Ференц Пушкаш
Унгарын түүхэн дэх хамгийн агуу тоглогч, дэлхийн хамгийн анхны АГУУ багийн ахлагч, гоолын машин гээд сонсохоор фигур сайтай хүн санаанд орох ч Пушкаш намхан, бүдүүн (ид үедээ байвал зохих хэмжээнээс 18 кг илүү жинтэй байсан гэдэг), зүүн хөлөөрөө л тоглож чаддаг хөлбөмбөгч байлаа. Яаж ийм агуу тоглогч болов оо гэвэл зүүн хөл нь ерөөсөө бурхны бүтээл байсан юм. Реалын домог Францеско Хенто "Надад Пушкашийн зүүн хөлний тал нь ч байсан болоосой. Тэгэхэд л би улирал бүр 25 гоол хийнэ" гэж хэлсэн удаатай. Орчин үед Роберто Карлос гэх мэт тоглогчид подёмдож гоолддог ч тэрийг үндэслэсэн хүн нь Пушкаш байсан юм. Шигшээдээ хийсэн 84 гоолыхоо 50 гаруйг нь 16-ын гаднаас хийсэн гэж байгаа.
Ференц Пушкаш Биро 1927 онд Унгарт мэндэлжээ. Багаасаа авъяас нь тодорсон хүү 16-тайдаа аавыхаа дэмжддэ байсан Кишпешт багт, 18-тайдаа шигшээ багт оржээ. Кишпешт баг 1948 онд Армийн баг болж нэрээ Хонвед болгож өөрчлөн, бүх тоглогчид нь цэргийн албан хаагч болсноор Пушкаш Унгарын армийн офицер болжээ. 1948 онд бүрэлдсэн энэхүү Хонвед баг нь Унгарын шигшээгийн гол цөм болсон тоглогчдоор дүүрэн байсан юм. Эхний жилээ л Пушкаш 50 гоол хийж Унгарын аварга болов. Дараа улирал ч мөн л аварга болж, Пушкаш 46 гоол хийв. Гэх мэтчилэн гоолыг дураараа хийдэг байсан залуу 1952 оны Олимпод дэлхийд өөрийгөө таниусан юм. Урьд өмнө хэн ч харж байгаагүй довтолсон, уран хөлбөмбөг үзүүлдэг багийг бүгд дэмждэг болов. Олимпын финалд Югославыг 2-0-оор хожсон бөгөөд Унгарын шигшээ баг Олимпод нэг тоглолтонд дунджаар 4.75 гоол хийж байсан нь үнэхээр гайхамшиг байлаа.
Шигшээдээ
Олимпын дараа Английн шигшээтэй 2 нөхөрсөг тоглолт хийхэд Унгарын шигшээг дэлхий даяараа мэддэг болсон юм. Англид болсон эхний тоглолтонд 6-3, Унгарт болсон хариу тоглолтонд 7-1-ээр Английг "будаа болгов." Дэндүү хожсон ч онооноос илүү яаж хожсон нь хүмүүсийн анхаарлыг тат сан юм. Унгарын шигшээ довтлоод зогсохгүй, Пушкаш гэх мэт тоглолгчид нь хэний ч төсөөлж байгаагүй, Бразилчууд ч үлгэр авахаар техниктэй байсан юм. Хожим Английн шигшээг дасгалжуулж Дэлхийн Аварга болсон Алф Рамзи "Тэгэхэд бид үнэхээр юу хийхээ мэдэхгүй хүүхдүүд шиг л байсан. Пушкашийн гоолын (бөмбөгөн дээрээ гишгэж босгоод гуядсан) дараа бидэнд эд нар ер нь энэ дэлхийн хүмүүс биш байх гэсэн бодол ч орж ирсэн" гэж ярьсан байдаг.
1954 оны ДАШТ эхэллээ. 4 жил хожигдоогүй Унгарын шигшээ түрүүлэх нь ойлгомжтой, харин хэдэн гоол хийх бол гэсэн бодол л хүн бүрийн толгойд байсан цаг. Хэсгийн хоёр тоглолтондоо 17 гоол хийлээ. Багийн супер од Шандор Кочиш 7 гоолыг нь хийв. Пушкаш хэсгийн хоёр дахь тоглолтонд гмцэн нь л хамгийн азгүй явдал байлаа. Гэсэн ч Унгар Пушкашгүйгээр 1/4-т Бразилыг, 1/2-т Уругвайг хожоод финалд гарч ирсэн юм. 1/4-т хожигдсон хожигдол нь Бразилын шигшээгийн хамгийн гутамшигт ялагдал гэдэг. Учир нь эсрэг баг нь өөрсдөөс нь хэд дахин илүү техниктэй байсан юм. Хуурагдсаар байгаад уур нь хүрсэн Бразил тоглогчид сүүлдээ Унгарын тоглогчдыг зулгааж, бүр заримдаа цохиж байсан гэдэг. Финалын тоглолтонд хэсэгтээ хичээл заалгуулсан Германтай тоглохоор болов. Пушкаш гэмтэл нь бүрэн эдгэрээгүй ч тоглолтонд оролцохоор болов. Тоглолт эхлээд л Унгар довтолсоор 8 дахь минут гэхэд 2-0, Пушкаш гоолдсон, хаалга руу 6 өшиглөсөн, бөмбөг 70-аад хувьтай эзэмшсэн үзүүлэлттэй хөөрхий Германчууд хэдээр дахиад хусуулах бол гэдэг дээр байтал Герман хаалга руу 2 цохиод л хоёр гоол хийчихэв. Түүнээс хойш Герман тэнцүү тоглож эхлэв. Дараагийн үеийн турш Унгар довтолсон ч Герман тоглолт дуусах үед гоол хийж орхив. Түүнээс 2 минутын дараа Пушкаш гоол хийсэн ч отон тоглолт гээд тооцсонгүй. Энэ шийдвэр одоо ч маргаантай байдаг, учир нь Пушкаш хэзээ ч 5 дотор ордоггүй, тэр гоол орох үед Германы 2 ч хамгаалагч байрлалдаа байж байсан гэдэг. Энэ ялагдлаас хойш Унгарын шигшээ бутрах хүртлээ дахиад 2 жил хожигдоогүй гээд бодохоор үнэхээр агуу баг байлаа.
Испанид
1956 онд Унгарт бослого гарч маш олон хүн нас барсан болохоор тухай үед Испанид тоглолтоор явж байсан Пушкаш болон бусад Хонвед багийхан нутаг буцахгүй гэж шийдэн Испанид үлдлээ. Пушкаш хэсэг хугацааны дараа Австри явсан бөгөөд ажиллах эрх олоогүй болохоор Итали явав. Гэвч тэнд тарган, 30 хүрсэн тоглогчийг авах баг байсангүй. Пиво ууж, гудамж "метр"-лсээр байтал хамаг авьяасаа барсан байх гэгдэж байсан Пушкашийг Реал Мадрид бараг үнэгүй шахуу авав. Үнэгүй шахуу гэдэг нь гарын үсэг зурахад 10000 песета Пушкашт төлсөн юм. Багт ороод л 31-тэй, 2 жил шахуу тоглоогүй тоглогч гэхэд гайхмаар тоглолт үзүүлж байлаа. Эхний улиралдаа л шууд 30 гоол хийв. Дараа улирал нь гоолыг ёстой машидлаа. 28 гоолоор Лигийн мэргэн бууч болж, Аваргуудын Лигт 12 гоол хийсний финалд Айнтрахтын хаалганд 4 гоол хийв. Одоог хүртэл Аваргуудын Цомын финалд 4 гоол хийсэн тоглогч байхгүй. Тэр тоглолт Аваргуудын Цомын түүхэн дэх хамгийн агуу финал гэж тооцогддог. Тоглолт Глазго хотод болсон бөгөөд тэр тоглолтыг үзсэн Глазго хотын хүүхдүүд хожим Пушкаш тэргүүтэй Унгар, Реал стилийн тоглолт үзүүлсээр 1967 онд өөрсдөө Аваргуудын Цомын аварга болсон удаатай. Энэ тоглолт Реалын мандан бадарсан үеийн оргил байсан юм.
Үүнээс хойш ди Стефано, Пушкаш, Хенто нар дахиж Аваргуудын Цомд хамт тоглоогүй юм. Пушкаш ч Аваргуудын Цомд биш Примера Лигаг голчлон гоолдож байлаа. 1962 онд Аваргуудын Цомын финалд Реал дахиад гарч ирэхэд 35-тай Пушкаш хариагүй байгаагаа нотолж 3 гоол хийв. Гэч эсрэг багийн Эйсебио, Кавем нарын залуучууд арай хүчтэй байсан болохоор хожигдсон юм. Дараагийн хоёр жилд Пушкаш Пичичи авлаа. Сүүлийн Пичичи авахад Пушкаш 37-той байсан гээд бодохоор... Сүүлийн Аваргуудын Цомоо 1966 онд хүртсэн бөгөөд тэр үед ч багийн ашигтай заменуудын нэг байсан юм. 1966 оны улирлын дараа 39-тэйдээ зодог тайлсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Дасгалжуулагчийн хувиар ч сайн байж, 1971 онд Панатинайкос багийг Аваргуудын Цомын финал хүргэсэн юм. Даанч өрсөлдөгч нь Круйфф тэргүүтэй Аякс байсан болохоор ямар ч аргагүй хожигдсон юм.
70-аад онд аль эрт үе нь өнгөрсөн Пушкаш, Чарлтон тэргүүтэй нэгэн цагийн супер одууд Австралид хүүхдүүдэд хөлбөмбөг сурталчлахаар очиж л дээ. Тэгэхэд Чарлтон, Ло, Бест гэх мэт тоглогчдыг хүүхдүүд таньдаг байсан болохоор хүндэлж харьцаад Пушкашийг огт тоохгүй байж. Чарлтон гайхаад хүүхдүүдэд "Би хүүхэд байхдаа энэ хүн шиг болохыг мөрөөддөг байлаа" гэж хэлж л дээ. Тэгсэн хүүхдүүд инээлдээд явчихаж. Учир нь Пушкаш жирийн нэг халзан бүдүүн өвөө болсон байж. Хүүхдүүд инээлдэж байх үед Пушкаш талбай дээр байсан бөгөөд өөрийх нь тухай ярьж байгааг мэдэлгүй зүгээр бөмбөг өшиглөөд зогсож байж. Тэгээд 10 удаа дараалж 30 гаруй метрээс хаалганы дээд шонг онож гоол оруулсан гэдэг. Тэгэхэд хүүхдүүд битгий хэл хамт явж байсан одууд нь хүртэл шүцэн гэдэг.
Энэ их авъяас билэгт тоглогч маань 2006 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд мэдээ тарсаны дараагийн тоглолтонд Пушкашт хүндэтгэл үзүүлж Реалын цэнгэлдэх Сантъяго Бернабеуд тоглогчид нь 2 минут хүндэтгэл үзүүлж Унгарын сүлд дуулал, 15 гаруй минутын концерт болсон юм.
0 Санал хүсэлт:
Post a Comment