Сайны ерөөл дагуулсан шинэ он гарчихлаа. Нас нэмлээ. Хариуцлага ч нэмэгдэж байна. Хол ойргүй, хот хөдөөгүй хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөж байна. Өнгөрснийг нэгэнт буцаан авчирч чадахгүй учир ирээдүйдээ эрч хүчээ, эрдэм ухаанаа зарцуулах нь өлзийтэй. Гишгэсэн мөрөө харах нь чухал ч гишгэх зам мөрөө харах нь бүр чухал. Учир нь бид хойшоо биш урагшаа явж байгаа. Хойшоо харчихаад урагшаа явж нэгэнт чадахгүй шүү дээ.
Бидний олонх нь энэ онд хийх ажил төрөлдөө төвлөрч байна. Амжилтаа ахиулахыг хүсэж байна. Хийх ажилдаа анхаарах нь чухал ч түүнийг гүйцэтгэх ур чадвар, өөрийн давуу тал болон боломждоо төвлөрөх нь бүр чухал. Хөгжил хоцрогдол, дэвшил бууралт, ялалт ялагдал, амжилт бүтэлгүйтэл аль аль нь та бидний бодлын зуршил, сэтгэлгээний хэв маяг, ажлын дадал зуршил, мэдлэг туршлагаас олон зүйл шалтгаалдаг. Иймээс та бидний гүйцэтгэлийг нэмэгдүүлж, амжилтыг ахиулахад тус болох 12 санамжийг санал болгож байна.
Эхлэлийн цэг. Бүх зүйл бидний төсөөллөөс, оюун санаанаас үүдэлтэй хэмээн эртний судруудад өгүүлсэн байдаг. Угаас оюун санааны ертөнцөд шийдэгдээгүй зүйл ахуйн ертөнцөд шийдэгддэггүй. Боломжийн хаалга үргэлж нээлттэй байдаггүй нь үнэн ч түүнийг нээх боломж та бидний бодолд үргэлж байдаг нь үнэн билээ. Чадахгүй, бүтэхгүй, болохгүй гэсэн бодол боломжийн хаалгыг үргэлж цоожилдог. Амжилтын жимээр амар тайван алхах эсэх нь бидний оюун санаан дахь “чадах”, “чадахгүйн” хоорондын тулаанаас эхлэлтэй. Иймээс бодлын зуршилдаа анхаарцгаая. Эрхэм уншигч та юм болгоныг хар бараан, муу муухай талаас нь харж шүүмжлэхийн дон тусчихсан биш биз?. Бодлын зуршил яваа яваандаа байнгûн дадал зуршил болдог. Биологийн зуршил болдог. Бид дадал зуршлийг бий болгодог ч эцсийн дүндээ түүнийхээ боол болон амьдардаг хэмээн Жон Максвел тун онож хэлсэн билээ. Өнөөрдөөс эхлэн хар толгойдоо эргэлдэж байгаа түмэн зүйлийн хар бараан бодлоо хаяж эерэг зөв санаа оноогоор амжилтынхаа суурийг бүтээцгээе.
Эхнээс нь төсгөл хүртэл сайтар төлөвлө. Төлөвлөөгүй амжилтыг л аз гэх байх. Азын тэнгэр хэн нэгнийг байнга ивээдэггүй. Аз түр зуурынх байдаг. Хэсэгхэн хормын жаргал л авчирдаг. Хормын биш байнгын, түр зуурын биш тогтвортой амжилттай ажиллахын тулд хийх ажлаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Ихэнх хүмүүс тархиа биш зүрхээ дагадаг. Тэдний төлөвлөгөө тодорхой биш байдаг бөгөөд саад тотгор учрах үед л шийдвэрээ гаргадаг. Шведийн SIPU агентлагийн судалгаагаар хүмүүсийн 10 орчим хувь нь ажил амьдралаа төлөвлөн удирдаж чаддаг проактив хандлагатай бол бусад нь хоосон мөрөөдөгчид эсвэл хэрэгцээндээ удирдуулсан нөхөд байдаг гэнэ. Бид нэг бол амьдралаа удирдах, үгүй бол урсгалаар явах гэсэн хоёр замын аль нэгийг сонгох болдог. Бэлэнчлэхгүй, урсгалаар явахгүй аливаад бэлтгэлтэй, бодолтой, төлөвлөгөөтэй хандах нь бидний зам. Төлөвлөлт бол төсөөлөл биш. Бодит төлөвлөлт бол төгсгөл хүрэх бүх хувилбаруудыг гаргадаг бол төсөөлөл бол ирээдүйн талаарх хүсэл юм. Сайн төлөвлөлт бол бодолд эргэлдэж буй хийчихмээр олон ажлыг чухлаар дараалуулахад тус болдог. Уншигч та ажлаа хаанаас эхлэхээ одоо хэр шийдэж чадаагүй байгаа бол төлөвлөлтөндөө төвлөрч суугаагүйн шинж. Юуг хийх вэ гэхээсээ илүү юуг хийхгүй вэ гэдгээ та энэ хэсэгт шийдээрэй. Хийх ажлаа хамгийн чухлаас эхлүүлээд цаасан дээр заавал буулгах учиртай. Харин одоо та энэ оны ажлын төлөвлөлтөө тархинаасаа цаасан дээр буулгасан эсэхээ шалгаарай.
Төлбөрөө төл. Сайтар төлөвлчихсөн бол зоригтой эхэл. Зориг дагаж хийморь сэргэдэг юм гэнэ лээ. Эхэлнэ гэдэг ажлын тэн хагас гэдэг. Харин эхлээд явж байтал бидний сонгоогүй хувилбар боломжийн санагдсан ч эргэж буцахгүй байх нь чухал. Бид нэг доор бүхнийг авч чадахгүй учир гаргасан шийдвэрт онох ч юм бий, алдах ч юм бий. Сонголт бүхэн төлөөстөй. Үнэгүй зүйл гэж хаана ч байхгүй, бүгд төлбөртэй гэдгийг санацгаая. Өгөх ёстой зүйлийг нь нэг удаа төлөхгүй байж болох ч хэзээ нэгэн цагт заавал нөхөж төлдөг жамтай. Төлөөс заавал мөнгө байх албагүй. Цаг хугацаа, түүнд зарцуулах цаг, хөлс хүч, эрчим, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл санаа гээд олон зүйлээ зориулахыг шаардана. Бизнес бол хамгийн шударга төлбөртэй үйл ажиллагааны нэг.
Давуу талдаа төвлөр. Хүн бүрт давуу болон сул тал бий. Ямар ч хүн сул талаасаа бүрэн ангижирч чадахгүй учир давуу талдаа төвлөрөх нь хувийн бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг болохыг орчин цагийн менежментийн эцэг П.Дракер олонтаа онцолжээ. Давуу талдаа төвлөрөхийн тулд чаддаг ажлаа чанартай сайн гүйцэтгэхээс эхэлнэ. Нэг сумаар хоёр туулай буудаж болох ч зүрхийг нь зэрэг онох боломж тун бага. Та нэг ордыг өнгөцхөн ухаад өөр орд руу дамжин явснаас баялаг ихтэй нэг л ордыг гүн ухвал ашигтай. Иймээс өөрийн хүч чадлыг сарниулахаас болгоомжилж үргэлж хамгийн сайн хийж чадах ажилдаа төвлөр. Суут ухаантан бусдын хийж байгааг гүйцэтгэж чадна гэдгээ мэддэг учир юм болгон руу савчдаггүй. Аугаа жанжин Наполеон дайсныхаа хамгийн сул тал дээр, өөрийнхөө давуу талд тулгуурлан хүчтэй төвлөрдөг байж. Энэ нь түүний ялалтын нэгэн нууц байсан гэлцдэг. Давуу талдаа төвлөрөх гэдгийг зөвхөн нэг ажлаа удаан хугацаагаар хийнэ хэмээн өнгөцхөн ойлгож болохгүй. Гардан гүйцэтгэж буй ажил үйлсээ зорилготойгоо өдөр бүр нэгтгэж бай. Зарим хүмүүс эрхэлж буй ажлаасаа тэс өөр зүйл мөрөөдөөд ажиллаад байдаг. Үр дүн огт гардаггүй. Яаж ч гарах билээ. Гүйцэтгэж буй үйлсээ бүрэн гүйцэт хийе гэвэл хийж байгаа ажилдаа төвлөр, бодож буй зүйлээ хийх нь өлзийтэй бөлгөө.
Бэрхшээлийг эрхшээлдээ оруул. Аливааг хийж хэрэгжүүлэх алхам тутамд асуудалтай нүүр тулна. Асуудалгүй айл өрх, албан байгууллага, улс орон гэж үгүй. Яагаад гэвэл тэнд хүмүүс байгаа учир. Хүн өөрөөсөө зугтаж үл чадах учир асуудал байсаар байх нь зүй ёсны хэрэг. Асуудал өөрөө бэрхшээл зовлон биш боломж байдаг хэмээн амжилтын ноён оргилууд олонтаа өгүүлжээ. Хөгжил дэвшил бүхэн сүүдэр дагуулдаг шиг асуудал заримдаа өөрчлөлт шинэчлэлийн эх булаг байх нь элбэг. Өвчлөл анагаах ухааны хөгжлийг урагшлуулсан, ажилгүйдэл ядуурал хөгжлийн оночтой бодлогыг бий болгодог шиг асуудал заавал шийдэл дагуулдаг. Хамгийн гол нь асуудлыг хэрхэн хүлээн авч түүнд ямар хариу шийдэл гаргаж байгаа нь жинхэнэ асуудал. Нэг хэсэг нь асуудлаа явцуу таньж буруу хариу үзүүлж “томруулдаг нүдний шилээр” харж байхад нөгөө хэсэг нь байдаг л нэг бэрхшээл гэж үзнэ. Бодитоор шүүнэ. Асуудлаа халтирч танивал аюул, онож оношловол ололт болохыг санацгаая.
Олон толгой нэг зүрх. Орчин үеийн менежментийн хаíдлагаар гав ганцаараа гайхамшгийг бүтээх бараг л боломжгүй. Ганцаараа зүтгэснээс нийлээд хийвэл хэд дахин илүү үр ашиг авчирдаг болохыг бид бүгд мэднэ. Багт “1+1=3” гэсэн агуу дүрэм үйлчилдэг. Олон толгойтой нэг зүрхтэй хэсэг хүмүүсийг жинхэнэ баг гэнэ. Толгой нэг байвал баг биш дарангуйлал болно. Нэг янзаар л сэтгэнэ. Бүтээмж үл ахина. Харин хичнээн олон толгой, өөр өөр байр суурь байсан ч зүрх сэтгэл, хүсэл зорилго нэг байж чадвал хариуцлагатай баг бүрэлдэнэ. Хэвшсэн сэтгэлгээ, тогтсон хандлагыг зад татаж гэмээнэ бүтээл гарна, үр ашиг арвижна. Баг бүтээхийн тулд харилцаандаа хиймэл дүр эсгэхээ багасгаж, сэтгэлийнхээ багийг тайлж байгаагаа ойлголцож сурах хэрэгтэй. Багаа бат бөх байхаар бүрдүүлчихвэл түүнийхээ гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах л үлдэнэ дээ.
Гурван “Д”-тэй зөв харилц. Олуулаа нийлээд ажиллахаар ойлголцохгүй зүйл их гарна. Олон янзын ааш авир илэрнэ. Олонх нь харилцааны бэрхшээл байдаг. Харилцаа бол хамтын ажиллагааг сайжруулдаг эсвэл сааруулдаг гол зүйлсийн нэг. Ихэнх хүн харилцаагаа сайжруулна гэдгийг хэсэг бүлэг хүнд чиглүүлдэг. Даргатайгаа, эсвэл найзтайгаа ч юм уу. Хэсэг бүлэгт таатай, хэсэг бүлэгт хүйтэн хөндий, хахир хатуу ханддаг байж хэрхэвч болохгүй. Даргыгаа даган долигонож, ажилчдаа дарамталж загнадаг байх нь ёсзүйгүй бөгөөд бялдууч хүний шинж. Ажлын байранд ч тэр, амин хувьд ч тэр даргатайгаа, дэргэдээ байгаа найз нөхөд, ижил түвшний менежерүүдтэй, доор байгаа албан хаагчидтай бүгдтэй нь чин сэтгэлээсээ харилцах нь чухал. Бүх хүнтэй нэг л өнгө аясаар, ижил тэнцүү харилц гэж байгаа юм биш. Хүнийх нь хувьд хүнтэтгэн хүлээцтэй сонсож, чин сэтгэлээ санаа оноогоо хэлэх нь чухал. Зөв харилцаж сурахад зөвхөн мэдлэг биш мэдрэмж хэрэгтэй. Зөв цагт, зөв хүнтэйгээ зөв аргаар ойлголцохыг л зөв харилцаа гэх байх.
Өөрийгөө хэрэгжүүл. Өөрийгөө ол, өөрийгөө удирд, өөрийгөө хэрэгжүүл хэмээх эртний мэргэн үг бий. Шинэ он, шинэ сар, шинэ долоо хоногийн эхээр ажил амьдралаа сайжруулахаар өөртөө амлалт өгдөг. Нэг хэсэгтээ л идэхвждэг. Хэсэг хугацааны дараа буцаад хуучин төлөв байдалдаа орчихдог. Бидний ихэнх нь эрч хүчтэй эхлүүлдэг ч хэвшүүлдэг, тогтвортой хэрэгжүүлдэг нь цөөхөн. Тамирчны ялалт эцсийн дүндээ “форм” барихтай салшгүй холбоотой байдагтай адил ажил хэрэгч хүний ажлын амжилт өдөр тутмын дадал зуршилтай холбоотой. Өнөөдөр завгүй байна, тэгж байгаад дараа нь амжуулчихна хэмээх бодол “яаралтайн гайт эргүүлэгт” орчихсоны хурц илрэл. Хичнээн төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжээгүй шалтгаанаа ажил энэ тэндээс оволзоод гэх тайлбар тавих хүнийг хаанаас бол хаанаас олж болно. Ажлын хэмнэл нь унаж боссон, тааралдсан бүхэн рүүгээ савчсан, таалагдсан болгоноо хийхийг хүсвэл эцэс сүүлдээ бухимдлаар дуусна. Хичнээн завгүй мэт байсан ч, хийх хүсэл төрөхгүй байсан ч бүтээх ёстой ажлаа гүйцэтгэх цагт нь хийж сурвал хувийн бүтээмж хэд дахин нэмэгдэнэ. Хийх ёстой зүйлсээ хугацаанд нь хийж хэвшүүлэх, тогтворжуулахад өөрийгөө зориулах нь маш чухал болохыг санаарай.
Жинхэнэ ба хуурамч мэдлэгийг ялга. Мэдлэг их харьцангуй ойлголт. Зарим нэг нь цээжилсэн мэдээ баримтаа мэдлэг гэж ойлгодог байхад нөгөө хэсэг нь мэдлэг олж авах ур чадварыг жинхэнэ мэдлэг гэж үзнэ. Мэдлэг их бага байх нь гол асуудал биш цэгцтэй эсэх нь гол. Хичнээн их мэдлэгтэй ч цэгцгүй бол тус болохоосоо илүү ус болдог. Иймээс “мэдлэг бол хүч” гэсэн Беконы алдарт үгийг “цэгцтэй мэдлэг бол хүч” хэмээн орчин цагт нийцүүлэн ойлгох нь зөв байх. Өнөө цагт мэдлэгийг олж авахад хэцүү биш болсон гэж судлаачид үздэг. Хаанаас бол хаанаас мэдлэгийг олж болно. Дракерийн хэлсэнчлэн “та өчнөөн зүйлийг мэднэ, зүгээр л холбо” гэдэг шиг бөндгөрт байгаагаа хооронд нь холбоход л хангалттай. Мэдлэгийг олж авах нь хялбар байж болох ч түүнийгээ эмхэлж цэгцлэх, үр дүн болгох нь харин хэцүү. Орчин цагт уншсан ном, сурсан сургууль, олж авсан диïломын тоогоор уралдах биш бүтээх чадвараараа, бүтээсэн амжилтаараа өрсөлдөж байна. Иймээс зөвхөн шинэ зүйлд суралцаад байх биш сурснаа хэрэгжүүлэхэд, мэдлэгээ эрэмбýлэхэд цаг гарга. Энэ жинхэнэ мэдлэгтэй болох үйл хэрэгт хөтөлнө.
Тархи ба түрүүвч. Таны толгой ажиллаж л байгаа бол түрүүвч зузаарах учиртай. Та сайн сэтгэж л байгаа бол сайхан амьдрах л учиртай. Аз жаргалтай амьдралын эцсийн шалгуур мөнгө бус ч амьдралыг тэнцвэртэй байлгахад хөрөнгө мөнгө гарцаагүй хэрэгтэй. Бурхны сургаальд хүртэл мөнгө өөрөө муу зүйл биш харин түүнийг буруу замаар олох, эсвэл нүгэлтэй үйлд зарцуулах нь буруу гэж үзнэ. Хэрэгцээгээ хангах, хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд мөнгө шаардлагатай нь маргашгүй. Хүмүүний орчлонд мөнгөөр шийдэж болох бас түүгээр шууд хэмжиж болохгүй олон зүйл бий. Аливаа байгууллага, айл өрхийн мөнгө санхүүгийн багана ганхаад эхэлмэгц бусад зүйлдээ сүүдэр дагуулдаг. Ихэнх хүмүүс энэ бэрхшээлээ шийдэхийн тулд хамгийн түрүүн мөнгө төгрөг хялбар олох бэлэн аргачлалын эрэлд морддог. Хаана ч мөнгөтэй болох бэлэн жор байхгүй. Юуны өмнө мөнгө бол таны бодол санааны сүүдэр, хөдөлмөрийн үр шим гэдэгт итгэх хэрэгтэй. Шуналтай болгонд биш ур чадвартайд нь мөнгө өврөө нээдэг. Мөнгөтэй байх үндсэн хоёр л зам байдаг гэдэг. Эхнийх нь орлогоо тогтмол нэмэгдүүлэх. Удаах нь олсноо хэмнэж гамнаж сурах. Орлого нэмэгдэх нь сайн ч, баялаг биш. Орлогыг бодит баялаг болгох оюун ухаан, ур чадварын хослол л жинхэнэ баялаг. Иймээс мөнгө олохыг хүсвэл өөрийнхөө мөнгө хийж чадах үндсэн давуу талыг олж түүндээ төвлөр. Олсон орлого бүрээсээ хэмнэж гамна. Таныг цаг завгүй байлгадаг ажил тань өгөөж өгөхгүй, орлого чинь олигтой нэмэгдэхгүй, олсноо тогтоож чадахгүй байгаа бол хувийн санхүүгийн менежментдээ анхаарах болсныг сануулья.
Хүн чанар ба бүтээмж. Газарт унаж шороонд хутгалдсан мөнгийг түрүүвчиндээ хийх зуураа би ямар азтай байнаа гэж боддог атлаа гудманд яваа ядруухан эмээгийн хүнд ачааг өргөлцөх болохоороо би яасан азгүй байнаа, эмээтэй тааралдах гэж гэж боддог хүмүүс хаа сайгүй бий. Мөнгө хог шороотой хутгалдсан ч үнэ цэнээ алдахгүй байхад хүмүүс бид хүн чанараа гээсээр байна. Хийж буй ажлынх нь зэрэг зиндаагаар нь бие биендээ ханддаг болж. Амин хувийн ашиг сонирхлоо эхэлж бодох нь ёс мэт болж. Ашиг сонирхлын зөрчил ажил хийх зуур тохиолдолгүй яахав. Гэхдээ бүх зүйлд хувиа бодон довоо шарлуулах, өөрийгөө болгочихоод дараа нь бусдыг бодох нь дэндүү аминчхан санагддаг. Угаасаа бүрэн төгс болчихлоо гэх бодол надад огт төрж байгаагүй. Иймээс бие биенээ хамтдаа засаж сайжруулах нь хүмүүний зан чанар, уужуу тайван бодол, ухааралтай холбоотой. Хүний чанар гадна нь биш дотор нь оршдог. Эхлээд бид бусдыг гаднаас нь дүгнэдэг, дараа жинхэнэ чанарыг дотроос нь олж хардаг шүү дээ. Бид хоёр амьдрахгүй. Бидэнд холын бодол хэрэгтэй болохоос хоёр зан хэрэггүй. Ажлын бүтээмж нэмэгдэж, ашиг орлого дээшилсэн ч ааш авираа өөрчилж болохгүй. Хөрөнгө чинээ нэмэгдлээ гээд хүн чанараа гээж болохгүй. Нэг л амьдрах учир нэр төртэй байцгаая. Нэг нэгийгээ дэмжицгээе.
Эрүүл мэнд эмнэлэгт байхгүй. Өнгөрсөн жил Апплийн ерөнхийлөгч Стив Жобс хорт хавдрын улмаас хорвоог үүрд орхисныг бид мэднэ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэнийг ч авч явж чаддагийн жишээ энэ. Хичнээн их мөнгө, алдар нэр, эрх мэдэл, эрдэм ухаан байгаад тусыг олсонгүй. Ер нь хаа газрын хамгийн төгс эмчилгээ бол өвчилсний дараа нь биш өмнө нь урьдчилан сэргийлэх идэхвтэй алхам л байдаг. Хэрвээ хэн нэгний хийж буй ажил бие сэтгэлийг тань туйлд нь тултал ядраадаг, эсвэл эрүүл мэндийг муутгаж байгаа бол үргэлжүүлэн хийх эсэхээ бодоорой. Аливаа бизнес, ажил хэргийн үр дүн эрүүл мэнд доройтуулж, дундаж насыг доошлуулдаг байх учиргүй. Эрүүл бол жаргал, эрүүл мэнд бол баялаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ өвдсөнийхөө дараа л ихэнх нь ухаардаг. Эрүүл байхын тулд эрүүл мэндийн талаар эрүүл зөв мэдлэгтэй болохоос эхэлнэ. Эрүүл мэнд эмнэлэгт, эмийн санд байдаггүй бидний өдөр тутмын дадал зуршилд оршдог. Уур бухимдал, стресс, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл хүний эмнэлэг явах гурван үндсэн шалтгаан болдог гэнэ. Иймээс хоолыг эм мэт хэрэглэхгүй бол хожим хойно нь эмийг хоол мэт хэрэглэх аюултай тул зөв хооллоход анхаарцгаая. Уурлаж бухимдаад, орилж хашгираад юу ч өөрчлөгдөхгүй байж болох ч нас чинь богиносож, нүүр тань үрчийдэг болохыг санацгаая. Хүн хөгширч биш хөшиж, хөдөлгөөний дутагдлаас болж хорвоог орхидог тул хааяа ч гэсэн явган явж хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулан бусдад буян болцгооё.
Энд хүрээд 12 санамж өндөрлөж байна. “Хүн ухаантай ч хэлэхээс нааш...” гэсэн мэргэн санаа байдаг. Эх орон, эх нутаг, элгэн садандаа оруулж чадах бидний хувь нэмэр бол эрүүл мэнддээ, эрхэлж буй ажилдаа эзэн байхаас улбаатай. Энэ улс оронд чинь эрүүл “Монгол хүн”, эрхэлсэн ажилдаа эзэн байж чадах “Монгол хүн” хамгаас хэрэгтэй байна.
Эх сурвалж: www:lector.mn
СЕО Коллеж багийн гишүүн. Цэндийн Баатархүү
0 Санал хүсэлт:
Post a Comment