Италийн нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан
Леонардо да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй
Винчи хотод төржээ. Эцэг нь Пьеро гэх баян нотариатч, эх Катерина нь
энгийн тариачин хүн байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо
ээжтэйгээ амьдарч байсан бөгөөд эцэг нь нэгэн алдартай бүсгүйтэй
гэрлэсэн ч үр хүүхэд олоогүй тул түүнийг гурван настай байхад нь өөр
дээрээ авчээ. Хожим алдартай зураач болсон Леонардо бүх л амьдралынхаа
турш ээжийнхээ дүр төрхийг уран бүтээлдээ шингээхийг оролддог байсан нь
эхээсээ салсан бяцхан хүүгийн сэтгэлд гүн шарх үлдсэн гэлтэй.
Сонирхолтой
нь, зуун дамнасан алдартан маань албан ёсны овоггүй байсан бөгөөд “да
Винчи” гэдэг нь зүгээр л Винчи хотынх гэсэн утгатай аж. Бүтэн нэр нь
Leonardo di ser Piero da Vinci буюу “Леонардо Винчи хотын ноен
Пьерогийн хүү” гэсэн үг билээ. Леонардо гэртээ уншиж бичиж, тоо бодож,
латин хэл сурсан бөгөөд солгой гараараа зурж, бичдэг байсан гэнэ.
Түүнийг 15 настай байхад аав нь Андрей Верокио хэмээх нэгэн авъяас
билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ.
Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр,
механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Нийгэм ороо бусгаа байсан
тухайн үед зураачийн мэргэжил мөнгө олох боломж тааруу тул Пьеро хүүдээ
нотариатч мэргэжлээ өвлүүлэхийг мөрөөддөг байж. Угтаа бол, энэ
мэргэжлээр баяжиж чадсан тул тухайн үед ямар ч эцэг ийм мөрөөдөлтэй байх
нь тодорхой биз ээ. Гэвч түүний ганц хүү бараг үнэлэгддэггүй гэж хэлж
болохоор зураачийн мэргэжлийг сонгож, 1473 оноос уран бүтээлээ туурвих
их ажилд эргэлт буцалтгүй орсон байна.
Агуу
Леонардогийн онцлох он жилүүдээс дурьдвал:
1472-1476
онд “Христийн адис хүртэх ёслол”, “Ваартай Мадонна”-г зурсан.
1476-1478
онд Флоренцид өөрийн урлантай болж 1478 онд зурсан “Мадонна Бенуа”,
“Мадонна Литта” зураг нь хэзээ бүтээгдсэн он сар нь тодорхойгүй бөгөөд
одоо Санкт-Петербургийн “Эрмитаж”-д хадгалагдаж байгаа.
1483-2499
онд Милан хотод цэргийн инженер, уран барилгачин, барималчнаар
ажилласан.
1503
оноос 15-16 жил зурсан алдарт “Мона-Лиза”-гаа дуусгажээ.
1503-1506
онд Флоренцид Саньорийн ордонд “Ангиаригийн тулалдаан” ханын зураг
1516 онд
Леонардо Францын хаан “Франциско-I ”-ийн урилгаар хааны нэгдүгээр уран
зураач, архитектор, механикаар хааны ордонд ажиллажээ. Мөн “Идеал
хот”-ын төсөл, хотын замын төсөл, хотын төв сүмийн төсөл зэргийг зурсан.
Мэдээж
Леонардо Да Винчи дээр дурьдсанчлан дан ганц зураач байсангүй. Тэрбээр
олон төрлийн авьяас, суу билигтэй гоц хүн байсан бөгөөд ургамал судлалын
чиглэлээр судалгааны ажлууд хийжээ. Улмаар филлотакси, гелиотропизмын
болон геотропизмын хууль дүрэм, ургамлыг хэдэн настай болохыг
тодорхойлох аргыг боловсруулсан байна. Мөн анагаах ухааны чиглэлээр
хүний биеийн анатомийн маш олон зургийг бүтээж, нүдний харааг тогтоож
тодорхойлох зэрэг олон зүйлийг хийжээ. Алдарт зураачийн авьяас чадварыг
үүгээр хязгаарлах боломжгүй юм. Механикийн чиглэлээр металлургийн төмөр
хайлуулах зуух, хэвлэх, мод боловсруулах машин, нэхмэлийн машин зэргийг
зохион бүтээсэн тэрбээр усан доорх завь, танк, вертолёт, парашют, зөөдөг
байшин, уурын буу, усны гутал зэргийг ч зохион бүтээхэд хувь нэмрээ
оруулсан байна.
Леонардо
Да Винчи урлагийн олон төрлүүдийн төсөөтэй болоод онцлог шинжүүдийг
шинжлэх ухааны үндэстэйгээр танин мэдэхийг зорьж, улмаар түүнийг шугам,
агаарын алслал, хүний биеийн харьцаа зохицоо, хөдөлгөөн сэтгэлгээтэй
холбоотой болохыг нотолжээ. Ингэж урлаг, амьдрал хоёрын холбооны тухай
асуудлыг шийдвэрлэсэн нь реалист урлагийн хөгжилд зохих хувь нэмрээ
өгсөн юм. Тухайн үед түүнийг маш олон хүн тойрон хүрээлж, олон ч шавьтай
байжээ. Харин хайр дурлалын талаараа их л нууцлаг байсан бөгөөд Чечилия
Галлерани хэмээх бүсгүйтэй холбоотой байсан гэх яриа таамаг төдий
байдаг аж. Тэрбээр аливаа зүйлийг удаан хийдэггүй, асуудалд тун нягт
няхуур, ул суурьтай ханддаг хүн байсан тул алдарт “Мона Лиза”-гаа 15-16
жил зурж байж дуусгасан гэдэг.
“Мона Лиза” нь урлагийн
давтагдашгүй мөнхийн бүтээл гэдгийг дэлхий даяараа мэднэ. Жирийн нэг
эмэгтэйн хөргийг зурж мөнхрүүлснээр Леонардо хөрөг урлагийг бий
болгосноор барахгүй эмэгтэй хүний гоо сайхныг байгалийн гоо сайхантай
хослуулан дүрсэлсэн нь шинэлэг зүйл болжээ. Энэхүү гайхалтай зургаас
хойш эмэгтэй хүнийг хэзээд гоо сайхны билэгдэл хэмээн үзэж урлагийн
мөнхийн сэдэв болон байгалийн гоо сайхантай хослуулан дүрсэлдэг уламжлал
Европын урлагт олон зуун жил үргэлжилсээр ирсэн юм.
Түүнчлэн
Леонардогийн алдартай “сфумато” арга барил ч “Мона Лиза” дээр дээд
хөгжилдөө хүрсэн билээ. Энэ бүхэн нь Мона Лизаг онцгой бүтээл болгосон
боловч тайлагдаагүй нэгэн оньсого, олон нийтэд тархан дэлгэрээгүй ч одоо
хүртэл цөөхөн урлаг судлаачдын хүрээнд оршсоор байгаа нэг үзэл бодол
байдаг нь уг хөрөг Леонардогийн дүр төрхтэй их төстэй дүрслэл гэдэг
санаа юм.
Тэрбээр
аялсан газрынхаа зургийг тоймлон зурж, бүх юмыг ажиглаж, түүнийгээ
зурж тэмдэглэдэг байсан гэдэг. Түүний зурж, бичиж тэмдэглэсэн нь асар
их бөгөөд бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагдсан бөгөөд өдгөө олон орны
музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь
сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг
хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар
гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байдаг ажээ.
Хүн
төрөлхтний соёл урлагийн болоод шинжлэх ухааны түүхэнд хосгүй хувь нэмэр
оруулсан Леонардо Да Винчи 1519 оны тавдугаар сарын 2-нд Францын
Туренийн Клу хэмээх харшид найз I Франческо хааны гар дээр нас баржээ.
Улмаар Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Франческо Мельци түүний
ажил үйлсийг үргэлжлүүлсэн аж. Леонардогийн гол өв залгамжлагч нь түүний
үнэнч туслах, дотны шавь Франческо Мельци. Леонардо түүнд мөнгөнөөс
гадна өөрийнхөө зургуудыг, багаж хэрэгслүүд, номын сангаа өвлүүлэн
үлдээжээ. Леонардо ганц түүнд өөрийн бүтээлээ өвлүүлээгүй юм. Өнөөдрийг
хүртэл хүн төрөлхтөн хосгүй бүтээлүүдийнх нь нууцыг тайлахаар шамдаж, ур
ухааныг гайхан биширч 1952 онд түүний мэндэлсний 500 жилийн ойг ёслон
тэмдэглэсэн билээ.
0 Санал хүсэлт:
Post a Comment