ХӨЛБӨМБӨГ ГЭЖ ЧУХАМ ЯГ ЮУ ЮМ БЭ?

Feb 20, 2012


Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 4 тэрбум нь хөлбөмбөгийг үздэг, дийлэнх нь шимтэн сонирхдог гэхээр энэ спорт аль ч шашингаас илүү агуулгатай мэт бодогдоно. Миний мэддэг аль ч шашин хүн төрөлхтий дэмжлэгийг ингэж их аваагүй санагдана. Хөлбөмөгийг “Нобел”-ийн энх тайвний шагналд нэр дэвшсэн гэдгийг бид мэднэ. Түүнчлэн Франко, Муссолини нарын фашист удирдагчид хөлбөмбөгийн нөлөөллөөр хэрхэн ард түмэндээ бурхан мэт шүтэгдэж, улс орноо гадны улс гүрнүүдэд сурталчилж, өөрийхээ эрх мэдлийг хүчирхэгжүүлж байсныг дурдахад илүүц биз. Төрсөн хүү нь эцгээ хөлбөмбөгөөс болж хөнөөсөн л гэнэ, эмх замбараагүй байдлаас болж хэдэн хүн дуртай спортынхоо төлөө бурханы оронд заларсан зэргийг тооцоход ч бэрх. За энэ яриагаа түр хойшлуулаад би та бүхэнд бяцхан түүх ярьж өгье.

Миний бие хөлбөмбөг сонирхон эхэлсэн цаг мөчөө ангилаад үзэхийн бол хэд хэдэн үед хувааж болмоор санагдлаа. Би ч гэлтгүй 1985-1990 оны хооронд төрсөн хөлбөмбөг сонирхогч залуусын ихэнх нь миний энэ мөчлөгт хамаарагдах бизээ.
1998 он. Франц улс. Хөлбөмбөгийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Тухайн үед би 4-р ангид элсэн орох гэж байлаа. Телевизээр ганцхан Монгол ТВ, ОРТ хоёр л гардаг байсан үе. Хөлбөмбөгийн тухай төсөөлөл тэр үед их хол санагддаг байлаа. Гэвч би тэр дэлхийн аваргаар хоёр зүйл л цээжилсэн. Нэг нь Ronaldo, нөгөөх нь Zidane гэдэг нэрнүүд. Тийм ээ. “А” үсэг заасан анхны багш гэдэг шиг, хөлбөмбөгийн анхны цагаан толгой нь энэ 2 эрхэмийн нэр байлаа. Мэдээллийн дутмаг байдлаас болж тухайн үед бид (дээр бичсэнчлэн 1985-1990 оны хүүхдүүд) үүнээс илүүг мэдэх боломж байгаагүй. Жаахан байхад бид хөлбөмбөг сайн тоглодог нэгнийгээ Марадона, сагс гайгүй тоглодог нэгнийгээ Жордан гэж дууддаг байж билээ. Гэвч үнэндээ тэр хоёрын тоглолтыг ганц ч үзээгүй атлаа хүмүүсийн ам дамжсан яриа, хааяа нэг тв-р гарах нэвтрүүлгүүдээс тэднийг агуу тамирчид гэдгийг нь барагцаалсных биз дээ. За ингээд нэг л мэдэхэд 4-н жил өнгөрлөө... 2002 он. Япон болон Солонгос улс. Хөлбөмбөгийн 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ үед нас нь ахиж ухаан суусных уу эсвэл кабелийн сувгуудаар хааяа нэг хөлбөмбөг үздэг болсных уу? Юутай ч агуу хэмээн хүндэлж явдаг өнөөх 2-с гадна овоо хэдэн тоглогчийн нэр, тоотой хэдэн багийн нэр мэддэг болсон байлаа. Бүгд л адилхан даа... Тухайн дэлхийн аваргын тоглолтуудыг монгол тв-р тойм хэлбэрээр гаргаж байсан санагдана. Тогтлолтуудыг сэтгүүлч Золбаяр тайлбарлаж байсан. Тухайн үед лав би үнэндээ түүнийг биширсэн. Бараг бүх тоглогчдын нэрийг мэдээл, түүх яриал... хөлбөмбөгийн тайлбарлагчын тухай анх тэгэхэд л ойлголт авч байж билээ. Дэлхийн аваргын үеэр сонссон мэдсэн тоглогчдынхоо нэрийг багынхаа андтайгаа цуг сууж байгаад хэн нь олон тоглогч мэддэг эсэхээ үзэх гээд өөд өөдөөсөө харж сууж байгаад л цаасан дээр бичиж байж билээ. Хэхэхэ. Одоо санахад тэр нэрэнд дунд Раул, Фиго, Ривалдо, Роберто сарлос... зэрэг өнгөрсөн зууны сүүл хийгээд энэ зууны эхэн үеийн агуу тоглогчдын нэр байж дээ.
Цаг хугацаа өнгөрсөөр 2006 он. Германд болсон 18 дахь удаагийн дэлхийн цом. Энэ үед цаг сайхан болсон байлаа. Монголын олон сувгуудаар хөлбөмбөг гардаг, интернэт хэрэглээ ч залуусын дунд их тархсан үе. Хүссэнээ л үзэж чадахаар байлаа. Юутай ч энэ үед би лав 90 мин турш нэг тоглолтыг гоолгүй ч байсан үзэж тэвчихээр хэмжээнд сонирхдог болсон байсан. Гэсэн ч монгол талбайртайгаар толгойдоо мэдлэг, мэдээлэл хийгээд үзье гэхэд бас л хүссэнээр болохооргүй л байлаа. Харин аз болж тухайн дэлхийн аваргыг Тв5, С1 шууд дамжуулж, Балжинням, Батзаяа 2н ярианаас хөлбөмбөгийн талаарх тархай мэдлэгээ бид өөрсдийнхээ хэмжээнд цэгцэлж чадсан. Энэ хоёрын ачаар хөлбөмбөг сонирхогч залуусын тоо хэрхэн нэмэгдсэнийг мартах учиргүй. Үргэлж талархах ёстой...
За ингээд энэ үеэс хойш манай залуучууд, хүүхдүүд хөлбөмбөгийг хэнээр ч заалгахааргүй болсон доо. Үнэн ч бай худал ч бай бүгд л хөлбөмбөгийн талаар ярилцах болсон. Аан тийн... энд бас нэг юм нэмж хэлмээр байна. Миний хувьд лав хөлбөмбөг гэдэг спортын гайхамшиг, тактик, тоглогчдын ур чадвар зэргийг үнэн сэтгэлээсээ ойлгож, мэдэрдэг болмоор байвал Fifa, PES тоглоорой гэж залуусдаа уриалмаар байна. Миний бодлоор (энэ гэхдээ зөвхөн миний бодол шүү) хөлбөмбөгийг бүрэн ойлгож, ялангуяа тактик-н талаарх мэдлэгтэй болъё гэж бодвол зайлшгүй дээрх тоглоомнуудыг тоглож сурах хэрэгтэйм шигээ. Анхандаа зөвхөн гоол үзэх гэж хөлбөмбөг үздэг хүн Fifa тоглож сурсныхаа дараа тоглолтоо шал өөр нүдээр харна гэдгийг би харин батлая. Цэвэрхэн хурдтай хийсэн такл, хамгаалагчдын зориуд отон тоглолт болгож байгаа шилжилт, сайхан булангийн цохилтоос ч кайф авч болдог билээ.
