Эртний
Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан
шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim
Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод
Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар сараас
албан ёсоор дэлхийн хамгийн баян хүнд тооцогдох болсон. Түүний бизнесийн
гол чиглэл холбоо, харилцаа бөгөөд тэрээр Мексик, Латин америкийн
харилцаа холбооны зах зээлд тэргүүлэх байр суурь бүхий "Telйfonos de
Mйxico (Telmex)", "Telcel" and "Amйrica Mуvil" зэрэг компаниудыг
эзэмшдэг байна.
Эдгээрээс гадна жижиглэн худалдаа, банк санхүү, компьютер, автомашины
сэлбэг, эд анги зэрэг маш олон бизнесийн салбарт их, бага хэмжээгээр
хувь эзэмшдэг. Түүний хөрөнгө 2005 оноос 2007 оны хооронд 18 тэрбумаар
өсөж 67,9 тэрбум ам.долл-т хүрснээр 15 жилийн турш "дэлхийн хамгийн баян
хүн" хэмээх тодотголтой явсан Microsoft компанийн үүсгэн байгуулагч
Bill Gates-г гүйцжээ. Car¬los Slim Hel-н хөрөнгийн энэ хурдацтай өсөлтөд
түүний эзэмшилд байдаг "Amйrica Mуvil"-ны хувьцааны үнийн өсөлт ихээхэн
нөлөө үзүүлжээ.
Carlos Slim Hel-н эцэг Juliбn Slim нь Оттомоны хатуу
ширүүн төрийн бодлогоос зугтааж Мексик улсад 1902 онд нүүн ирж
суурьшжээ. Juliбn 1911 онд "La Estrella del Oriente" хэмээх өөрийн
хувийн дэлгүүрээ нээн ажиллуулж эхэлсэн байна. Удалгүй чинээлэг Мексик
худалдаачны охинтой гэрлэж 6 хүүхэдтэй болсны хамгийн бага нь Carlos
Slim Hel юм. 1952 онд Juliбn Slim нас барсан ба Carlos Slim Hel өөрийн
бизнесээ эхлүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц хөрөнгийг эцгээсээ өвлөн
авчээ. Carlos Slim-н бизнесийн гараа анх 8 настайгаасаа эхлэн аавынхаа
дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд тусалдаг болсноор эхэлсэн гэхэд
болох юм. 1961 онд тэрээр Мексикийн Үндэсний Автоматын Их сургуулийг
инженер мэргэжилтэйгээр төгссөнийхөө дараа эцгээсээ өвлөн авсан хөрөнгөө
ашиглан томоохон бизнест хөл тавьжээ. Тэрээр санхүүгийн салбарт нилээд
ашигтай ажиллан удалгүй их дэлгүүр, ресторан, үл хөдлөх хөрөнгө,
эмнэлэг, барилга, уурхай, тамхи, төмөр зам зэрэг маш олон чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг "Grupo Galas S.A"(хожим Grupo Carso болж өөрчлөгдсөн)
группийн ихэнх хэсгийг эзэмшдэг болжээ. 1980 оны Латин Америкийн эдийн
засгийн хямралын үеэр "Grupo Galas S.A" групп нь дампуурлын ирмэгт
хүрсэн хэдий ч бизнесийн хувьд маш их нөөц бололцоотой 30 гаруй томоохон
пүүс, компанийг өөрийн эгнээндээ элсүүлж чадсан байна. Энэ нь хожим
Carlos Slim Hel-д сая саяар тоологдох ашиг орлогыг авчирчээ.
Carlos
Slim Hel нь 1990 оны Мексикийн хувьчлалаар холбоо, харилцааны "Telйfonos
de Mйxico (Telmex)" компанийг хувьчилж авснаар өөрийн бизнесээ шинэ
шатанд гаргасан юм. Тэр үед 1,76 тэрбум ам.доллараар худалдан авч байсан
уг компани нь өнөөдөр 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аварга том
корпораци болжээ. Түүний энэхүү худалдан авалт ихээхэн хэл амд өртөж
байсан байна. Энэ хувьчлалыг Мексикийн шинжээчид үзэхдээ Стратегийн ач
холбогдолтой компанийг хувьд шилжүүлж байна гэж буруутгаснаас гадна маш
хямд худалдсан гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Гэхдээ энэ дүгнэлт оргүй
хоосон байгаагүй нь өнөөдөр харагдаж байна. Өнөөдрийн байдлаар Мексикийн
холбоо, харилцааны зах зээлийн 90 хувийг "Telйfonos de Mйxico (Telmex)"
дангаар эзэмшиж байгаа нь Мексикийн холбоо, харилцаа Carlos Slim-ээс
бүрэн хараат байдалд байгаа гэхэд болно. Carlos Slim-ын дараагийн
амжилттай худалдаа нь Apple корпорацийн 3 хувийн хувьцааг 1997 онд
iMac-аа гаргахын өмнө нь худалдаж авсан явдал байв. Carlos Slim-г
худалдан авч байх үед Apple-ын нэгж хувьцааны үнэ 17 ам.доллар байсан
бол түүнээс жилийн дараа нэгж хувьцааны үнэ 100 ам.доллар болтол буюу
анхны үнээсээ 6 дахин өсжээ. Өнөөдрийг хүртэл Apple-н хувьцааны үнэ
хурдтайгаар өссөөр байгаа билээ. Мексикийн зах зээлийг эзэлснийхээ дараа
тэрээр анхаарлаа хилийн чанд дахь улсууд руу хандуулж "CompUSA",
"Amйrica Mуvil", "MCI" зэрэг компаниудын их хэмжээний хувьцааг худалдан
авчээ. Түүний эзэнт гүрэн хүрээгээ улам хурдтайгаар тэлсээр байна.
Түүний хөрөнгө 2003 онд 7,4 тэрбум ам.долл байсан бол 2007 онд 67,9
тэрбум ам.доллар болж өссөн. Ийм богино хугацаанд хөрөнгөө 60,5
тэрбумаар өсгөсөн хүн одоогоор түүнээс өөр байхгүй юм байна.
Мексик ба Carlos Slim
Мексик нь дэлхийн 12 дахь том эдийн засагтай, дэлхийн дунджаас дээгүүр орлоготой орнуудын тоонд багтдаг хэдий ч ядуурлын түвшин өндөр(нийт хүн амын 27.9%), баян хоосны ялгаа их, хүний хөгжлийн асуудал хурцаар тавигддаг орон юм. Тус орны ҮНБ нь 840 тэрбум ам.доллар байдаг байна. Өөрөөр хэлбэл Carlos Slim нь Мексикийн Үндэсний Нийт Бүтээгдэхүүний 8 хувьтай тэнцхүйц хөрөнгөтэй гэсэн үг юм. Харин түүний жилийн орлого Мексикийн улсын төсвийн 25 хувьтай тэнцэх ба үнэт цаасны зах зээлийн 40 хувийг Carlos Slim-н хувьцаа эзэлдэг байна. Мөн түүний "Telйfonos de Mйxico (Telmex) компани нь Мексикийн харилцаа, холбооны салбарын 90 хувийг өөрийн хяналтандаа байлгадаг байна. Carlos Slim нь Мексикийн хамгийн нөлөө бүхий компаниуд болох Comertel Argos, Red Uno, Uninet, Sanborns, Teleco, Amйrica Mуvil, SEARS, Telcel, Codetel, Bachoco, Cigatam, IMTSA - Impulsora Mexicana de Telecomunicaciones, Dorian's, Inbursa, Altria зэрэгт ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг ба Herbalife, Televisa, Compusa, Soulkeeper-company, Volaris, Ix-informбtica, Mixup, Coca Cola компаниудын их хэмжээний хувьцааг эзэмшдэг байна. Энэ бүгдээс түүний Мексикт хир нөлөө бүхий хүн гэдгийг харж болох юм.Түүний энэ Монополи байр суурь нь Мексикийн ард түмэнд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй нь зарим олон улсын байгууллагаас хийсэн судалгаанаас харагддаг. Эдийн Засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар Мексик нь харилцаа, холбооны тал дээр дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 30 орны нэгээр шалгарсан байна. Мексикийн улс хооронд болон хот хоорондын телефон ярианы төлбөр, мөн интернэтийн төлбөр нь дэлхийн дундажтай харьцуулбал нилээд өндөр байдаг. Үүний гол шалтгаан нь Мексикийн хэрэглэгчдэд "Telйfonos de Mйxico (Telmex)-ээс өөр сонголт байхгүй, уг компани нь Монополи байр суурьтай байдагтай холбоотой юм байна. Carlos Slim нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлст хойрго ханддаг гэсэн шүүмжлэлд нилээд өртдөг байна. Тэр энэ талаар хэлэхдээ: "Бид Санта Клаус шиг зүгээр юм тараагаад байхаас илүү зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ядуурал бол зөвхөн тусламж, хандиваар шийдчих асуудал биш юм" гэсэн байна. Эндээс түүнийг нийгмийн асуудалд ямар байр сууринаас ханддаг нь ойлгогдож байна.
0 Санал хүсэлт:
Post a Comment