Эрэлхэг тагнуулч Рехард Зорге

Dec 21, 2011


Эрэлхэг тагнуулч Рехард Зорге
Зөвлөлтийн гарамгай тагнуулч дэлхийн дайны эсрэг тэмцэгч, харь газар нууц албанд есөн жил сууж, дайны хамгийн эгзэгтэй үед Германы цэргийг зогсоож чадсан гэж үзэж болохуйц их гавьяатан Рихард Зоргегийн тухай хүргэе. Гитлер, Зорге хоёр бол гал ус шиг харш газар тэнгэр хоёр шиг зайтай улс юм. Дэвшилт хүн төрөлхтөнд буцалтгүй үнэнчээр зүтгэх эрэлхэг хүний бэлгэдэл болсон Рихард Зоргегийн тухай хэд хэдэн ном өнгөрсөн зууны жар, долаад онд гарч дэлхийн олон хэлнээ орчуулагджээ. Миний л мэдэх гурван ном байдаг. Тэдгээрийг уншсаны хувьд энэ суут хүний тухай өгүүлж, танд хүргэе.

Би ЗХУ-ын иргэн

Зорге нь Оросын өмнөд нутаг Апшероны хойг дээр Азербайжаны Сабунчи хэмээх тосгонд 1895 онд төржээ. Хүүг гурван настайд нь тэднийх Германд нүүж очсон байна. Нэгэнтээ Зорге “Би бол өмнөд Кавказад төрсөн хүн, үүнийгээ үргэлж санаж явдаг” гэж хэлсэн байх юм. Түүний хувь заяа эхнээсээ л аугаа их Оростой тийнхүү холбогджээ. Ногоорон цэлийх Каспин тэнгисийн ялдам дотно өнгө, Оросын уудам цэлгэр тал, Кавказын сүрлэг цавчим уулс, нефть ханхалсан үйлдвэр, суурин тосгон эл бүгд түүний сэтгэлд үүрд хадгалагдан үлджээ. Багаасаа гойд хурц хэрсүү ухаантай, юмыг цээжлэх дуртай, ангидаа толгой сурлагатай байсан тул нөхөд нь түүнийг “Ерөнхий сайд” гэж нэрлэдэг байсан нь жирийн хошигнол биш ажээ. Тэрээр өөрийнхөө тухай ийн дурсамж бичсэн байдаг:

“Би түүх, гүн ухаан, утга зохиол, нийгэм судлалын хичээлд аль ч хүүхдээс хавьгүй илүү байсан. 15 настайдаа Гёте, Шиллер, Лессинг, Данте мэтийн ойлгоход хэцүү зохиолчдын бүтээлийг туйлаас сонирхох болсон” гэжээ. Дэлхий дээр айхтар хэцүү үйл явдал болохоор завдаж буйг арван хэдтэй хүү мэдэж эхлэв. Энэ бол дэлхийн I дайн байлаа. 19 настайдаа зуны амралтаа Шведэд өнгөрөөж байтал дайн дэгдсэн сураг дуулдав. Дайн түргэн зуур олон орныг хамрах тийшээ хандав. Зорге сайн дураараа цэрэгт оров. Берлиний ойролцоох цэргийн сургуульд орж бэлтгэл хийлээ. Удсан ч үгүй цусан далай дундах бохир нуувчинд 14 хоног хэвтэв. Буун дуу өдөр шөнөгүй нүргэлнэ. 1915 оны үед Францчууд Германы армийн тэргүүн шугамыг эзэлж, Зорге шархдав. Цэргийн эмнэлэгт очлоо.

...Рихард Берлиний их сургуулийн анагаах ухааны ангид оров. Мэс заслын ухаанд дурласан боловч сэтгэл зүрх нь өөр зүйлд татагдах болжээ. Тэрээр ганц нэг хүнийг бус, бүхэл бүтэн нийгмийг тэр чигээр нь эмчлэхийг хүсчээ. Яг энэ л үеэс Рихард дайны эсрэг тэмцлийн замд оржээ. Хоёр дахиа шархдаж, үхэл түүнийг тойроод л байлаа. Октябрийн хувьсгал гарч түүний амьдралын суут үе эхэлсэн бөгөөд энэ үед тэрээр 23 настай байв. Дараа жил нь эрдмийн зэрэг хамгаалж, төр эрх, социалогийн ухааны доктор болов. Энэ үед Эрнест Тельман түүнийг өндөр үнэлсэн гэдэг.1924 онд XII сард Москва орж удалгүй ЗХУКН-ын батлах гарджээ. Үүнээс хойш 20 жилийн дараа Японы шүүхийнхний өмнө “Би ЗХУ-ын иргэн !” гэж хэлсэн байх юм. Ийнхүү нэрт тагнуулч амь насаа дуусах хүртлээ эх орондоо, ард олондоо үнэнч явжээ.

Сурвалжлагч Зорге

Дайны аюул улам ойртсоор байлаа. 1930 оны нэгдүгээр сард Зорге Шанхайд ирэв. Германы сэтгүүлийн сурвалжлагч, Америкийн хэд хэдэн сонины сурвалжлагч гэсэн нэрээр ирэв. Сонинд өгүүлэл илгээхдээ Джонсон гэдэг нэрээр гарын үсгээ зурдаг боллоо. Макс Клаузенг Рихардад холбооны мэргэжилтнээр өгсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Тэд арван хэдэн жил “Рамзай” хэмээх нууц байгууллагад хамтран ажиллаж, 1939 оны дундаас баригдах өдөр хүртэл зуун зургаан мянган хэсэг тоо, мянга гаруй радио утас төв рүүгээ дамжуулжээ. Түүн дотор “Дахин давтъя. YI сарын 22-нд германы 150 дивизээс бүрдсэн есөн арми Зөвлөлтийн хилд довтлох гэж байна. Рамзай” гэсэн амин чухал мэдээ хүртэл бий. Япон дахь Германы элчин сайдын яамны нэн итгэлтэй хүн болж чадсанаараа хамгийн чухал. Нууц мэдээг чөлөөтэй олж авч, төв рүүгээ явуулдаг байжээ. Элчингийн төмөр авдар өөрөө онгойно гэдэгт итгэлтэй байж, эгзэгтэй цагийг хүлээх боллоо. Зорге Японд очмогцоо Японы асуудлыг маш нарийн судалж эхлэв. Хятадыг ч бас хангалттай судалсан аж. Германы гол хэвлэл “Франк фуртер цейтун” сонинд гардаг Зоргегийн өгүүллүүдийг элчингийнхэн алгасалгүй уншдаг байлаа. Сэтгүүлчийн их авьяас чадвар нь тэдэнд гайхагддаг байсан нь мэдээж. Тэр тусмаа тэдний итгэлийг олж авсаар. Токиод байхдаа эхнэр Катягаасаа захидал хааяа авна. Захиаг дахин уншмаар санагдавч тэгэх ёсгүй, боломжгүй ажээ. Сэтгэл зүрхээрээ Москвад ирж, үдшийн Москвагийн, гудамжаар сэлгүүцэн яваад, хоёр жил шахам туйлдаа хүртэл ажиллаж яваа тархи толгойгоо амраамаар бодогдоно. Гэвч энэ бүхэн бүгд мөрөөдөл байлаа. Тэр Москвагаа улам их дурсах болов. 1935 оны YII сарын 25-нд гэртээ ирж, Катягийнхаа баярын нулимс мэлтэлзсэн нүдийг харж, жаргалын дээдийг эдлэв. Энэ бол тэр хоёрын сүүлчийн уулзалт байжээ. 20-иодхон хоногийн дараа Зорге ЗХУ-аас гарч явлаа. Дахиад л Берлиндээ ирлээ. Тэндээс Японыг зорьж Нагасаккимо гудамжны 30 дугаар байшинд өрөө хөлслөн суужээ.

Алмаз эрдэнэд хир халддаггүй

Макс Клаузен, Анна Клаузен хоёр гэр бүлийн хүмүүс бөгөөд Зоргегийн хамтран зүтгэгч, “Рамзай” бүлгийн гишүүд байв. Максын өрөөнд Гитлерийн том зураг өлгөөтэй байх агаад Японы цагдаагийн нүдэнд найдвартай хүн болж харагдахын тулд тэр ажээ. Рихард тэднийд орох болгондоо Гитлерийн зураг руу нулимдаг байсан гэдэг. Тэд нэлээд хэдүүл ажиллана. Төвийн хувьд Зорге нь Рамзай, Клаузен нь Фриц, Вукелич нь Жиголо, Осаки нь Отто, Мияами нь Жо нэртэй байлаа. Ганцхан Зорге л байгууллагынхаа бүх хэргийг гартаа авна. “Рамзай” ажиллагааны гол зорилго нь цэргийн довтолгоог зайлуулах замаар ЗСБНХУ-ыг хамгаалах зорилготой байв. Тус байгууллага оршин тогтносон есөн жилдээ ганц ч өдөр зүгээр байсангүй. Зорге нь тагнуулын хэрэгт хамгийн аугаа хүн байжээ. Алмаз эрдэнэд хир халддаггүй гэсэн дорно дахины цэцэн үг бий. Зорге бол яг тийм алмаз эрдэнэ байжээ. Зорге голдуу Германы элчингээр дамжуулж мэдээ олдог байв. Зорге нэгэн дурсамждаа: “Надад өргөн их мэдлэг байгаагүйсэн бол элчин сайдын яамны хэн нь ч надтай ямар ч асуудлыг зөвлөхгүй, нууц хэргийн тухайд миний саналыг ер авахгүй байх байсан юм. Тэд намайг маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн хэмжээгээр тусална гэж итгэдэг учраас надаас зөвлөгөө эрдэг байлаа” гэжээ.

Үүнээс үзвэл Зорге өрнө дорныг сайн мэддэг, улс төрийн өндөр боловсролтой, али ваад аад туйлын ухаантай ханддаг хүн байсан нь илэрхий. Бүх сөрөг тагнуул хөл дээрээ босов. 1940 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Рамзай” ийн мэдээлжээ. “Герман Зөвлөлтийн хил дээр Германы 80 дивиз цугларлаа. Гитлер Зөвлөлтийн нутгийг Харьков-Москва-Ленинградыг дайруулан эзлэх бодолтой байна” гэжээ. Энэ бол маш чухал, “Рамзайнханд” түгшүүртэй мэдээ байсан нь тодорхой. Японы радиочид мөрдөж эхэллээ. “Рамзайн” нэвтрүүлгийг өдөр болгон барьж, машин дээрх дуу баригч нэг районоос нөгөө рүү явж байв. Бүх сөрөг тагнуул хөл дээрээ босчээ. Энэхүү тагнуулын цагираг өдөр тутам багасаж байгаа түгшүүрийг Зорге сайн мэдэж байлаа. Хамгийн гол ганц мэдээ л үлдэв. Гитлерийн довтлох хугацаа, дорнод хил дээрээ бөөгнүүлсэн цэргийн тоог төвд мэдээлж амжих л хэрэг байв. Эх орондоо аюул учрах гэж байхад ганц хүний амь нас юу ч биш ажээ. Дайн эхлэх 22-ны өдрийг төвд яв цав дамжууллаа. Гэвч төв ямар ч хариу өгдөггүй. Удаж удаж эргэлзсэн хариу өгөх нь тэр. Зоргегийн царай үнсэн хөх болов. “Цаадуул чинь үнэмшихгүй байна гэнэ” хэмээн дуун алдав. Тэр 46 нас хүрснээ сая санав. Би амьдралынхаа 11 жилийг цэргийн тагнуулд цэргийн тагнуулд зориуллаа гэж халаглан бодов. Дахиад утас цохилоо. Энэ бол дайн эхлэхээс 5 хоногийн өмнөх явдал. “Рамзай” дээр аюулын хар үүл зангирч байгааг бүгд мэдэж байлаа.

Рихард Клаузенд: Тулгарсан цагт та нарт хамгийн сайн сайхныг хүсье. Бид цөмөөрөө энд байж, ажил албаа туйлбартай биелүүлсээр байх болно” гэж хэлж бичүүллээ. Дайн эхэлжээ. Фашистууд Латви, Литва, Белорус, Украйныг эзлэн Ленинградад тулав. Одоо нэг чухал зүйл бол Япон улс тийм хүчтэй байна уу үгүй юу? Приморье, Сибирь хоёрт маш том армийг оросууд барьж байх хэрэг байна уу, үгүй юу? Алс дорнодоос хэдэн дивизийг аваад Москва руу явуулж болохгүй юм болов уу гэдэг асуудал чухал байв. Эгзэгтэй үед бүх юм зөвөөр эргэх нь тэр. Түүнд “Рамзайнхны” үүрэг нэн их. “Япон улс төвийг сахисан байдлаа хэвээр хадгалахаар шийдэв” гэсэн утсыг Зорге илгээв. Цуваанууд өрнө зүг рүү өдөр шөнөгүй хөдлөлөө.

Тэд Москва руу зорив. Оросын дорно зүг аюулгүй байх гэдэг нь энэ мэдээний үнэ цэнэ асар их гэдгийг уншигч та мэдэж байгаа. II дайнд оросууд ялсны нэг боломжийг ийнхүү Зорге нээж өгсөн бүлгээ. 1941 оны аравдугаар сарын 18-ны өглөө найман цагт Зоргегийн байгууллага гэж үгүй болов. Цагдаагийн газар Зорге Клаузен , Вукемли ч гурвын байранд зэрэг оров. Цагдаа нарыг орж ирэхэд Зорге огт сандарсангүй.

Зүрх цохилж байсан цагт...

Тэднийг Сугамо гянданд хорив. Байцаалт нь яргалал байлаа. Цавчиж хэрчиж байсан боловч Зорге дуугарсангүй. Японы мөрдөн байцаагч нар ер бус хүн, гайхамшигт дипломатчтай тулгарснаа улам бүр мэдэв. Зоргегийн байгууллагын хэргийг мөрдөн байцаах ажил бараг хоёр жил сунжирсан гэдэг. Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө бүрмөсөн балрав. Үүнд тус байгууллагын гавьяа оролцсон юм шүү гэдэгт тэд итгэж, бахдаж байсан нь мэдээж. 1943 оны есдүгээр сарын 29-нд Токиогийн районы шүүх Зоргед алах ялд унагав. Озакийг бас адил. Вукелич, Клаузен нарыг насаар нь хорихоор шийдвэрлэв. Давж заалдах өргөдөлд Зорге өөрийгөө бус, нөхдийгөө өмгөөлжээ. Тэр нь үр дүнд хүрсэн аж. Ялалтын өдөр хүрэхэд хагасхан жил дутуу байхад буюу 1944 оны арваннэгдүгээр сарын 7-ны өглөө цаазлав. Шоронгийн дарга алуурчдаа дагуулан орж ирэхэд Зорге үхэх цаг иржээ гэж мэдэв. Гэрээслэл дээрээ “ЗХУ мандтугай! Улаан арми мандтугай!” гэж хэлээд үхсэн шүү гэж амьд үлдэгсдэд дамжуулаарай ” гэв. Зорге шоронгийн лам руу эргэж: “Элэглэг байсанд баярлалаа. Таны тус надад хэрэггүй. Би бэлэн байна” гэв. Зорге явж очоод дүүжлүүрийн гогцоог өөрөө хүзүүндээ углажээ. Нүхний таг 10 цаг 20 минутанд онгойв. Дээрх алдарт гэрээслэлээ Японоор хашгирсан гэдэг. Түүнийг дүүжлүүрээс салгаснаас хойш зүрх нь найман минут цохилсоор байсан аж.

Хүн төрөлхтний дайсныг бут цохих үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан “Рамзай” байгууллага болон Рихард Зорге ингэж төгссөн байна. 1964 онд Зоргед ЗХУ-ын баатар цол нэхэ ж олгосон билээ. Түүнийг цаазаар авснаас 12 жилийн дараа 1956 онд нөхөд нь Зоргегийн булшин дээр “Рехард Зорге 1895-1944” гэсэн гантиг чулуун хавтан хөшөө тавьжээ. Хавтангийн нөгөө талд: “Дайны эсрэг, даян дэлхийн энх тайвны төлөө амь насаа өгсөн баатар энд нойрсож байна. Энэ хүн 1895 онд төрж, 1933 онд Японд ирээд, 1941 онд баривчлагдсан, 1944.11.07-нд цаазлуулжээ” гэсэн үг сийлжээ. Сүүлд нь бас Токиогийн Тама гэдэг оршуулгын газарт дурсгалын чулуу босгож, Алтан таван хошуу тэмдэг сийлсэн, Орос, герман, япон хэлээр “ЗХУ-ын баатар Рехард Зорге” гээд төрсөн, төгссөн он сар өдрийг нь сийлжээ. Энэ аугаа хатан зоригтны тухай Японд ч бас номууд хэвлэгдсэн байна. Түүний нэрэмжит гудамж Москвад байдаг ажээ. Зүйргүй их гавьяат эрэлхэг тагнуул ч Зорге бол даян дэлхий мэдэх ховор хүн билээ.

1 Санал хүсэлт:

  1. daagii said...:

    SAIHAN NIITLEL ORUULJEE.BLOG r tani nileen zorchloo.busdaas iluu sonirhol tatlaa.bayrlalaa