа бөгөөд дэлхийн хэмжээний довтлогч болоход ойрхон байна. Залуугаасаа олонд танигдсан олон од тамирчдын туулсан зам түүнийг хүлээж байгаа бөгөөд түүний төлөө олон багууд өрсөлдөх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Харин гэмтэл бэртэл, азгүй тохиолдлууд түүнээс холуур өнгөрөөсэй.

0 Санал хүсэлт: