Н.Тайванжаргал : Өглөөний монгол

Mar 14, 2011

Манхан уулсын оройд нар тусахаас өмнө адуундаа мордохдоо
Мандаж байгаа наран зүг морьтойгоо давхиж зүгээн гаргадаг өглөөний монгол би
Малын мөртэй өглөөний талд нар тусаагүй байхад 
Малгайныхаа сорон дээр нар тусахыг үздэг эртэч монгол би

Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн 
Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би 


Нарийн сультай өвс шүүдрээ гөвөөгүй байхад гаталж өнгөрөхдөө
Нарнаас өрсөж ирээдүйрүүгээ морьтойгоо давхисан өглөөний монгол би
Нас насандаа нарнаас өрсөж мандсан 
Надаас түрүүлж нар манддаггүй эртэч монгол би

Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би 
Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би 


Үүлэн тэнгэрээс сар буугаагүй байхад уяан дээрээсээ мордож
Үүр хаяарсан тэнгэрийн доор нар мандахыг үздэг өглөөний монгол би
Өглөөний нар надаас хэзээ хойно мандахдаа
Үргэлж надад атаархдаг дэндүү эртэч монгол би

Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн 
Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би 

Тэнгэрийн хаяаруу өглөө эрт морьтойгоо давхихад минь
Тэртээгээс нар мандаж намайг хардаг өглөөний монгол би 
Тэнүүн талын өглөөний шүүдэр морины сагаг норгохдоо
Тэндээс нар мандана гэж надтай хамт хүлээдэг эртэч монгол би

Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би 
Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би 

0 Санал хүсэлт: