Америкийн Нэгдсэн Улсын 34 дахь Ерөнхийлөгч
Дуайт Дэвид Эйзенхауэр
“Үдэлтийн илтгэл”
1964 оны нэгдүгээр сарын 17
Үдшийн мэнд, нутаг нэгт Америкчуудаа,
Юуны өмнө олон жилийн турш надад өөрийн ажлын тайлан, илтгэлээ ард түмэндээ хүргэх боломж олгож байсан радио, телевиз, сонин хэвлэлийн албаныханд миний бие талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ үдэш мөн та бүхэнтэй дахин уулзуулах боломж гаргаж өгсөн тэдэнд би онцгой талархаж байна.
Өнөөдрөөс гурван өдрийн дараа, эх орондоо хагас зуун жил хүчин зүтгэсний дараа уламжлалт тогтсон ёслолын ажиллагааны дагуу Ерөнхийлөгчийн албыг би өөрийн залгамжлагчид хүлээлгэн өгөх болно. Энэ үдэш би та бүхэнтэй уулзахдаа амралтаа авах гэж байгаа, баяртай хэмээн хэлэх гэж байгаа хүнийхээ хувьд, өөрийн нутаг нэгтнүүдтэйгээ сүүлийн цөөн хэдэн бодлыг хуваалцъя гэж бодсон юм.
Бусад бүхий л иргэн хүний нэгэн адилаар би шинэ Ерөнхийлөгчид, түүнтэй ажиллах бүх хүнд Бурханы ивээлийг хүсэж байна. Айсуй буй он жилүүд хүн бүрийн хувьд энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байгаасай гэж би залбирч байгаа.
Ард түмэн маань Ерөнхийлөгч болон Конгрессыг хүнд цаг мөчүүдэд зөв шийдэлд хүрч, улс үндэстнийхээ ирээдүйг илүү сайн сайхан болгох ухаалаг шийдвэрүүд гаргаасай хэмээн хүсэн хүлээдэг. Одоогоос олон жилийн өмнө Конгресстэй холбогдсон миний харилцаа эхэлсэн. Тэр үед Сенатын нэгэн гишүүн намайг Вэст Пойнтод томилсон бөгөөд түүнээс хойш дайны үед болон дайны дараа, түүнчлэн өнгөрсөн найман жилийн хугацаанд харилцан уялдаатай харилцаатай байсан билээ. Сүүлийн найман жилийн хугацаанд Конгресс, Засгийн газар хоёр ихэнх гол асуудлууд дээр сайн хамтран ажиллаж, улс орондоо сайн үйлчилсэн. Ингэснээр ард түмнийхээ ажил төрөл, бизнесийг урагшлах боломжтой болгосон. Тиймээс би Конгресстэй харилцсан албан ёсны харилцаа маань – бид хамтдаа их зүйлийг хийж чадлаа гэсэн талархах сэтгэлтэйгээр өндөрлөж байгаа билээ.
Бид одоо зууны талаас дөнгөж арван жил өнгөрсөн цаг үед аж төрж байна. Их гүрнүүдийн хооронд болсон дөрвөн том дайныг туулаад байна. Тэдгээрийн гурван дайнд нь бид оролцсон. Ийм аймшигт гамшигууд тохиолдсон хэдий ч өнөөдөр Америк орон дэлхий дээрх хамгийн хүчтэй, хамгийн нөлөөтэй, хамгийн бүтээлч үйлдвэрлэгч орон гэж тооцогдож байна. Энэхүү агуу байдлаараа бахархах нь ойлгомжтой ч бид Америкийн удирдлага, нэр хүнд зөвхөн бидний бусадтай харьцуулашгүй их материаллаг баялаг, цэргийн хүч чадавх дээр бус дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх бидний ашиг сонирхол дээр оршиж байгаа гэдгийг ойлгох ёстой.
Америк орны эрх чөлөөт засгийн газартай байх хугацаан дахь үндсэн зорилтууд бол энх тайвныг хадгалах, хүний сайн сайхны төлөө ажиллах, улс орнууд, ард түмнүүдийн хоорондын харилцан ойлголцол, нэр төр, эрх чөлөөг бэхжүүлэх явдал байсан юм. Үүнээс бага зүйлд зорих нь эрх чөлөөтэй, шашинлаг хүмүүсийн хувьд хангалттай зүйл байгаагүй юм. Бардам, түрэмгий байдал, бидний дутуу ойлголт болон золиос гаргахад бэлэн бус байсан байдлаас манай улс орны дотоодод болон олон улсын тавцанд алдаа, бүтэлгүйтэл гарч байсан юм.
Эдгээр ариун зорилгуудруу чиглэсэн алхамуудад өнөөдөр дэлхийг залгиж буй зөрчилдөөнүүд ямагт саад учруулж байсан юм. Энэ явдал бидний анхаарлыг төвлөрүүлэн татаж, бидний хэн бэ гэдгийг тодорхойлох болно. Бид бүхэн цар хүрээгээрээ дэлхийг хамарсан, шинж чанараараа бурхангүйн үзэлтэй, зорилго нь харгис, хэрцгий, аргын хувьд хууран мэхэлсэн дайсагнасан үзэл баримтлалтай нүүр тулгараад байна. Харамсалтай нь энэхүү аюул занал хэр удаан хугацаанд нүүрлэх нь тодорхойгүй байна. Үүнтэй амжилттайгаар нүүр тулахын тулд түр зуурын, хямралын золиос, сэтгэл зүйн ачаалал биш харин удаан хугацаанд үргэлжилж болзошгүй нарийн төвөгтэй тэмцэлтэй алгуур, тогтвортойгоор тэмцэх шаардлага гарч байна. Тийм арга замаар л бид ямар ч өдөөн хатгалга гарсан тогтвортой орших энх тайван, хүн төрөлхтний сайн сайхны төлөө чиглэсэн замаасаа хазайхгүй байх болно.
Хямрал үргэлжлэх болно. Дотоод, гадаад, том жижиг алин ч байлаа гэсэн ч тэдэнтэй нүүр тулахын тулд бид зарим нэг онцгой, зардал шаардсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж шийдэж магадгүй. Батлан хамгаалахдаа цоо шинэ элементүүдийг оруулж, хөдөө аж ахуйн практикт гарч ирдэг бүхий л өвчнийг үгүй хийх гэсэн бүтэшгүй хөтөлбөр боловсруулж, суурь болон хэрэглээний судалгаа шинжилгээг гэнэт эрс нэмэгдүүлэн тэлэх гэх мэт арга хэмжээнүүд нь тус бүртээ бидний замнахыг хүсэж буй замаар явуулах цорын ганц арга зам мэтээр өөрсдийгөө ойлгуулж магадгүй.
Гэвч ийм бүхий л санал, санаачилгийг өргөн хүрээнд авч үзэх ёстой: үндэсний бусад хөтөлбөрүүдтэй харьцуулж харах хэрэгтэй, эдийн засаг дахь хувийн болон төрийн харьцааг, гаргах зардал, авчрах давуу талыг, үнэхээр хэрэгцээтэй зүйл үү эсвэл зүгээр хүсэж буй тансаг зүйл үү, улс орны хүсэл сонирхол, хувь хүнд ноогдож буй ачаалал нь ямар байна, тухайн цаг үеийн ашиг сонирхол, үйл ажиллагаа, улс орны ирээдүйн сайн сайхан байдлын хоорондох харьцаа зэрэг олон зүйлийг авч үзэх хэрэгтэй. Сайн шийдэл тэнцвэртэй байдал болон дэвшлийг нэгэн зэрэг хайж байдаг. Эдгээр нь алдагдвал тэнцвэргүй байдал үүсч, бухимдал төрөх болно. Өнгөрсөн олон арван жилийн түүхээс харвал манай Засгийн газар болон ард түмэн маань ерөнхийдөө эдгээр бодит үнэнийг ойлгон, аюул занал тохиолдсон цаг үеүүдэд тэдгээрт үнэн зөвөөр, сайн хариу үйлдэл үзүүлж чаддаг байсан ажээ.
Гэвч цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр шинэ төрлийн, шинэ цар хүрээтэй аюул заналууд ямагт шинээр төрөн гарсаар байна. Тэдгээрээс би ердөө хоёрыг нь дурдъя. Энх тайвныг сахиулах чухал элементийн нэг нь манай цэрэг арми. Манай арми хүчирхэг, үйл ажиллагаа явуулахад бэлэн байх хэрэгтэй бөгөөд ингэснээр ямар ч халдан довтлогч айж, сүрдэх болно. Манай өнөөдөр байгаа цэргийн байгууламж өмнөх цаг үе дэх, энх цаг ч бай, дайны цаг ч бай, тэр бүү хэл дэлхийн хоёрдугаар дайны үе, Солонгосын дайны үед байснаасаа огт өөр байдалтай байна.
Сүүлийн үеийн дэлхий дахиныг хамарсан зөрчилдөөнүүдийг хүртэл АНУ-д өөрийн гэсэн зэвсгийн аж үйлдвэр байгаагүй. Америкийн анжис үйлдвэрлэгчид аажмаар сэлэм урлаж сурсан. Гэвч бид үндэснийхээ батлан хамгаалахыг сайжруулж байх явцаа эрсдэлд оруулж болохгүй. Бид байнгын ажиллагаатай, асар том цар хүрээтэй зэвсгийн аж үйлдвэрийн салбарыг бий болгосон. Өнөөдөр гурван сая таван зуун мянган хүн батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа бөгөөд бид жилд АНУ-ын корпорацуудын олж байгаа цэвэр ашгаас илүү ихийг дан ганц батлан хамгаалах салбартаа зарцуулж байна.
Ийм асар том цар хэмжээтэй батлан хамгаалахын салбар, зэвсгийн үйлдвэрлэлийн салбар Америкт өмнө нь байгаагүй зүйл юм. Үүний эдийн засаг, улс төр тэр бүү хэл оюун санааны нөлөө АНУ-ын бүх мужийн захиргааны байшинд, бүх хотод, бүх засаг захиргааны байгууллагуудад мэдрэгдэж байна. Ийм хүчтэй бүтэц бий болгох шаардлага зайлшгүй байсан гэдгийг бид мэдэж байгаа. Гэсэн хэдий ч үүнээс үүсэж гарч буй ноцтой үр дагаварыг бид ойшоохгүй өнгөрүүлж болохгүй. Бидний хөдөлмөр, нөөц, амьдрал бүх зүйлд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй нийгмийн ноён нуруу болсон бүтцэд.
Засгийн газрын зөвлөлүүд дээр бид цэрэг-аж үйлдвэрийн комплексийн эрэлхийлж буй болон эрэлхийлээгүй байгаа нөлөөлөлийг үгүйсгэж, түүнд автахгүй байх хэрэгтэй. Үүний ноцтой нөлөөлөл, хүч чадал байсаар байгаа бөгөөд оршин байсаар байна. Үүний нийлмэл жин, ачаалал нь бидний эрх чөлөө, ардчилсан хөгжилд тээр болохгүй байхад бид анхаарах хэрэгтэй. Гагцхүү сэрэмжтэй, мэдлэгтэй иргэн л энэхүү батлан хамгаалах салбарын цэрэг аж үйлдвэрийн асар том машиныг энхийн зорилгод тохируулж өөрчилж чадах бөгөөд ингэснээр бидний эрх чөлөөт байдал болон аюулгүй байдал нэгэн зэрэг хангагдаж, хөгжих болно.
Манай цэрэг аж үйлдвэрийн салбарыг өргөн хүрээнд нь хамарсан өөрчлөлтийн шалтгааны томоохон нь сүүлийн олон арван жилийн хугацаан дахь технологийн хувьсгал байсан. Энэ хувьсгалд судалгаа гол төв нь байсан бөгөөд судалгааны ажил улам бүр албан ёсны, илүү комплекс, илүү зардалтай болж байна. Улам бүр өсөн нэмэгдэж байгаа зардлыг нь Холбооны засгийн газар улам бүр ихээр үүрч байна.
Өнөөдөр өөрийн цехдээ шинэ технологи нухаж байгаа ганц зохион бүтээгчийг лаборатори, туршилтын талбарт ажиллаж байгаа эрдэмтдийн ажлын хэсгүүд даван гарч байна. Үүний нэгэн адилаар, түүхийн хугацаанд үзэл санаа, шинжлэх ухааны нээлтүүдийн магнайд явж байсан чөлөөт их сургуулиудын судалгаа шинжилгээ хийх арга барилд хувьсгал гараад байна. Маш их зардал, мөнгөтэй холбогддог учраас засгийн газрын гэрээтэй ажиллах нь оюуны сониуч байдлыг нь бараг орлож байна. Хуучны самбар бүрийн оронд одоо хэдэн зуун шинэ цахим компьютер тавигдаж байна. Манай улсын эрдэмтдийн эгнээнд Холбооны засгийн газар, түүний төслүүдэд ажиллаж байгаа эрдэмтдийн тоо давамгайлах байр суурьтай байгаа бөгөөд үүнд мөнгөний нөлөө маш их байна.
Шинжлэх ухааны нээлт, ололтуудыг хүндлэн үзэхийнхээ ялдамд бид олон нийтийн бодлого энэхүү шинжлэх ухаан технологийн элитүүдийн барьцаанд орох вий гэдгээс ямагт сэрэмжилж байх нь зүйтэй. Тиймээс төрийн зүтгэлтэн хүмүүс цаг ямагт эрх чөлөөт нийгэмрүү зорьдог манай ардчилсан систем дотор байгаа, шинэ, хуучин сонирхол, хүчнүүдийг хооронд нь уялдуулж, тэнцвэржүүлэх ёстой болж байна.
Тэнцвэрийг тогтоодог өөр нэг элемент нь цаг хугацаа байдаг. Өөрсдийн нийгмийнхээ ирээдүйрүү шагайн харах юм бол та бид, манай засгийн газар өнөөгийн сэдлээр амьдарч, маргаашийн үнэ цэнэтэй нөөцүүдээ цөлмөж болохгүй. Бид ач гучуудынхаа материаллаг хөрөнгийг, мөн тэдэнд очих улс төр, оюун санааны баялагийг эрсдэлд оруулж болохгүй. Ирээдүйн бүхий л үеийнхэнд ардчилал очоосой гэж бид хүсэж байгаа бөгөөд ардчилал ирээдүйд хий хоосон сүнс сүүдэр болсон байгаасай гэж бид хүсэхгүй.
Бичигдээгүй байгаа, ирээдүйд бичигдэх түүхийн урт замын турш Америк орон дэлхий ертөнц улам бүр агшиж буй цаг үед айдас, үзэн ядалтын орон биш харин харилцан хүндэтгэл, итгэлийн холбоо байх ёстой. Хамгийн сул дорой нь ч уулзалтын ширээнд улс орныхоо эдийн засаг, цэрэг, үзэл санааны хүч чадлаар хамгаалагдан бусад бүх хүний нэгэн итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлтэй ирдэг байх ёстой. Харин өнгөрсөн цаг хугацааны бухимдал, бүтэлгүйтлүүдийн сорви тогтсон уг ширээг зэвсэг хураах үйл ажиллагааны уур хилэнд автан орхин хаяж болохгүй.
Зэвсэг хураах үйл явдал бол харилцан хүндэтгэсэн, итглцсэн, үргэлжлэх ёстой үйл ажиллагаа. Бид ялгаатай байдлыг зэвсгээр биш харин оюун санаа болон зохих зорилгоор бий болгож сурах ёстой. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага маш хурц, тодорхой байгаа тул би энэ салбарт сэтгэл дундуур байгаа байдалтайгаар өөрийн албан ажил үүргээ өгч байна. Дайны дараа үлддэг гуниг, айдсыг биеэрээ туулсан, дахин дайн болох юм бол олон мянган жилийн турш зүдрэн байж алгуур боссон энэхүү соёл иргэншил бүрмөсөн устах болно гэдгийг мэддэг хүний хувьд би мөнхийн энх тайвны бараа харагдаж байна гэж энэ үдэш хэлж юмсан гэж хүсэж байна.
Аз болоход дайнаас ямартай ч зайлсхийж чадсан. Бидний туйлын зорилгоруу чиглэсэн дэвшил алгуураар хийгдсээр байна. Гэхдээ цаашид хийх зүйл асар их байна. Энгийн иргэн хүний хувьд би дэлхий ертөнцийг энэ замаар цаашид замнуулахын төлөө өөрийн хийж чадах өчүүхэн зүйлсийг ч цаашид хийсээр байх болно.
Ийнхүү, Ерөнхийлөгчийн хувиар та бүхэнтэй уулзаж буй сүүлийн үдэш та бүхэн дайны цагт болон энхийн үед олон нийтийн албанд үйлчлэх боломж надад олгож байсанд таларлаа илэрхийлж байна. Миний та бүхэнд үйлчилсэн үйлчлэл үр дүнтэй байсан гэж би итгэж байна. Бусад зүйлийнх хувьд гэвэл ирээдүйд үр дүнг нь улам бүр сайжруулах арга зам та бүхнийг олж чадна гэдгийг би мэдэж байна.
Нутаг нэгт иргэдээ, та бид бүхий л улс үндэстнүүд Бурхны ивээлийн дор энх тайван, шударга ёсны зорилгодоо хүрч чадна гэсэн хүчтэй итгэлтэй байх хэрэгтэй. Бид өөрсийн зарчимдаа хэлбэрэлтгүй үнэнч, хүч чадалдаа итгэлтэй бөгөөд даруу байж улс үндэстнийхээ агуу зорилгуудад тууштай байх болтугай.
Дэлхийн бүх хүмүүст би Америкийн залбиран хүсдэг тэмүүллийг дахин илэрхийлэхийг хүсэж байна: Бид дэлхий дахины бүх арьс өнгийн, олон янзын итгэл үнэмшилтэй бүхий л улс үндэстнүүд өөрсдийн агуу их хэрэгцээг хангаасай, одоо боломжгүй байгаа зүйлс ирээдүйд бүрэн боломжтой болоосой, эрх чөлөөг хүсэж буй бүхэн түүгээр ивээгдээсэй гэж залбирдаг. Эрх чөлөөтэй байгаа хүмүүс мөн түүний хүнд хариуцлагыг ойлгох болтугай, бусад хүмүүсийн эрэлт хэрэгцээнд мэдрэмтгий бус хүмүүс хандив өгч сураасай, ядуурал, өвчин, үл ойшоох байдлын гамшигууд дэлхий дээрээс арилаасай, сайн цаг ирэхэд дэлхийн бүх хүмүүс хамтдаа бие биенээ хүндэтгэн хайрлаж энх тайвнаар зэрэгцэн амьдрах болтугай гэж бид хүсдэг.
Удахгүй, Баасан гаригийн үд дунд би энгийн иргэн болох болно. Тийм болохдоо би бахархалтай байх болно. Түүнийг би хүсэн хүлээж байна.
Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа, сайхан амраарай.
0 Санал хүсэлт:
Post a Comment