Дэмждэг баг нь өрсөлдөгчөө хожиход бид түүнээс асар их кайф авдаг. Ядахдаа ганц өдөр аз жаргалаар дүүрэн байдаг. Энэ л бидний энэ спортийг ингэтлээ үздэгийн шалтгаан буйза. Дэмждэг баг хожигдоход бид сэтгэлээр унаж, аргагүй зарим тоглолтонд эвлэрсэн аястай хандах нь ч бий. Юутай ч дэлхий дээр байгаа бүх спорт дундаас хөлбөмбөг л гагц хүний сэтгэлийг тэгж их хөдөлгөж чаддаг. Энэ бол аксиом. Батлах албагүй үнэн. Сагсан бөмбөг, бейсболл, бөхийн спорт сонирхогчдийн үгүйсгээгүй авч, үнэн ийм л байна. 90 мин 22 хүн тэмцэлдэж байж хожлын ганц л гоол бидэнд аз жаргал уйтгар гуниг, баяр баясал, атаа хорсол төрүүлдэг. Балжаа ахын хэлдгээр “Үүнийг л гайхамшиг гэнэ дээ”. Манай нэг Бэкү гэж найз байдгийн. Чэлсигийн фанат. Би олон л хүнтэй хөлбөмбөг цуг үзэж, хожихыг нь ч хожигдохыг нь харж л байлаа. Гэхдээ 2008 оны аваргуудын лигийн финал, 2009 оны шөвгийн дөрвийн тоглолтуудад чэлсиг хожигдоход би түүнтэй хамт байсан юм. Насанд хүрсэн эр хүний нулимс тийм амархан унах учиргүй. Гэвч тэр уйлж байлаа. Хайртай багаа харамсалтай хожигдохыг хараад, харамсах, шаралхах сэтгэл аль нь төрснийг мэдэхгүй тэр уйлж байсан юм. Мэдэхгүй хүн хараад төрийн өмнөөс огтоно боож үхэхийн үлгэрийг сэтгэж суух биз. Гэвч мэддэг нэг нь хараад тэр хүнийг хүндлэх сэтгэл аргагүй төрнө. Хөлбөмбөг гэж ийм л спорт...
Миний нэг бодол байдаг юм л даа. Нэгэнт л манай “Хөх чононууд” (Хөлбөмбөгийн Монголын шигшээ баг) дэлхийн аваргад орж чадахгүй байгаагаас хойно Англи, Бразил, Герман ...-г дэмжих бол утгагүй асуудал гэж бодном. –Ямар баг дэмждэг вэ? гэхэд Бразил, Герман... гэж хариулж байгаа хүнийг хараад би лав үнэндээ эгдүү хүрдэг. Тэд бол зүгээр л найз нарыгаа дагаад хийх юмгүй үедээ Паб-д очиж пиво уудаг хүмүүсийн нэг. Аа гэхдээ би энүүгээрээ шигшээ баг дэмждэг хүнийг хөлбөмбөг ойлгодоггүй гэж байгаан бол биш шүү. Энэ зөвхөн миний л бодол. Тоглолт үзэж байгаа л бол аль нэг багийг нь чиний зүрх угаасаа дэмждэгээс хойш... Дэлхийн аварга бол хамгийн сонирхолтой тэмцээн гэдэг нь маргашгүй үнэн. Миний бичсэн санааг зөвөөр ойлгоно гэж найдъя.
Харин клубыг үнэн сэтгэлээсээ дэмжинэ гэдэг сайхан шүү дээ. Эхэнд бичсэнчлэн нэгэнт л энэ спортыг 4 тэрбум хүн үздэг юм бол, топ багууд, мэргэжлийн лиггүй орнууд, улс орон нь дэлхий тивдээ амжилт гаргадаггүй орны иргэд хэнийгээ дэмжиж, юуны төлөө эл спортыг үзэх вэ? Мэдээж аль нэг топ багыг дэмжих гэж. Өө заавал топ баг байх албагүй шүү дээ. Манай Цээгий гэж бас нэг найз байдын. Тэр EPL-н Tottenham-г дэмждэг. Өнөөдөр энэ багийг бүгд мэддэг. Гэтэл 4-5 жилийн өмнө Tottenham-г мэддэг хүн хэд байлаа. Гэтэл тэр үед ч гэсэн энэ хүн багаа дэмжсээр л байдаг байсан. Үргэлж бидэнтэй маргалдаж, бид яахав байнга хийнэ л дээ мань хүнийг, гэсэн ч тэр багаа дэмжсээр л байдаг байсан. Харин одоо бол тэр багийг бүгд л мэддэг болсон. Аваргуудын лигд манай Миланыг хожиход гаднаа би тайван юм шиг хирнээ, дотроо шаралхаж үхэх гэж л байлаа.
За энэ мэтчилэн хөлбөмбөгийн талаар яривал зөндөө л юм байна. Биднийг уйлуулдаг, дуулуулдаг, эвдэрэлцүүлдэг, эвлэрүүлдэг... Андууд хөлбөмбөг үзэхдээ нэг нэгнийгээ хэлэхгүй үгээр хэлж, 2 талд суугаад зодолдонгоо алдаж байдаг жишээ бидний амьдралд олон л тохиолддог, тохиолдсоор ч байх болно. Гагцхүү тоглолт дууссаны дараа юу ч болоогүй юм шиг сайндаал, хожигдсон найзыгаа тайвшруулаад, хааяа шарын малтаад л... хэхэ, уйчлалт гуйгаад явж байдаг маань бид бүгдэд аз жаргал билээ.
За эргээд сэдэвруугаа оръё. Хөлбөмбөг шашин-с илүү хүчтэй гэжүү? Улс төрөөс илүү хүчтэй гэжүү? Зарим үед дуртай спортоо үзэхийн тулд хүн амиа ч дэнчинд тавих шаардлагатай гэжүү? Тоглоомноос болж амь насаа үрэх шаардлагатай гэжүү? Miklos Feher, Сергей Перхун, Marc Vivien Foe, Antonia Puerta, Phil O’Donnell нарын гэгээн дурсгалын хүндэтгэе. Тэд бидэнд хөлбөмбөг гэж яг юу вэ? гэдгийг хэзээ ч мартахааргүй, мартах ч ёсгүйгээр ойлгуулж өгсөн.
Хөлбөмбөг гэж та хэдийн бодлоор яг юу юм бэ?

Chinbaa Dum 

We Are Red Devils

0 Санал хүсэлт: