Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Mar 30, 2011

Хэнийг ч гомдоохгүй
Хэнийг ч хуурахгүй
Хэнд ч худлаа хэлэхгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Сайн хүнийг хамгаалж
Зөв бүхнийг дэмжиж
Аливаад чин сэтгэлээсээ хандаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Үнэний төлөө тэмцэж
Хүчгүй хүнийг өмгөөлж
Буруу бүхнийг засаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мөнгөнд хэт их шуналгүй
Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ



Миний л төлөө цохилох Ээжийнхээ зүрхийг шархлуулалгүй
Миний л төлөө залбирах Аавынхаа сэтгэлийг зовоолгүй
Намайг л гэх хүмүүсийн итгэлийг алдалгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Магтсан ч хамраа сөхөхгүй
Муулсан ч гутлаа ширтэхгүй
Мөрөөдсөн ч мөнгө төлөхгүй
Махийсан ч нуруу алдахгүй

Өөрөө шатаж өөрийлийг дулаацуулсан
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мэддэг чаддаг гэж хамар сөхөлгүй
туслаж зөвлөж хуваалцаж чаддаг
өгсөн болгондоо хариу нэхэлгүй
өгөөмөр сэтгэлдээ өөрөө урамшдаг
би хүн шиг л хүн байхыг хүснэ
Хүн байх гэдэг
Хүнд харагдах царайгаар биш
Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
Харагдаж, бас танигддаг юм

Айхгүй нь энэ гэж арзаагаагүй
Айлгүй нь дэндэж нялуураагүй
Бодсоноо нүүрэндээ наагаад
Бор зүрхээрээ явах

Буруу, зөв нь сонин биш
Бусдыг дагаж хошуураагүй
Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
Хүн байхыг хүснэ, би

Алдъя гэж алдаагүй алдаанаасаа
Амьдралд суралцах мөртөө
Алдаагаа давтахаас бас айхгүй
Аатай, бас гүндүүгүй

Хүний хорвоод амьдрахдаа
Хүний төлөө л явж
Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж яараагүй
Өрөвч сэтгэлтэй хүн байхыг хүснэ, би

Хүсэлийг минь чөдөрлөсөн их хүсэл дунд ч
Хүн биеийг минь эзэмдсэн их мөнгөн дунд ч
Халуун залуу насыг минь сүлсэн хайран дунд ч
Хамаагүй цацсан цагаан инээдэнд дунд ч
Хамгийн сүүлд захиас үгээ хэлж байхдаа ч
Би хүн шиг Хүн байхыг хүснэ....

0 Санал хүсэлт: